Энэтхэг, Бихар муж, Бодгаяа - Дээрхийн гэгээнтэн Далай лам өчигдөр Бодгаяад айлчлан ирж, өнөө өглөө Махабоди хийдэд морилон Бурхан багшийн төгс гэгээрлийн орон болох Очирт сууринд залбирал талбив. Тэрбээр Гандан Пэлжээлин хийдээс гол хаалга хүртэл гольфийн тэрэг хөлөглөн явсан нь гудамжаар эгнээлэн зогсох сүсэгтнүүдийг харах боломжтойн дээр сүсэгтнүүдэд ч Дээрхийн гэгээнтнийг харах боломжтой байлаа. Бодгаяа хийдийн менежментийн зөвлөлийн дарга Нанзай Доржэ түүнийг гүн хүндэтгэлтэй угтан авлаа.
Тэрбээр шатаар болгоомжтой буун, хийдийн орой дээр сүндэрлэх суварга тийш харан залбирал талбив. Мөн түүнчлэн Бурхан багшийн гэгээрлийг олсон Боди мод руу хараа сунгалаа. Тэрбээр түүнийг харах гэсэн сүсэгтнүүдийг инээмсэглэн харж баруун зүүн тийш гараараа даллан мэндчиллээ.
Дээрхийн гэгээнтэн Бурхан багшийн төгс гэгээрлийг олсон Бодь модонд мэхийн хүндэтгэл үзүүлэн, цааш үргэлжлүүлэн хийдийг гороолж тэгэхдээ чулуун хашаагаар цухуйх хөгшин залуу сүсэгтнүүд рүү инээмсэглэн харж гараараа далласан.
Тэрбээр Их бодийн сүмд заларч Бурхан багшийн адистид шүтээний өмнө сууж уншлага уншиж, залбирал өргөв. Дээрхийн гэгээнтний хамт Намжил хийдийн болон Теравада уламжлалын хуврагууд байлаа.
Бурхан багшийн адистид шүтээнд Бодгаяа хийдийн менежментийн зөвлөлийн энэтхэг лам шар торгон өмсгөл асаан, өргөл үйлдэв. Дээрхийн Гэгээнтэн болон Намжил хийдийн хуврагууд Гурван үест залбирал, Билиг билгүүний зүрхэн судар, Шүтэн барилдлагын магтаал, Наландарын 17 бандидад өргөсөн залбирал, Төвөдийн буддын уламжлалуудын эв нэгдлийн төлөөх залбирал, Чухаг дээд гурван эрдэнийн өлзий хутгийн ерөөл болон Дээрхийн Гэгээнтний өлмий бататгах залбирлыг уншицгаалаа.
Уншлага залбирлын төгсгөлд зориулга ерөөл талбив.
Бодийн дээд эрдэнийн сэтгэл
Төрөөгүй нэгэнд нь төрөх болтугай
Төрсөн нэгэнд нь эс доройтож
Улам бүр өөдөө дэлгэрэх болтугай.
Заагч Бурхан ертөнцөд залран
Шашин нарны гэрэл мэт тодрон
Шашныг баригч нар өмөг садан мэт зохилдон
Шашин өнөд удаан оршихын өлзий хутаг орших болтугай.
Зураг: 2022 оны 12-р сарын 23-ны өдөр Энэтхэгийн Бихар мужийн Бодгаяа дахь Махабодийн сүмийн хажууд цугласан сүсэгтнүүдтэй Дээрхийн Гэгээнтэн Далай лам мэндчилж буй нь.
Дээрхийн Гэгээнтэн гороогоо дүүргээд Их бодийн сүмийг орхин, шатаар өгсөн үүдээр гарч Гольфийн машинд суун Гандан Пэлжээлин хийдийг зорин одлоо.