Энэтхэг, Бихар муж, Бодгаяа - Өглөө эрт манантай, өвлийн жихүүн агаар орж ирэхэд Дээрхийн гэгээн Далай лам Гандэн Пэлгийлинг хийдээс Махабодь суварга хүртэл бяцхан аялал хийв. Тэрбээр Важра Асана, Бодь модонд мөргөөд, олон нийтээр дүүрэн байсан цэцэрлэгээр тойрон алхаж, сүмд орон, Бурхан багшийн алдарт хөргийн өмнө зул асаан залбирав.
Дээрхийн гэгээн Далай лам Төвөдөд цэцэглэн хөгжиж буй буддын шашны Ларунг Гар нийгэмлэгийн эргэн тойронд цугларсан нэрт Ньингма лам Хэнпо Жигмэ Пунцагийн бурхны оронд заларсан өдөрт зориулан Махабодь суваргад болж буй мөргөлд нэгдэж буй нь... Бодгаяа, Бихар, Энэтхэг. 2018 оны 1 дүгээр сарын 13. Гэрэл зургийг: Дэнзин Чойжор
Дээрхийн гэгээн Далай лам тойрон алхаад, хүмүүстэй мэндчилэн явсаар Бодь мод руу харан суудлаа эзэллээ. Тэрээр уншлага удирдагч ламыг даган, төвөдийн Ларунг Гар хийдийн ойролцоо олноороо цугласан Ньингма урсгалын алдарт багш Хэнпо Жигмэ Пунцагийн тэнгэрт дэвшсэний 15 жилд зориулсан залбиралд нэгдлээ.
Махабодь суваргад таалал төгссөн Хэнпо Жигмэ Пунцагийн төлөө залбирч буй сүм хийдийн гишүүд. Бодгаяа, Бихар, Энэтхэг. 2018 оны 1 дүгээр сарын 13. Гэрэл зургийг: Дэнзин Чойжор
Дээрхийн гэгээн Далай лам хорь орчим минут залбирсны дараа төвөдийн сүм рүү буцаж, Гэлүгва урсгалын хамба лам нар, багш нартай хийж буй уулзалтад оролцов. Шарцэ хийдийн хуучин хамба Жанчуб Чөдэн Дээрхийн гэгээн, Гандэнгийн ширээт лам болон хүндэт зочдыг угтан мэндчилэв. Үүний дараа Три Ринбүүчи уулзалтыг нээж үг хэлэхдээ “Энэ эрин цагт Дээрхийн гэгээн айлдвар сургаал айлдаж, авшиг хайрлаж буй мөн Гэлүгва урсгалын Монламын арга хэмжээ Бодгаяад болж буй тул бид Гэлүгвагийн боловсролын чанарыг хэрхэн сайжруулах талаар хэлэлцэх нь зүйтэй” хэмээн онцоллоо. Тэрээр мөн Дээрхийн гэгээн Далай ламд сургаал номлолд талархаж, урт удаан наслахыг ерөөв.
“Буддын сургаал нь зөвхөн сүсэг бишрэлийн үндсэнд бус, логик, шалтгаан үндэслэл дээр тулгуурлан оюун ухааныг номхотгох явдал юм. Гэвч Төвөдөд үүнд төдийлөн анхаарал хандуулж байсангүй. Харин лам нарын үүрэг нь гүнзгий судалгаа, боловсрох явдал байв. Бид 1959 онд дүрвэснээс хойш хийдүүд боловсролын төвүүдээ сэргээсэн. Анх 1973 онд Европт очсоны дараа л бид бусдаас суралцах боломжтой болсон бөгөөд тэд ч биднээс их зүйл сурч болохыг ойлгож эхэлсэн юм.
Сонгодог энэтхэг судруудад буддын бус үзлийн тухай уншдаг. Бидэнд боломж байгаа дээр нь тэдгээр үзэл бодлыг тээж буй хүмүүсийг урьж, бидэнтэй мэдлэгээ хуваалцуулахыг хүсэх хэрэгтэй. Бид уламжлалаа зуун зуунаар хадгалсан ч хөгжүүлэлт муутай л байна. Олон хийдэд зөвхөн өөрийн хийдийн сурах бичигт тулгуурлах хандлага давамгайлж, Жэ Ринбүүчи болон энэтхэгийн сонгодог зохиолуудыг орхигдуулсан байна. Судалгааны хүрээгээ тэлэх хэрэгтэй. Жишээ нь, Гэлүгва урсгалынхан Ньингма урсгалын сургаалд анхаарч, харин Ньингма урсгалынхан Гэлүгвагийн номлолыг судлах нь зүйтэй. Уламжлалаа дахин сэргээх шаардлагатай байна. Өнөөдрийн сэтгэл ханамж ирээдүйд асуудал дагуулах магадлалтай. Бид одоогийн нөхцөл байдалдаа үнэлгээ өгч, өөрчлөх боломжтой, дутагдал, бэрхшээл байвал шийдвэрлэх хэрэгтэй”.
Дээрхийн гэгээн Далай лам төвөдийн сүмд хийх уулзалтын үеэр Гэлүгва хамба лам нар болон багш нартай Гэлүгвагийн эрдэм номын сан дахь боловсролыг сайжруулах арга замын талаар ярилцаж байна. Бодгаяа, Бихар, Энэтхэг. 2018 оны 1 дүгээр сарын 13. Гэрэл зургийг: Дэнзин Чойжор
Хурлын үеэр хорь гаруй жил суралцсан ч энэ нь түүний эрэлхийлсэн дотоод өөрчлөлтийг авчирсангүй гэж үзсэн нэгэн гэвшийн хариуд Дээрхийн гэгээн тэтгэлэгт хамрагдахаас гадна бодит туршлагатай хүмүүс яаралтай хэрэгтэй гэдэгтэй санал нэгдэв.
Өөр нэгэн багш Монголд үүсээд буй хүндрэлийн талаар дурдав. Монгол бол Гэлүгва урсгалын уламжлалт хүчтэй төв боловч Долгиал тахилга дэмжигчид өөрсдийгөө Гэлүгийн "чихэнд шивнэх" уламжлалыг жинхэнэ эзэмшигчид хэмээн төөрөгдүүлжээ. Мөн Христийн номлогчид боловсрол, эрүүл мэндийн салбарт үйлчилгээ үзүүлж, тухайн газар нутгийн хүмүүсийг шашиндаа урвуулахыг зорьдог. Дээрхийн гэгээн Далай лам энэ мэт явдлыг шүүмжилж, өөрөө Христосын уламжлалт оронд буддын шашныг сурталчлах нь хэрхэвч зохимжгүй хэмээн нэн болгоомжтой ханддагаа тайлбарлав.
Уулзалтын төгсгөлд Дээрхийн гэгээн Далай лам хэлэхдээ, “Олон хийдийн эрдмийн төвд гүнзгий судлалын уламжлал маш сайн сэргэж чадсан хэдий ч орчин үеийн сургуулийн сурагчдын сонирхлыг татахгүй байгаа бололтой. Учир нь тэдний зорилго, хүсэл мөрөөдөл нь улам бүр барууны ертөнц рүү чиглэж байна. Энэ нь бидний анхаарах асуудал мөн” хэмээжээ.
Орчуулсан Т.Ялгуун