Бурхан багшийн мэндэлсэн, гэгээрэлд хүрсэн болоод их нирваан дүрийг үзүүлсэн өлзий дэмбэрэлт энэ өдрийг тохиолдуулан дэлхийн өнцөг булан бүрд суугаа бурхны шашинт ахан дүүстээ мэндчилгээ дэвшүүлж буйдаа машид баяртай байна.
Судар номд Важрасана буюу “Очирт сэнтий” хэмээн нэрлэдэг Бодьгаяа бол бидний энэрэн нигүүлсэгч оюун санааны уламжлалыг үндэслэн номлосон Шагжамүни Бурхан багштай холбоотой, бурхны шашны мөргөлийн хамгийн ариун нандин газар билээ. Тэрбээр энд гэгээрэлд (Махабоди) хүрснийхээ дараа “Хутагтын дөрвөн үнэн”, “Гэгээрэлд хүргэх гучин долоон зүйл” болоод бусад сургаалаа айлдсан билээ. Түүний сургаалын гол утга нь сансар огторгуй мэт хязгааргүй олон хамаг амьтны тусын тулд сэтгэлээ номхотгон төлөвшүүлэхэд оршиж буй юм.
Бурхан багшийн сургаалын зүрх нь энэрэн нигүүлсэхүй, билиг ухааныг хослуулан дадуулах явдал юм. Гэгээрэлд хүрэхийн төлөөх бусдыг эрхэмлэсэн сэтгэл буюу бодь сэтгэлийг бясалгах нь түүний бүх сургаалын мөн чанар билээ. Бид бусдын сайн сайхны төлөө санаа тавих тусам тэднийг өөрсдөөсөө ч илүү эрхэмлэн үздэг болно. Мөн бид бие биеэсээ харилцан хамааралтайгаа ухаарч, өнөөдөр дэлхий дээр амьдарч буй 8 тэрбум хүн бүгд жаргалтай байхыг хүсэж, зовлон зүдгүүрээс ангижрахыг эрмэлздэгээрээ адилхан гэдгийг санах болно.
Иймээс энэхүү онцгой өдрийг тохиолдуулан оюун санааны ахан дүүс та бүхнийг энэрэнгүй, халуун дулаан сэтгэлтэй байж, бусдын сайн сайхны төлөө өөрийгөө зориулан, амьдралаа утга учиртай өнгөрүүлэхийг уриалж байна. Халуун дулаан сэтгэл бол дэлхий ертөнцөд амар амгалан, эв нэгдлийг тогтоох түлхүүр юм.
Залбирал болоод сайн сайхан ерөөлийг өргөе.
Дээрхийн гэгээн Далай лам










