Энэтхэг, Ладак муж, Лех хот - Өнөө өглөө Дээрхийн гэгээн Далай лам Шивацал Повран дахь өргөөнөөсөө хөдлөн, өмнө хоёр удаа Дүйнхорын ван авшиг айлдаж байсан газар болох номын талбайн үзүүрт байрлах асарт очлоо. Ойролцоогоор 50,000 хүн талбайг дүүргэн цуглажээ. Дээрхийн гэгээнийг залрах үед хүүхдүүд тайзны өмнө мэтгэлцэж байв.
Түүнийг сэнтийдээ заларсны дараа "Бурхан багшийн магтаал", "Билгүүний зүрхэн судар" уншлага болон "Миний ном сонссон буян үүгээр хамаг амьтны тусын тулд бурхан бүтэх болтугай" хэмээх ерөөлийг уншлаа. Цай, бэрээс тарааж, хураангуй мандал өргөв.
Дээрхийн гэгээн айлдварынхаа эхэнд өөрийн Төвөд орноо алдан, Энэтхэгт дүрвэсэн тухайгаа дурсав. Тэр цагаас хойш Хималайн бүс нутагт амьдарч байгаа тул энэ газар нь түүний зүрх сэтгэлд ойр байдаг бөгөөд энэ бүс нутгийн хүмүүс Жанрайсиг бурхантай онцгой холбоотой болохыг онцоллоо. Тэрбээр Норбулинка ордныг орхин гарч, Кьичу голыг гатлан, хөндийгөөс гардаг даваагаар өгссөн тухайгаа ярьсан билээ. “Тэндээс явахад гунигтай байсан ч хүн төрөлхтний хувьд бид бүгд адил гэдгийг эргэцүүлж билээ. Бид бүгд аз жаргалтай, зовлон шаналлаас ангид байхыг хүсдэг. Би нутгаасаа цөлөгдсөн ч ном сургаалыг бусадтай хуваалцах боломжтой байх болно гэдгээ мэдэрсэн юм.
Хималайн бүс нутгийн хаа ч явсан хүмүүс нь үнэнч шударга, гүн сүжигт, оюун санаагаа дадлагажуулах чин эрмэлзэлтэй байгаа харагддаг. Хэдийгээр төвөдүүд асар их хүндрэл бэрхшээлтэй тулгарч, Хятадын хориг хязгаарлалтууд улам чангарч байгаа ч Хималайн бүс нутгийн ард түмэн бидний найз байсаар ирсэн билээ.
Жанрайсиг бурхны адислалыг хүртэж, бодь сэтгэл, хоосон чанарын тухай зөв үзлийг бясалгадаг миний хувьд гэгээрсэн бодь сэтгэлийг үүсгэж, хоосон чанарын талаар ойлголтыг олж авч чадсан юм. Энэ бол бид бүгдийн хийж чадах зүйл билээ. Эдгээр дадлага сургуулийг бид урам зоригийн хүчээр хөгжүүлэх боломжтой. Миний гол зөвлөх зүйл бол бодь сэтгэл болоод хоосон чанарын үзлийг өөртөө байнга сануулж байх явдал юм. Би сэрээд, өглөө бүр үүнийг хийж, энэ зарчмын талаар хэсэг бясалгадаг. Бид гэгээрэлд хүрэх тухай ярьж байгаа бөгөөд төвөдөөр “жан-чүв” хэмээх хоёр үеэс бүрдэнэ. Эхний үе буюу “жан” бол бүх алдаа дутагдал, сул талыг даван туулахыг, “чүв” нь олж авч болох сайн шинж чанар бүхнээр дүүрэн хэмээх утгыг илтгэдэг.
Дэлхий даяарын хүмүүс зовж шаналж байна. Шашны ёсыг дагадаг эсэхээс үл хамааран хүн бүр жаргалтай байхыг хүсдэг бөгөөд зовохыг хэн ч зовохыг үл хүснэ. Зовлонгийн шалтгаан хоёр талтай. Үүнд амин хувиа хичээх, өөрийгөө энхрийлэх хандлага болоод аливаа зүйлийг бусдаас үл хамааран, бие даан оршиж буй мэтээр буруу ойлгох явдал бий. Өглөө босоод би бодь сэтгэл, гэгээрэлд хүрэх хүсэл эрмэлзлийг бий болгож, Чандрагирдийн “Төвд орохуй” судрын зарим мөрийг эргэцүүлэн, хоосон чанарыг бясалгадаг юм. Бодь сэтгэл, хоосон чанар тэргүүт хоёр зарчим нь Бурхан багшийн сургаалын гол цөм юм”.
