АНУ, Нью-Йорк хот. 2007 оны 10 дугаар сарын 11. Манхэттэн дүүрэг дэх хурлын танхимд сүсэгтнүүд далай мэт олноороо хуран цуглаж, Дээрхийн гэгээн Далай ламын 2 цагийн эрч хүчтэй илтгэлийг сонслоо.
Тэрбээр ямар ч тэмдэглэл ашиглалгүй бүтэн илтгэлээ илтгэж, төгсгөлд нь цай уухаар түрхэн зогсов. Энэ үеэр цугласан олны дунд баярын нулимс харагдаж байлаа.
“Төвөдийн үйл хэрэг бол шударга ёсны төлөөх үйл хэрэг бөгөөд энэ бол хэзээ ч замхран алга болох зүйл биш. Үнэн гэдэг цаг хугацаа өнгөрч, үе үе солигдсон ч үгүй болдоггүй нь түүний мөн чанар билээ” хэмээн Дээрхийн гэгээн айлдсан юм.
Дээрхийн гэгээн Далай ламыг үг хэлж байх үеэр Цагаан ордон ерөнхийлөгч Буш ирэх Лхагва гарагт Конгресст болох ёслолд оролцож, Дээрхийн гэгээнд Конгрессын Алтан медалийг өргөн барих аж. Уг шагналыг өмнө нь Эх Тереза, Өмнөд Африкийн ерөнхийлөгч асан Нельсон Мандела, Ромын Пап II Иоанн Павел тэргүүт хүмүүс хүртэж байжээ.
Бээжин Дээрхийн гэгээн Далай ламыг салан тусгаарлагч хэмээн үзэн жигшдэг бөгөөд АНУ-аас түүнд шагнал олгохыг “эрс эсэргүүцэж” буйгаа Хятад улс мэдэгдэв.
Дээрхийн гэгээн Далай лам Нью-Йоркийн сонсогчдод хандан, хоолойгоо онцлон өндөрсгөж, “Хятадууд биднийг салан тусгаарлагчид гэж нэрлэдэг. Харин би тэдэнд та нар өөрсдөө салан тусгаарлагчид гэж хэлдэг” хэмээн өгүүлэв.
Тэрбээр төрөлх төвөд хэлээрээ илтгэсэн бөгөөд түүний айлдварыг Төвөдийн нийгэмлэгийн сурвалжлагч орчуулж байлаа.
Төвөд, Энэтхэг, Балба, Монгол зэрэг улсаас хүрэлцэн ирсэн сүсэгтнүүдээс гадна олон мянган хүн Дээрхийн гэгээн Далай ламыг харахаар үзэсгэлэнгийн танхимыг дүүргэсэн байлаа.
“Хятадын хяналтаас зугтан гарсан төвөдүүдэд олон арван жилийн турш орогнох орон болсон Энэтхэгийн Төвөдийн сууринд ирчихсэн мэт санагдаж байна” хэмээн Дээрхийн гэгээн Далай лам хэлэхэд тэд инээлдэцгээв.
Нью-Йорк мужийн Итака хотод өмнөх өдөр нь түүнийг угтан авсан, ихэвчлэн америкчуудаас бүрдсэн шүтэн бишрэгчдийн цугларалтаас ялгаатай нь энэ удаад тэрбээр өөрийн ард түмэнд өөрсдийнхөө хэлээр ярьжээ. Тэнд байсан америкийн нөлөө бүхий буддын шашны зохиолч, эрдэмтэн Роберт Турман Дээрхийн гэгээн Далай ламыг арай өөр байсныг хэлэв. “Тэрбээр илүү тухтай, тайван байдаг бас их хошиж байна” гэж Турман хэлжээ.
Үдээс хойших арга хэмжээ Дээрхийн гэгээн Далай лам танхимд хэн хэн ирснийг мэдэхээр албан бус асуулга явуулж, олныг инээлгэснээр эхэллээ.
Тэрбээр нүдээ халхлан, танхим руу ширтэж, монгол хүн байгаа эсэхийг асуув. Байлаа. Дараа нь 70-аас дээш насны хүн байгаа эсэхийг асуухад олон арван хүн байв. “50-70 насныхан уу? 30-50 насныхан уу? 30-аас доош насныхан уу?”
Залуучууд олонх байсан нь илт байв. Тиймээс Дээрхийн гэгээн Далай лам тэдэнд өөрсдийнх нь түүхийн нарийн ширийн зүйлс, ялангуяа өөрөө болон бусад төвөдүүдийн туулсан хүнд бэрх үеийн талаар ярьж өгч эхлэв.
Тэрбээр 24 насандаа Энэтхэг рүү дүрвэн гарсан бөгөөд тэнд өөр бусад лам нарын хамт амьд үлдэхийн төлөө тэмцэж байснаа дурсан ярив. Тэнд одоо дэлхий даяар тархан суурьшсан буддын шашны лам нарын хэд хэдэн үеийг сурган бэлтгэсэн бөгөөд өөрийг нь анхааралтай сонсож буй хүмүүсийн дундаас зарим шавиа таньж, тэднийг заан харуулж байлаа.










