Тэгчин Чойлин, Дарамсала, Химачал Прадеш, Энэтхэг – Дээрхийн гэгээнтэн Далай лам Монгол Улсын Ерөнхий сайдаар сонгогдсон Гомбожавын Занданшатарт баяр хүргэж, захидал илгээжээ.
Тэрбээр захидалдаа “Танай улсад анхны удаа айлчлах боломж 1979 онд надад тохиосон билээ. Тэр үеийн болон түүнээс хойших хэд хэдэн айлчлалын дулаахан дотно дурсамж миний сэтгэлд гүнээ хадгалагдсан хэвээр. Монголын ард түмэн, тэр дундаа ахмад буурлууд, залуу хойч үеийнхэн хүний язгуур үнэт зүйлсийг дэмжин хөгжүүлэх, уламжлалт буддын мэдлэгийг орчин үеийн боловсролтой хослуулахыг эрмэлзэж байдаг нь надад ихээхэн урам зориг өгдөг.
Монгол, Төвөдийн ард түмэн ахан дүүсийн дотно харилцаатай байсаар ирсэн. Гуравдугаар Далай лам Сономжамцын үеэс хойш бид Монголын ард түмэнтэй өвөрмөц, онцгой холбоог тогтоосон.
Монголд хийсэн айлчлалуудынхаа үеэр дурдаж байсанчлан хэдийгээр танай улсад бусад төрлийн шашин шүтлэг, урсгалууд дэлгэрч байгаа ч монголчуудын түүхэн онцлог, соёл, оюун санааны амьдралыг тодорхойлж ирсэн гол хүчин зүйл нь буддын шашин билээ. Бурхан багшийн сургаальд энэрэн нигүүлсэх, хүч үл хэрэглэх зэрэг хүмүүний язгуур чанарыг чухалчлан номлодог. Та болон танай Засгийн газар хүмүүнлэгийн эдгээр үндсэн үнэт зүйлсийг үргэлжлүүлэн, хайрлан хамгаална гэдэгт итгэлтэй байна.
Монгол Улс сүүлийн жилүүдэд бүхий л салбарт ахиц дэвшил гаргасныг би бишрэн хүндэлдэг. Ийм өргөн хүрээтэй ололт амжилтууд нь ялангуяа нэн ядуу, эмзэг бүлгийн иргэдийн амьдралд бодит өөрчлөлт авчирч чадвал илүү гүн утга агуулгатай болох нь гарцаагүй” хэмээн өгүүлжээ.
Дээрхийн гэгээнтэн захидлынхаа төгсгөлд Монголын ард түмний итгэл найдвар, хүсэл тэмүүллийг биелүүлэх их үйлсэд нь шинэ Ерөнхий сайдад амжилт хүсэж, ерөөл өргөлөө.
Орчуулсан Р.Манлай