Тэгчин Чойлин, Дарамсала, Химачал Прадеш, Энэтхэг – Дээрхийн гэгээнтэн Далай лам Мексик улсын түүхэнд анх удаа эмэгтэй ерөнхийлөгчөөр сонгогдсон хатагтай Клаудиа Шейнбаумд баяр хүргэж, захидал илгээжээ.
Тэрбээр захидалдаа “Эмэгтэйчүүд бусдын сэтгэлийг илүү мэдэрч, нинжин сэтгэлтэй байдагт би итгэдэг. Эдгээр шинж чанаруудыг хамгийн түрүүнд хайрт ээжээсээ сурсан билээ. Орчин үеийн шинжлэх ухаан ч гэсэн эмэгтэйчүүд өрөвч, мэдрэмтгий, бусдын зовлон шаналлыг илүү сайн ойлгодог болохыг нотолсон. Тиймээс ч миний хувьд үргэлж эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжсээр ирсэн. Хэрвээ дэлхийн удирдагчдын дийлэнх нь эмэгтэй улстөрчид байвал бидний амьдарч буй ертөнц илүү ойлголцолтой, энх тайваны орчин болох байсан гэдэгт гүнээ итгэдэг. Хүн төрөлхтний түүхэнд ихэнх дайн дажныг эрчүүд өдөөсөн бол эмэгтэй хүн үргэлж сайн сайхны төлөө санаа тавьсаар ирсэн” хэмээн өгүүлжээ.
Мөн тэрбээр “Мексикт хийсэн айлчлалуудын үеэр хүн төрөлхтний нэгдмэл чанар, шашин хоорондын эв зохицол, хүний үнэт зүйлсийг сурталчлах хүчин чармайлтыг минь танай ард түмэн машид хүндэтгэн, ихээхэн сонирхож байсан нь надад урам зориг өгсөн” гэв.
Дээрхийн гэгээнтэн захидлынхаа төгсгөлд хатагтай Шейнбаумд Мексик улс болон дэлхий даяар аз жаргалыг бэхжүүлэхэд үйлсэд нь тулгарах боломж, сорилт бэрхшээлийг ухаалгаар даван туулж, амжилттай ажиллахыг хүсэн ерөөв.
Орчуулсан Р.Манлай