Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Compassion and Human Values
  • World Peace
  • Environment
  • Religious Harmony
  • Buddhism
  • Retirement and Reincarnation
  • Tibet
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Ладакчуудад "Мөрийн гурван эрхэм" номын талаар айлдлаа 2025 он 7 дугаар сар 30

Түгээх

Энэтхэг, Ладак муж, Занскар, Карша Повран - Өглөө эрт Занскар голын хөндийд наран ээнэ. Дээрхийн гэгээн Далай ламын сэнтийг Карша Повраны тагтан дээр, Карша хийдийн өөдөөс харуулан засчээ. Айлдвар сонсохоор цугласан 21,000 орчим хүнээс лам хуврагууд түүний ард байрлах дуганд, энгийн хүмүүс урд талаар газарт шүхэр барин сууцгаажээ. Дээрхийн гэгээнийг хүрэлцэн ирэх үед сургуулийн сурагчид, лам, гэлэнмаа нараас бүрдэх хэд хэдэн бүлэг мэтгэлцэж байлаа. Тэрбээр цугласан олныг тойруулан харж, инээмсэглэн гар даллаад, сэнтийдээ заларлаа.

Зураг. Дээрхийн гэгээн Далай лам Карша Повранд айлдварыг нь сонсохоор цугласан 21,000 орчим хүний хамт. Энэтхэг, Ладак муж, Занскар. 2025 оны 7 сарын 23. Зургийг: Тэнзин Чойжор.

"Билгүүний зүрхэн судрыг" төвөд хэлээр, дараа нь "Илт онохуйн чимэг" -ээс уншлаа. Залгуулаад бүх л орчлон ертөнцийг бэлгэдсэн мандал өргөсний дараа доорх залбирлыг уншив:

Агуу Номын хэнгэргийн дуунд

Амьтны зовлон арилах болтугай.

Та бээр сэтгэшгүй зуу зуун галавт заларч

Номын хүрдийг эргүүлэх болтугай.

Айлдвараа эхлэхийн өмнө Дээрхийн гэгээн занскар үндэсний лам малгай өмсөж үзүүлсэн нь нутгийн иргэдийг хөгжөөж, цугласан олон шуугилдан алга ташив.

Зураг. Дээрхийн гэгээн Далай лам Карша Повран дахь айлдварынхаа өмнө занскар малгай өмсөж үзүүлэв. Энэтхэг, Ладак муж, Занскар. 2025 оны 7 сарын 23. Зургийг: Тэнзин Чойжор.

“Өнөөдөр Энэтхэгийн энэ хязгаар нутагт бид номын айлдвар сонсохоор цуглаад байна. Бурхан багшийн сургаалыг хүн бүрд танилцуулах нь миний зорилго юм. Цаст уулсаар хүрээлэгдсэн Төвөд оронд буддын шашин дэлгэрсэн боловч одоогийн байдлаар бид эх орноо алдчихаад байгаа. Гэсэн хэдий ч Төвөдөд бидний хадгалж үлдсэн Бурхан багшийн бүрэн сургаал одоо Хималайн бүс нутагт түгэн дэлгэрч байна. Бурхан багшийн сургаал удаан хугацаанд цэцэглэн хөгжих болно. Хүмүүс нь илүү шинжлэх ухаанч хандлагатай байдаг барууны орнуудад бидний уламжлал олон хүний анхаарлыг татаж байна.”

“Сэтгэл оюуныг хувирган өөрчлөх нь бидний хувьд шинэ зүйл биш ч дэлхийн бусад улс орнуудад Бурхан багшийн сургаалыг шинээр сонирхож байна.”

“Бид ‘Бурхан дор аврал одуулъя…’ гэж хэлэхдээ Бурхан гэдэг үг ямар утгатайг мэдэж байх хэрэгтэй. Төвөд хэлний ‘сан-жай’ гэдэг үгийн эхний үе нь хор хөнөөлтэй сэтгэл хөдлөлүүд, тэдгээрийн үлдэгдэл сэлтийг оруулаад бүх хир буртгийг ялан дийлсэн нэгнийг, хоёр дахь үе нь хоёр үнэн зэрэг мэдэх ёстой бүхнийг тодорхой харж чадаж буйг илэрхийлдэг. Иймээс Бурхан гэдэг бүх сөрөг зүйлийг даван туулж, мэдэж болох бүхний талаар бүрэн, тодорхой мэдлэг олж авсан бодгаль юм.”

