Франц улс, Парис хот. 2008 оны 8 дугаар сарын 13. Дээрхийн гэгээн Далай ламтай уулзсан Францын парламентын гишүүдийн хэлснээр, олимпын наадам өндөрлөсний дараахан Хятад улс 1 сая Хан үндэстэн хятад иргэнийг Төвөдөд суурьшуулах ажлаа эрчимжүүлж болзошгүй хэмээн Дээрхийн гэгээн санаа зовниж буйг мэдээлэв.
Төвөдийг дэмжигч Францын парламентын 4 гишүүн уулзалтын үеэр Дээрхийн гэгээний айлдсан зүйлийг “Reuters” агентлагт уламжилжээ. Гэвч уг хаалттай уулзалтад оролцсон Дээрхийн гэгээний хэвлэлийн төлөөлөгчидтэй Reuters агентлаг холбогдож, энэ мэдээллийг баталгаажуулж чадаагүй байна.
“Олимпын наадам дуусмагц нэг сая хятад иргэн Төвөдөд суурьшиж, хүн амын дундах төвөдүүдийн эзлэх хувийг улам бууруулах эрсдэл бий хэмээн Дээрхийн гэгээн айлдсан” гэж Жан Луи Бианко хэлэв.
Хятадыг шүүмжлэгчдийн үзэж буйгаар тус улс Төвөдөд Хан үндэстэн хятад иргэдийг олноор суурьшуулж байгаа нь төвөдүүдийн өвөрмөц соёл, уламжлалыг уусган үгүй хийх эрсдэлтэй ажээ. Ялангуяа 2006 онд Төвөд рүү төмөр замын шинэ шугам нээгдсэнээс хойш хан үндэстэн хятад иргэдийн шилжилт хөдөлгөөн нэмэгдсэн гэж тэд үздэг. Харин Хятад улс энэ шүүмжлэлийг үгүйсгэж, төвөдийн эдийн засгийг эрчимтэй хөгжүүлж, төвөдийн соёлыг хадгалан хамгаалахад ихээхэн хүчин чармайлт гаргаж буйгаа онцолдог. Мөн төвөдөд байнга оршин суудаг Хан үндэстэн хятад иргэд цөөн гэж мэдэгддэг.
Далай лам Францад 2 долоо хоног айлчилж байгаа бөгөөд энэ хугацаанд гол төлөв шашны үйл ажиллагаанд оролцож байна. Парламентын гишүүдтэй хийсэн уулзалт нь айлчлалын хөтөлбөрт багтсан улс төрийн шинжтэй цорын ганц арга хэмжээ байв. “Дээрхийн гэгээн төвөдийн нөхцөл байдлын талаар тун сэтгэл түгшээсэн мэдээлэл өгсөн. Тэрбээр баривчилгаа, эрүүдэн шүүлт, шүүхийн шийдвэргүйгээр цаазалж буй явдал, мөн шинэ цэргийн хуаран байгуулж, Хятадын цэргийн оролцоог нэмэгдүүлж байгаа талаар ярьсан” гэж Бианко уулзалтын дараахан “Reuters” агентлагт хэлэв.
Үүнээс өмнө болсон хэвлэлийн бага хурлын үеэр Дээрхийн гэгээн Бээжингийн олимпын наадмыг дэмжиж байгаагаа дахин илэрхийлэв.
Ерөнхийлөгч Николя Саркози Дээрхийн гэгээнтэй уулзахаас татгалзсан нь Францад маргаан дагуулж байв. Шүүмжлэгчид үүнийг хятадын дарамтад буулт хийсэн хэрэг хэмээн үзэж байсан юм. Энэ талаар байр суурийг нь асуухад Дээрхийн гэгээн өрнөдийн удирдагчид Хятадтай найрсаг харилцаагаа хөгжүүлэх нь зүйтэй хэмээн айлджээ.
“Хятадыг тусгаарлаж болохгүй. Харин дэлхийн хамтын нийгэмлэгийн нэг хэсэг болгон, жинхэнэ нөхөрлөлийг бий болгох хэрэгтэй” хэмээн Дээрхийн гэгээн айлдав.
Хятад улс Дээрхийн гэгээн Далай ламын дагалдагчдыг 3 дугаар сард төвөд даяар гарсан үймээн самуун болон үүний дараа хэд хэдэн улсад олимпын бамбарын буухиаг тасалдуулсан эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулж, наадмыг саатуулахыг оролдсон хэмээн буруутгасан. Дээрхийн гэгээн уг буруутгалыг үгүйсгэж, Олимпын наадмын үеэр эсэргүүцлийн жагсаал хийхгүй байхыг төвөдүүдэд уриалжээ.
3 дугаар сард төвөдөд болсон эсэргүүцлийн жагсаалыг хятадын эрх баригчид хүчээр дарсан нь гадаадын засгийн газруудыг ихэд цочирдуулсан юм. Үүний дараа олимпын наадам дөхөхийн хэрээр Дээрхийн гэгээн Далай ламтай яриа хэлэлцээ хийхийг хятадаас улам хүчтэй шаардах болжээ. Дээрхийн гэгээний элч төлөөлөгчид 5, 7 дугаар сард хятадын эрх баригчидтай яриа хэлэлцээ хийсэн боловч хэлэлцээний үр дүнд сэтгэл дундуур байгаагаа мэдэгдсэн байна.