“Бурхан багш өмнө минь үзэгдэлд урган үзэгдсэнээс хойш тийм ч удаагүй билээ. Тэрбээр тэргүүнээ өргөн над руу хараад, өөртөө дөхөж ирэхийг дохин, бодь сэтгэл хийгээд хоосон чанарыг төрүүлэх хэдэн үг хэлсэн нь намайг машид баярлуулсан билээ.
Бурхан багшийг дагагчдын хувьд бид сэхээрсэн бодь сэтгэл болоод хоосон чанарын үзлийг бясалгахыг өөрийн үндсэн дадал болгох нь зүйтэй. Чин үнэнч шавь нарын хувьд та бүхэн өдөр бүр үүнийг өөртөө сануулж байх хэрэгтэй”.
Дээрхийн гэгээн өчигдөр Энэтхэгийн тусгаар тогтнолын өдөр байсныг дурдаад, Энэтхэгийг бахдан биширч явдгаа илэрхийлж, энэ улсад амьдарч буй бид бүхэн эдэлж буй эрх чөлөөндөө талархаж байх хэрэгтэйг сануулав. Амьтай бүхэнд чадах чинээгээрээ тусалснаар өөрийн амьдралыг утга учиртай болгох боломжтой хэмээн нэмж хэллээ. Тэрбээр мөн Энэтхэг бол шашны олон уламжлал цэцэглэн хөгжсөн нутаг орон бөгөөд эв зохицол давамгайлсан газар болохыг онцлов. Шашин шүтэхийн мөн чанар нь сайхан сэтгэлтэй, хүчирхийллээс ангид байж, бусдад хор хөнөөл үл учруулах явдал юм. Тиймээс Энэтхэг улс дэлхийд энх тайвныг тогтоохын тулд чадах бүхнээ хийх хэрэгтэй хэмээсэн билээ.
Дээрхийн гэгээн "Энэ өдөр энд маш олон хүн цуглажээ. Хүрэлцэн ирсэн та бүхэнд машид талархлалаа. Миний хувьд Төвөдийн зүүн хойд хэсгийн Кумбумын ойролцоо төрсөн боловч Лхас руу нүүсэн билээ. Багш нартайгаа буддын гүн ухааныг судалсан нь миний нүдийг нээсэн юм. Дэлхий дээрх бүх зүйл илбэ мэт хуурмаг гэдгийг мэдэж авлаа. Юмс тодорхой байдлаар оршин байгаа мэт харагддаг ч үнэн хэрэгтээ тийм биш ажээ. Би өөрийн амьдралаа утга учиртай өнгөрөөсөн болов уу гэж боддог бөгөөд та бүхэнд хэлж буй зүйлс миний өөрийн туршлага дээр үндэслэсэн юм шүү. Халуун дулаан сэтгэл дүүрэн байж, бусдад туслах нь чухал болохыг санаж яваарай" хэмээн айлдлаа.
Ингээд Дээрхийн гэгээн "Оюун судлахуйн найман шад шүлэг"-ийг нээж, дөрөв дэх шадыг уншив. “Авир чанар муут хэн нэгэн хилэнц зовлонд нэрвэгдэхийг үзээд би эрдэнэсийн гуу сан олсон мэт олдохуйяа бэрх хэмээн энхийрлэх болтугай. Гэвш Ланри Танбагийн зөвлөгөө ёсоор хэчнээн хорон муу санаатай амьтан байлаа ч гэсэн зовж шаналж л байвал бид тэднийг энэрч хайрлах хэрэгтэй юм”.