“Чой буюу төвөдөөр ном хэмээх үг нь таныг хамгаалж буй зүйлийг илэрхийлдэг. Юунаас хамгаалах вэ гэдгийг бид судалж, олж мэдэх хэрэгтэй.”

“Бурхан багш юун түрүүнд Хутагтын дөрвөн үнэнийг номлож, эцэстээ их нирваанд орох хүртлээ асар их сургаал номлол айлдсан. Цаг хугацааны явцад Нагаржунай зэрэг их багш нар эдгээр сургаалыг учир шалтгаан, логикийн үүднээс тайлбарласан байдаг.”

“Буддын шашин Төвөдөд Соронзонгомбо, Тэсриндэнзэн хаадын үед түгэн дэлгэрснээс сүүлийнх нь Шантарагшида, Гамалашила, ловон Бадамжунай нарыг Төвөдөд урьж, судар, дандрын онол, бясалгалын сургалтыг таниулан нэвтрүүлжээ.”

Зураг. Занскар хотын Карша Повран дахь айлдварын үеэр Дээрхийн гэгээн Далай ламыг өргөн дэлгэцээр харж буй хэсэг хүмүүс. Энэтхэг, Ладак муж, Занскар. 2025 оны 7 сарын 23. Зургийг: Тэнзин Чойжор.

“Ном гэдэг нь сэтгэл оюуныг сургахтай холбоотой болохоос сүм хийд, суварга барих хэрэг биш. Энэ бол сэтгэл оюуныг өөрчлөн хувиргах гэсэн үг. Жишээлбэл, хэрэв та тэвчээрийг хөгжүүлж чадвал сэтгэлээр унахгүйгээр бэрхшээл, хүндрэлтэй асуудлуудыг даван туулах чадвартай болно. Та Бурхан багшийн мөрдөж, заасан зам мөрийг дагах зоригтой болно.”

“Зовлон гэж юу болох, яагаад үүсдэгийг ойлгох хэрэгтэй. Сая хэлсэнчлэн сургаал ном бидэнд бэрхшээлтэй нүүр тулгарах зоригийг өгдөг. Миний хувьд багш нарынхаа сайхан сэтгэлийн ачаар хүүхэд наснаасаа Бурхан багшийн сургаалыг судалсан. Анхандаа би сургаалуудын зорилгыг ойлгож үнэлдэггүй байсан ч өсөж томрохын хэрээр тэдгээр нь миний амьдралд хэчнээн үр ашигтай, хэрэгцээтэй болохыг ойлгож эхэлсэн. Янз бүрийн сорилтуудтой тулгарах үед миний оюун санааны мэдлэг үнэхээрийн чухал нөлөө үзүүлсэн билээ. Сургаал номыг ухаж ойлгох нь таныг тайван байдлаа хадгалахад тусална.”

“Миний үндсэн дадал бол сэхээрсэн бодь сэтгэл хийгээд хоосон чанарын үзлийг хослуулан дадуулах явдал юм. Хоосон чанарыг ойлгохын тулд задлан шинжилдэг бөгөөд энэ арга надад үнэхээр тустай байдаг.”

“Бурхан багшийн сургаалд юу заадаг вэ? Энэ нь танд түгшүүртэй сэтгэл хөдлөлүүддээ авталгүйгээр оюун санаагаа удирдан өөрчлөх боломжийг олгоно. Хамгийн чухал нь сургаалыг судалж, ойлгож, хэрэгжүүлэх явдал юм.”

Дээрхийн гэгээн Карша хийдийн доор шинээр сүндэрлэсэн Бурхан багшийн аварга том сэрэг дүрийг заагаад, Бурхан багшийн дүрсийг харах үедээ бид түүний зааж сургасан сургаалын талаар бодох хэрэгтэй хэмээн тайлбарлав. “Би алс холын Амдод төрөөд, Лхас хотод очиж, ном сургаалыг сонсож, эргэцүүлж, амьдралдаа хэрэгжүүлсэн. Бурхан багшийн сургаалыг хэрэгжүүлснээр бид зөвхөн өөрсдийн оюун санааг өөрчлөөд зогсохгүй нийгмийн эв зохистой байдалд хувь нэмэр оруулах боломжтой гэж би итгэдэг.”

