Энэтхэг улс, Химачал Прадеш муж, Дарамсала хот, Тэгчинчойлин. Өчигдөр зарласан мэдэгдлийн дагуу Дээрхийн гэгээн Далай лам өнөөдөр Нави Пиллайд баярын захидал илгээн, энх тайван болоод олон улсын эрх зүйг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь машид үнэлэн, энэ жилийн Нобелийн Энх тайвны шагналыг хүртсэнд баяр хүргэжээ.
“Та бээр дэлхий даяар эрхээ эдэлж чадахгүй байгаа хүмүүсийн төлөө амьдралаа зориулсан билээ” хэмээн захидалдаа эхлүүлжээ.
“Хууль дээдлэх ёсыг машид эрхэмлэн, хараат бус шүүх засаглал, чөлөөт хэвлэлтэй улс орон ард иргэддээ цаашлаад дэлхийн хамтын нийгэмлэгт хамгийн сайн үйлчилж чадна гэдэгт би бээр эртнээс итгэсээр ирсэн билээ. Хууль дээдлэх ёсон үгүй газар шударга бус байдал, зовлон зүдгүүр зайлшгүй буй болдог.
Миний бие төвөд хүний хувьд НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссараар ажиллаж байх хугацаандаа Хятад улсад Төвөд дэх асуудлын үндсэн шалтгааныг шийдвэрлэхийг уриалж байсан таны хүчин чармайлтыг машид үнэлдэг юм.
Нобелийн Энх тайвны шагналтнуудын хамт олон таныг халуун дотноор угтан авч, дэлхий ертөнцийг илүү сайхан газар болгохын төлөө цаашид ч хувь нэмрээ оруулна хэмээн найдаж байна” хэмээн захидалдаа бичжээ.