Дараагийн шадад “Хэн нэгэн өст сэтгэлээр xүлцэшгүй ихээр хараан доромжлох тэргүүтэнд үл зохих алдаа унал бүгдийг би өөрт аваад, үнэнхүү ялалтыг бусдад өргөх болтугай. Тусыг хүртсэн хэн нэгнээс ачийг эргүүлэн санахад хэдийгээр намайг ихэд хорлосон ч хэзээд буяны садан багш хэмээн үзэх болтугай” хэмээжээ. Дээрхийн гэгээн үүнийг ийнхүү тайлбарлав. "Бусад хүмүүс таныг шүүмжлэх үед тэдэнд уурлахын оронд тэдний шүүмжлэл үндэслэлтэй эсэхийг бодож үзэх хэрэгтэй. Өөртөө эдгээр алдаа дутагдал байгаа эсэхийг шалга. Хэрэв байвал тэдгээр дутагдлыг хэлж өгсөнд нь талархаж, тэдний шүүмжлэлийг оюун санааны зааварчилгаа гэж тооцоорой”.
Долоо дахь шадад "Товчилбоос, эх болсон бүгдэд тус амгаланг бодитой хийгээд дам алинаар өргөж, тэдэнд учирсан хамаг зовлон шаналлыг өөрт би нууцаар авах болтугай" гэжээ.
Сүүлчийн шад нь "Аль тэр бүгдийг ертөнцийн найман номын атгаг хирээр үл бохирлож, оногдохуун юмсыг илбэ мэт хэмээн оносон оюунаар онц шунал үгүйгээр орчлонгийн хүлээсээс гэтлэх болтугай" хэмээсэн байлаа. Дээрхийн гэгээн үүнийг бидний амьдралд тохиолдож буй зовлон зүдгүүр нь бидний буруу ойлголтоос үүдэлтэй болохыг тайлбарлав. Гэсэн хэдий ч бүх зүйлийг хуурмаг үзэгдэл хэмээн харснаар бид өөрсдийн төөрөгдлийг хоосон чанарын агаарт уусан шингэж буйгаар төсөөлөх боломжтой.
Дараа нь Дээрхийн гэгээн "Дөрвөн дурдал төгөлдөр гүр дуулал" номыг уншиж, дөрвөн дурдлыг багшаа дурдах, хамгийн дээд гэгээрэлд хүрэх нигүүсэхүй сэтгэлийг дурдах, өөрийн биеийг ядам бурханд хувилган дурдах, хоосон чанарын үзлийг дурдах тэргүүт дөрөв байлаа.
Хоёр дахь дурдалтай холбоотойгоор тэрбээр бид өөрсдийн хяналтгүй сэтгэл оюун болон түүнээс үүдэлтэй сэтгэлийн шаналлаас болж зовлонтой учирдаг гэдгийг ойлгох хэрэгтэй хэмээв. Биднийг сайхан сэтгэлээр хамгаалж байсан эцэг эх минь ч бас зовлон зүдгүүртэй, аз жаргалгүй байгааг өөртөө сануулж, тайвшралыг олж ав. "Хүсэл тачаал, үзэн ядалтыг орхиж, энхрийлэл, энэрэн нигүүлсэхүйг бясалган, сэтгэлээ хараа хяналтгүй тэнэхээс сэргийлэн энэрэн нигүүлсэхүйд төвлөрүүл". Дээрхийн гэгээн энэ номд зөвлөснийг өөртөө тууштай хэрэгжүүлдэг хэмээлээ.
Дөрөв дэх дурдал буюу хоосон чанарын үзлийг дурдах талаар тэрбээр бүх зүйл бидэнд ямар нэгэн объектив, бие даасан оршихуй мэт харагддаг ч үнэн хэрэгтээ тийм байдаггүйг ойлгох хэрэгтэй хэмээв.
Дээрхийн гэгээн цааш үргэлжлүүлэн, "Төвөдөд бид судар, тарнийн сургаалыг хослуулан үздэг. Тарнийн ёсонд бид Ядам бурхны иогийг бясалгаж, өөрийн биеийг ядам бурхны лагшин болсноор төсөөлдөг. Бид мөн өөрсдийн сэтгэлийн янз бүрийн түвшний нарийн ялгаануудын талаар суралцдаг. Бид ухамсрын энгийн бүдүүлэг түвшинд суурилах энгийн мэдрэмжээс даван, илүү нарийн сэтгэл буюу гэгээн гэрлийн сэтгэлдээ хүрч, хөгжүүлдэг бөгөөд энэ нь хоосон чанарыг оноход ашигладаг сэтгэл оюун юм.