“Бид Занскарт ямар нэгэн улс төрийн зорилгоор бус, харин итгэл үнэмшил, урьдын ерөөлөөр цуглаад байна. Бид судалж, эргэцүүлэн сургаал номын амтыг мэдрэх хэрэгтэй. Энэ нь гаднаа сайхан харагдах явдал бус харин тайван дөлгөөн, амар амгалан оюун санаа, дотоод хүчийг хөгжүүлэх тухай юм. Бидний зорилго бол сэтгэлийн амар амгалантай, утга учиртай амьдрах явдал. Суралцах тусам та сургаал номд итгэл үнэмшилтэй болно. Хэрэв та учир шалтгаан, логикд тулгуурласан гүн гүнзгий ойлголттой болж чадвал оюун санаагаа өөрчилж, дотоод амар амгаланд хүрэх боломжтой.”

Зураг. Карша Повран дахь Дээрхийн гэгээн Далай ламын айлдварыг сонсож буй сүсэгтнүүд. Энэтхэг, Ладак муж, Занскар. 2025 оны 7 сарын 23. Зургийг: Тэнзин Чойжор.

“Өнөөдөр надаас ‘Мөрийн гурван эрхэм’ хэмээх богино хэмжээний номыг тайлбарлахыг хүссэн. Энэ бүтээлийн эхэнд дамжлагын багш нарыг хүндэтгэн, 

‘Бурхадын хамаг эрхэм зарлигийн шим утга, 

Бодьсадва дээдсийн сайшаасан бодь мөр, 

Буян төгс нирвааныг хүсэгчидийн орох олом түүнийг, 

Боломж чадлын хирээр номолж үйлдье, би’ гэсэн байдаг.”

“Гуравдугаар бадагт, 

‘Аливаа жаргалд ташуурахыг арилгах арга нь 

Асар хүчээр магад огоорохын сэтгэлээс өөр үгүй. 

Амьтан бүхэн орчлонд шунан хүлэгддэг учир 

Анх тэргүүнээ магад огоорох сэтгэлийг төрүүлэгтүн’ гэжээ. 

Дөрөвдүгээр бадагт цааш нь, 

‘Олохуйяа бэрх чөлөөт учралтай өдгөө учирснаа 

Онцгойлон санаж энэ насны шуналыг буцаа. 

Орчлонгийн зовлон, үйлийн үрийг ямагт санаж, 

Орчихуй сансарт эргэн төрөх шуналыг няцаа’ хэмээжээ.

“Орчлон ертөнцийг харахад төрөл бүрийн хүмүүс зовлонгийн эх үүсвэр болсон энэ насны жаргалд уягдаж байдаг, тийм үү? Хэрэв та чин сэтгэлээсээ орчлонгийн хүлээснээс ангижрахыг шийдвэл оюун санаа тань тайван байж, бусдад хор хөнөөл учруулахыг оролдохоо болно. Христийн, исламын зэрэг дэлхийн янз бүрийн шашнуудад дагалдагчид нь сургаал номоо үнэнчээр дагаж мөрдөж байвал амьдарч буй газар нь амар амгалан байдаг.”

“Хүний энэ төрөл нь 18 чөлөө учрал бүрдсэн шинж чанартай. Энэ бол сургаал номыг судалж, утга учиртай амьдрах боломж. Хэрэв та сургаал номыг ойлгохгүй бол өөртөө болон бусдад илүү их аз жаргалыг олоход нь тусалж чадахгүй.”

“Гуравдугаар бадагт хэлсэнчлэн,

Аливаа жаргалд ташуурахыг арилгах арга нь 

Асар хүчээр магад огоорохын сэтгэлээс өөр үгүй. 

Амьтан бүхэн орчлонд шунан хүлэгддэг учир 

Анх тэргүүнээ магад огоорох сэтгэлийг төрүүлэгтүн.’”

“Бага байхад надад өөрийгөө үл хайхран бусдыг энэрэх сэтгэл багахан байлаа. Дараа нь Лин ринбүүчи, Трижан ринбүүчи багш нар маань зааж өгснөөр түүний талаар эргэцүүлэн бодож, бусдыг гэх сэтгэл маань хөгжиж, өсөн нэмэгдсэн билээ. Үр дүнд нь одоо би өнгөрсөн амьдралаа эргэн хараад, утга учиртай амьдарсан гэж бодож чадаж байна.”


“Би олон янзын сорилттой тулгарч байсан ч орчлонгоос гэтлэх шийдвэр, сэрж сэхээрсэн оюун, хоосон чанарын талаар зөв үзлийн тусламжтайгаар Бурхан багшийн сургаалыг дагах шийдвэртээ тууштай үлдэж чадсан. Дэлхий дээрх зөрчил, маргааныг харах үед бусдад туслах хүсэл, зориг минь нэмэгддэг. Энэ нь сэтгэлээ хямраах бус харин дотоод хүчээ хөгжүүлж, хувиа хичээх үзлийн хүлээсийг суллахад тусалдаг.”

“Орлонгийн хүрдэнд эргэлдэж байхад янз бүрийн шалтгаан, нөхцлийн үрээр зовлон хаа сайгүй үүснэ. Зовлонг харснаар орчлонгоос гэтэлж, магад гарах сэтгэл төрөхийн үндэс бүрддэг билээ. Хүмүүс аз жаргалыг хүсдэг ч ихэвчлэн энэ амьдралын таашаалд автсан байгаа харагддаг. Харин өөрийн амьдралыг бодоод үзэхээр ийм төрлийн шуналгүй байгаа нь хэчнээн сайн хэрэг болохыг ухаардаг бөгөөд түүний оронд би бусдын сайн сайхны төлөө төвлөрч ажилладаг.”

“Та сэтгэл оюунаа үзэн ядалт, шунал тачаалд автан хаа сайгүй тэнүүчлэхийг зөвшөөрвөл зөвхөн зовлон, бэрхшээлтэй тулгарна. Хэрэв та энэрэнгүй, сэхээрсэн сэтгэлийг тодорхой хэмжээнд хөгжүүлж чадвал энэ болон дараагийн төрөлдөө санаа зовохгүй байж болно.”

“Миний хувьд, би сайрхаж байгаа юм биш шүү, өглөө бүр сэрмэгцээ сэхээрсэн бодь сэтгэлийн талаар эргэцүүлдэг. Энэ нь бусдын сайн сайхны төлөө ажиллах итгэлээ хөгжүүлэхэд минь тусалдаг юм.”

“Зургаадугаар бадагт:

‘Магад гарахуй тэр ч ариун бодь сэтгэлээр

Машид эс эзлэгдвээс ханьцаш үгүй бодийн

Хотол чуулсан амгалангийн уг үл болох тул

Хувь төгс нугууд бээр бодь сэтгэлийг үүсгэ’ гэсэн байна.”

“Долоо, наймдугаар бадгууд нь ийм сэтгэлийг хэрхэн үүсгэхийг тоймлон харуулжээ.

‘Асар хүчтэй дөрвөн мөрний урсгалд автаж

Эргүүлэхэд хэцүү үйлийн чанга хүлээсээр хүлэгдэж

Би-д барихын төмөр торны дотор чихэгдэж

Балар мунхагийн харанхуй бүхнээр бүрхэгдээд 

Эцэс төгсгөлгүй сансарт төрлөөс төрөл дамжин 

Үргэлж тасралтгүйгээр гурван зовлонгоор нэрвэгдсэн 

Ахуй үес энэ адил болсон ээжүүдийнхээ

Авир ёсыг санаад сэтгэлийн дээдийг үүсгэн зохио.’”

“Бусад хүн бүхэн миний нэгэн адил зовохыг хүсдэггүй, аз жаргалтай байхыг хүсдэг. Гэвч зовлон юунаас үүсдэг, аз жаргалын шалтгаан юу байдгийг ойлгоогүйн улмаас бид өөрсдийгөө шунал, уур, мунхаг хэмээн гурван хорын хүчинд автахыг зөвшөөрдөг юм. Бид оюун ухаандаа бодь сэтгэлийг дадуулсан үедээ бусдын зовлон зүдгүүрийг хараад гэгээрэлд хүрч, тэдний сайн сайхны төлөө ажиллах хүсэл төрдөг.”

Зураг. Дээрхийн гэгээн Далай ламын номын айлдварын үеэрх Карша Повраны харагдах байдал. Энэтхэг, Ладак муж, Занскар. 2025 оны 7 сарын 23. Зургийг Тэнзин Чойжор.

“Энэ нь наймдугаар бадагт тусгагдсан байна, 

‘Үргэлж тасралтгүйгээр гурван зовлонгоор нэрвэгдсэн 

Ахуй үес энэ адил болсон ээжүүдийнхээ

Авир ёсыг санаад сэтгэлийн дээдийг үүсгэн зохио.’”