Сэтгэл судлалын үүднээс авч үзвэл бидний Төвөдөд хадгалж үлдсэн буддын шашны уламжлал тун онцгой. Хамгийн дээд иогийн тарнийн бясалгалд бид өөрсдийн машид нарийн ухамсрыг танин барьж, ашиглахыг хичээдэг. Бусад уламжлалууд үүнийг яаж хийхийг тайлбарладаггүй билээ. Тэдний адилаар бид бодь сэтгэл, хоосон чанарын үзлийг бясалгадаг боловч зөвхөн тарнийн ёсоор машид нарийн, хамт төрсөн гэгээн гэрлийн сэтгэлийг хөгжүүлэн гэгээрэлд хүрэх зам мөр болгон хувиргадаг.
Хэрэв бид үүнийг хийж чадвал сэтгэлийн энгийн бүдүүлэг байдал багасаж, бид нарийн сэтгэлээ ашиглан хоосон чанарыг онох боломжтой болно. Энэ бол ер бусын гүн гүнзгий зүйл билээ.
Би Амдод төрөөд, Лхасад ирж, багш нараасаа их ном сонссон хүн. Суралцахаас гадна би сурсан зүйлээ бясалгаж, сурсан номоосоо туршлага олж авч чадсан юм.
Энэ удаад Хималайн бүс нутгийн энэ хэсэгт ирж, Төвөдийн бидэнтэй адилхан уламжлалыг дагадаг та бүхэнд ном сургаалаас хуваалцах боломж надад олдлоо. Төвөдөд олон агуу багш нар, ер бусын мэдлэгтэй хүн олон байлаа. Сайн суралцвал та бүхэн ч тэдэн шиг болох боломжтой."
"Бидэнд энд, яг одоо бодь сэтгэлийг үүсгэх боломж байгаа тул үүнийг ашиглах хэрэгтэй. Орчлон ертөнцөд орших амьтай бүхний тусын тулд бурхан болох тухай бодож, намайг даган дараах мөрүүдийг уншаарай.
Авралт гурван эрдэнэ дор би итгэмүй
Аюул хилэнцийг тус тус арилган наманчилмуй
Амьтны ариун буян дор даган баясалцмуй
Ариуссан бурхны хутгийг зүрхэндээ ойр баримуй.
Бурхны ном хийгээд чуулганы дээд дор
Бодийн хутгийг хүртэл өнөд итгэмүй, би.
Өвөр бусдын тусыг сайтар бүтээхийн тулд
Өрөвч бодь сэтгэлийг үүсгэн үйлдмүй, би.
Үнэхүү дээд бодь сэтгэлийг үүсгэн үйлдээд
Үргэлжид хамаг амьтныг би бээр зочилсугай
Үлэмж бодь явдлыг сэтгэлдээ эдлэн үйлдэж
Үнэхээр амьтны тусын тулд бурхан болох болтугай.
Дээрхийн гэгээн өөрийн аман дамжлага авсан хоёр номын талаар айлдвар айлдаж, дамжлагын багш нараас хүртсэн увдисын дагуу бодь сэтгэлийг үүсгэх зан үйлийг удирдан явуулсан болохоо тайлбарлаад, Бурхан багш Шагжамүни, Ногоон дарь эх, Оточ Манал, Манзушир бурхан, Ловон Бадамжунай бурхны зүрхэн тарни хийгээд Богд Зонховын мэгзмийн аман дамжлагыг хүртээлээ.
Энэ удаагийн арга хэмжээ Дээрхийн гэгээнд талархлын мандал өргөж, "Үнэн үгийн залбирал", "Ерөөлийн хаан"-ыг уншсанаар өндөрлөв.
Ингээд дээрхийн гэгээн инээмсэглэн даллаж, цугласан олонд мэндчилгээ дэвшүүлээд, өргөө рүүгээ буцлаа.
Англи хэлнээс орчуулсан Б.Одгэрэл