“Өмнө хэлж байсны дагуу ‘Хүн бүр аз жаргалтай байж, зовохыг хүсдэггүй ч биднийг хүсээгүй байхад зовлон тохиолдох үед аз жаргал маш хол мэт санагддаг. Тиймээс бид зовлонд энэлж буй эх болсон хамаг амьтны сайн сайхны төлөө хичээх талаар бодож үзэх хэрэгтэй.’”

“Зөв үзлийг хөгжүүлэх шалтгаануудыг есдүгээр бадагт тодорхой дурдсан байдаг. 

‘Орших ёсыг оносон билгүүн үгүй аваас 

Уйсахуй, бодь сэтгэлийг дадуулан үйлдсэн ч

Төвөгт сансарын ёзоорыг тасалж үл чадмуй

Тиймийн тул шүтэн барилдлагыг онох арганд шамд.’”

“Харилцан шүтэлцээ гэх ойлголт нь гадаад, дотоод оршин буй бүх зүйлс, тэр ч байтугай Бурхан багшийн хамгийн дээд чанаруудын хувьд хамаатай бөгөөд хоосон чанарыг оноход саад болохгүй. Барилдлага гэдэг нь юмс хэрхэн өөрсдийн шалтгаан, нөхцөлд харгалзан оршин буйг буюу тэдний тогтсон уламжлалыг хэлнэ.”

“Аз жаргалын шалтгааныг бий болгосноор аз жаргалыг бүтээж, зовлонгийн шалтгааныг даван туулснаар зовлонг ялан дийлэх нь маш сайн хэрэг. Хэрэв та миний өглөө босмогцоо үйлддэгчлэн бодь сэтгэл хийгээд хоосон чанарын талаар эргэцүүлж үзвэл эдгээр нь үнэхээр бодит ашиг тустай болохыг олж мэднэ. Энд байгаа хүмүүсийн хэн нь ч зовлонг хүсдэггүй. Бүгд аз жаргалыг хүсч байгаа. Зовлон бидний өөрийгөө энхрийлэн барих хандлагаас үүсдэг. Түүнийг эсэргүүцэхийн тулд бид чадах чинээгээрээ бусдыг хайрлаж, амин хувиа хичээх хандлагаа сулруулах хэрэгтэй.”

“Энэрэнгүй хандлагыг хөгжүүлснээр сэтгэл оюунаа хэрхэн өөрчлөх вэ гэдэг нь энэ бөгөөд надад үнэхээр ашиг тустай санагддаг. Бусдыг энхрийлэх сэтгэлийг эргэцүүлэн бодож, оюун санаандаа дадуулахад дотоод сэтгэл өөрчлөгдөж байгаа нь илэрхий байдаг. Та бүхэн аль чадахаараа үүнийг хийгээрэй хэмээн уриалья.”

Зураг. Карша Повранд Дээрхийн гэгээн Далай ламын айлдварыг сонсож буй унзад ба түүний туслахууд. Энэтхэг, Ладак муж, Занскар. 2025 оны 7 сарын 23. Зургийг: Тэнзин Чойжор.

“Өмнө дурдсанчлан би бага наснаасаа оюун санаагаа дасгалжуулж, жил ирэх тусам өөрчлөгдөж байгааг нь анзаарсан. Тиймээс би эрхэм номын нөхөд та бүхнийг сэхээрсэн бодь сэтгэлийг хөгжүүлэхийг уриалж байна. Эдгээр зарчмуудыг дадуулах замаар оюун санаагаа өөрчлөх нь үнэндээ жам ёсны зүйл юм. Эхлэл үгүй цагаас бид шунах, үзэн ядах сэтгэлийг дадуулсан байдаг. Хэрэв бид эдгээр түгшүүртэй сэтгэл хөдлөлийн эсрэг ерөндөгийг хөгжүүлж чадвал өөрийгөө энхрийлэн барих үзэл болон бодит байдлын талаарх буруу ойлголтоо багасгаж, оюун санаагаа аажмаар өөрчилж чадна.”

“Арав, арван нэг, арван хоёрдугаар бадгууд бидэнд ийн хэлсэн байна: 

‘Аливаа орчлон нирвааны юмс үзэгдэл бүгдийн

Уг үр нь хэзээ ч хуурмаггүйг үзэх хийгээд

Зоригдлын зогсоол алин бүгдийг эвдвээс

Тэр нь бурханыг баясгах мөрд орох мөн

Хуурмаггүй шүтэн барилдлагат үзэгдэл хийгээд

Хоосоныг хүлээн зөвшөөрөх хагацсан ойлгоц хоёр 

Хэдий чинээ тусдаа үзэгдэх төдийг хүртэл

Эдүгээ Чадагчийн тааллыг мэдэх үгүй

Сая л нэг сөөлжих үгүйгээр нэгэн зэрэг

Шүтэн барилдлага хуурмаг үгүйг үзэх төдийгөөр

Магад мэдэл орны баригдах байдал бүхнийг эвдвээс

Магадтай тэр цагт үзлийн ажиглал гүйцэх болно.’”

“Өөрийн дотоод ертөнцийг өөрчлөх мөрийн гурван эрхэм зарчим бол магад гарахуй, сэхээрсэн бодь сэтгэл болон зөв үзэл юм. Би эдгээрийг өөртөө төлөвшүүлэхийн тулд ажиллаж, үнэхээр тустай болохыг нь олж мэдсэн. Бурхан багшийн сургаалыг сонирхох хүмүүсийн тоо нэмэгдсээр байна. Түүний сургаалыг дагалдагчдын хувьд бид хорвоо дэлхийн сайн сайхны төлөө өөрсдийн мэддэг зүйлсээ хуваалцахын тулд чадах бүхнээ хийх хэрэгтэй. Оюун санаандаа энэрэнгүй сэтгэлийг дадуулах үед өөрийгөө энхрийлэн барих үзлийн хүч буурч байдаг.”

Дараа нь Дээрхийн гэгээн сэхээрсэн бодь сэтгэлийг үүсгэх богино зан үйлийг хөтлөн явуулахаар боллоо. Юун түрүүнд тэрбээр цугласан бүх хүнийг буян хурааж, сэтгэлийг ариусгах долоон гишүүнт залбиралыг уншина уу хэмээгээд өөрийнх нь араас даган дуурайж уншихыг хүсэв.

Авралт гурван эрдэнэ дор би итгэмүй.

Аюул хилэнцийг тус тус арилган наманчилмуй.

Амьтны ариун буян дор даган баясалцмуй.

Ариуссан бурхны бодийг сэтгэл иеэр баримуй.

 Бурхны ном хийгээд чуулганы дээд дор

 Бодийн хутгийг хүртэл өнөд итгэмүй би

 Өвөр бусдын тусыг сайтар бүтээхийн тулд

 Өрөвч бодь сэтгэлийг үүсгэн үйлдмүй би.

Үнэхүү дээд бодь сэтгэлийг үүсгэн үйлдээд

Үргэлжид хамаг амьтныг би бээр зочилсугай

Үлэмж бодь явдлыг сэтгэлдээ эдлэн үйлдэж

Үнэхээр, амьтны тусын тулд бурхан болох болтугай.

Бурхан багш хийгээд Жанрайсиг, Манзушир, Ногоон дарь эх, Оточ Манал, Ловон Бадамжунай бурхдын зүрхэн тарни, эцэст нь Богд Зонховын мигзэмийн аман дамжлагыг хүртээхдээ Дээрхийн гэгээн цугласан олныг түүний араас давтан уншихыг дахин хүсэв.

Зураг. Карша Повранд Дээрхийн гэгээн Далай ламын номын айлдварт суугаад тарж буй хүмүүсийн цуваа. Энэтхэг, Ладак муж, Занскар. 2025 оны 7 сарын 25. Зургийг: Тэнзин Чойжор.


Эцэст нь Дээрхийн гэгээн мөрийн гурван эрхэм бол Бурхан багшийн жинхэнэ шавь болох дээд зэргийн арга мөн юм хэмээн айлдлаа.

Ингээд талархлын мандалын араас Дээрхийн гэгээнийг урт наслахын төлөөх залбирч, “Үнэн үгсийн залбирал”, Төвөдийг хамгаалагч сахиуснуудыг урин дуудах залбирал, өлзий хутаг оршоох залбиралуудыг уншив.

Дээрхийн гэгээн энэхүү арга хэмжээг зохион байгуулахад оролцсон, хүрэлцэн ирсэн бүх хүнд талархал илэрхийллээ.

Англи хэлнээс орчуулсан Б.Одгэрэл

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт