Швейцар, Цюрих хот, 2010 оны 4 дүгээр сарын 9 - Өнөөдөр Цюрих хотноо "Эдийн засгийн систем дэх өгөөмөр, энэрэнгүй сэтгэл" (www.compassionineconomics.org) сэдвээр зохион байгуулагдаж буй Оюун ухаан ба амьдрал XX бага хурлын эхний өдөр болж өнгөрлөө. 4 дүгээр сарын 9-нөөс 11-ний хооронд гурван өдөр үргэлжлэх энэхүү бага хурал шударга ёс, хамтын ажиллагааг урамшуулдаг эдийн засгийн тогтолцооны судалгаанд голлон анхаарахын зэрэгцээ нийгэм, байгаль орчны хамгийн тулгамдсан асуудлуудыг хөндөх юм.
Зураг. Дээрхийн гэгээн Оюун ухаан ба амьдрал XX бага хурал дээр илтгэл тавьж байна. Зургийг Мануэль Бауэр.
Үдийн завсарлагааны үеэр Дээрхийн гэгээн Далай лам хэвлэлийнхэнтэй уулзахдаа "Сүүлийн үеийн эдийн засгийн хямрал мөнгө дотоод сэтгэлийн амар амгаланг авчирч чадахгүйг харуулж байна" гэж хэлэв. Дээрхийн гэгээн өөрийн амьдралын гурван үүрэг амлалтын хоёрынх нь талаар ярьсны эхнийх нь хүмүүнлэг үнэт зүйлсийг сурталчлах, хоёр дахь нь шашин хоорондын эв нэгдлийг дэмжих явдал байлаа.
Зураг. Дээрхийн гэгээн хэвлэлийнхэнтэй уулзаж байна. Зургийг Мануэль Бауэр.
Дээрхийн гэгээн энэ жил төвөдүүд Швейцарт ирсний 50 жилийн ой болж байгаа талаар ярив. Төвөдүүдийг Төвөдөөс Энэтхэгт ирэхэд Энэтхэгийн засгийн газар дээд зэргээр тусламж үзүүлсэн байна. Тэрбээр мөн төвөд дүрвэгсдийг хүлээн авсанд нь Швейцар улсад талархал илэрхийлэн, "1960 оноос хойш төвөдийн дүрвэгсдэд тусламж үзүүлж буй Швейцарын засгийн газар, ард түмэн, ялангуяа Швейцарын Улаан загалмай нийгэмлэгт талархах нь бидний үүрэг юм" хэмээжээ.
Төвөдийн урам зориг Төвөдөд эрч хүч дүүрэн байгаа бөгөөд хилийн чанад дахь нийгэмлэг ч мөн энэ урам зоригийг эрч хүчтэй хэвээр нь хадгалж байгаа. Швейцар дахь төвөдүүд Швейцарын сайн иргэд байхаас гадна Төвөдийн урам зоригийг тээж, Швейцарын эдийн засагт хувь нэмэр оруулж байна.
Оюун ухаан ба амьдрал XX бага хурлын эхний өдрийн үйл явдлын хураангуйг доор оруулав (Эх сурвалж: Оюун ухаан ба амьдрал хүрээлэн - www.mindandlife.org).
Нэгдүгээр хэсэг
Оюун ухаан ба амьдрал хүрээлэнгийн гүйцэтгэх захирал, үүсгэн байгуулагчдын нэг Адам Энгл нээлтийн үг хэлсний дараа Цюрихийн их сургуулийн ерөнхийлөгч Ректор Андреас Фишер бүх оролцогчидтой мэндчилэн, Дээрхийн гэгээн Далай ламыг танилцуулав. Ингээд Дээрхийн гэгээн тайзан дээр гарч ирээд, "Би мөнгийг хэрхэн олохыг мэдэхгүй. Гэхдээ хэрэгтэй зүйл гэдгийг нь мэднэ" хэмээлээ. Тэрбээр бизнес эрхлэгч найзуудынхаа нэгнээс одоогийн эдийн засгийн хямралын үндэс юу болохыг асуухад найз нь шунал, магадгүй хууран мэхлээд ч болов ашиг олох хүсэл гэж хэлсэн тухай ярьж, "Энэ нь эдийн засгийн системд муу гэдгийг би хүртэл мэдээд байна" хэмээсэн байна. Тэрбээр мөн бид бүгдийг улам илүү боловсорсон мэргэн ухаанд тэмүүлсээр байхыг хүсэж байгаагаа илэрхийлээд, энэхүү хурлын үр дүн эдийн засгийн системийг илүү сайн зүгт чиглүүлэх боломжтой эсэх талаар эргэцүүлэн бодож буйгаа ярив.
Зураг. Дээрхийн гэгээн нээлтийн үг хэлж байна. Зургийг Мануэль Бауэр.
Роши Жоан Халифакс хурлын чиглэлийг тоймлон яриад, илтгэгчдэд тайзыг шилжүүлэв. Канзасын их сургуулийн Дэн Батсон "Алтруизм (өөрийгөө үл хайхран бусдыг энэрэх сэтгэл) гэж байдаг уу?" гэсэн маш шулуухан асуултаар хэлэлцүүлгийг эхлүүллээ. Тэрбээр эгоизм, эмпатийн талаар яриагаа эхлүүлээд, эмпатид суурилсан туршилтуудын талаар дурдаж, тэдгээрээс ямар дүгнэлт хийж болох талаар ярилаа. Цюрихийн их сургуулийн Таня Сингер бусдын оюун санааг ойлгох мэдрэлийн хоёр суваг байдгийг тайлбарлав. Үүнд нэг нь эмпати буюу өөрийгөө бусдын оронд тавьж үзэх чадвар болон энэрэн нигүүлсэх сэтгэлээр дамждаг бол нөгөө нь бусдын сэтгэл санааны төлөв байдлын талаар ухамсартайгаар бодох "оюун санааны онол"-оор дамждаг байна. Мэдрэлийн сүлжээнүүд болон тэдгээр нь энэрэнгүй сэтгэл, мэдрэмжтэй ямар холбоотой болохыг тайлбарласны дараа тэрбээр зарим хүмүүс өөрсдийн мэдрэмжийг ойлгох тал дээр дутагдалтай байдаг болохыг ярилаа. Бясалгал энэ дутагдлыг арилгахад тусалдаг болохыг судалгаануудаар тогтоосон байна.
Зураг. Оюун ухаан ба амьдрал XX бага хурлын илтгэгчид. Зургийг Мануэль Бауэр.
Висконсины их сургуулийн Ричард Дэвидсон эдгээр санааг үргэлжлүүлэн, хоёр том санааг дэвшүүлэв. Нэгдүгээрт, хүмүүсийн энэрэнгүй сэтгэл болон эмпатийн түвшин өөр өөр байдаг ба энэ нь биологийн үндэстэй. Хоёрдугаарт, энэрэнгүй сэтгэл болон эмпатийг ур чадвар гэж үзэж болох ба сургаж, сайжруулж болно гэсэн байна. Дараа нь тэрбээр эдгээр салбар дахь мэдрэл судлалын шинжлэх ухааны судалгаануудыг тоймлон танилцуулсан бөгөөд судалгааны үр дүнгээс харахад оюун ухаанаа илүү өргөн хүрээнд дасгалжуулсан хүмүүс хувиа үл хичээн бусдыг бодох хандлага илүү их байжээ. Хамгийн сүүлд Шечен хийдийн Матье Рикар илтгэл тавьж, үзэгчдэд Буддын шашны энэрэнгүй сэтгэл, эмпати, алтруизм гэсэн ойлголтуудын талаар тайлбарлаж өглөө. Жишээлбэл, энэрэн нигүүлсэх сэтгэл гэдэг нь бусдын зовлон зүдгүүрийг арилгахад туслах хүсэл бөгөөд тухайн зовлон зүдгүүр нь юу байхаас үл хамаарах аж.
Хоёрдугаар хэсэг
Үдээс хойшхи хэсэг Лос Анжелес дахь Калифорнийн их сургуулийн Жоан Силкийн яриагаар эхэлсэн бөгөөд тэрбээр алтруизмыг бусад төрөл зүйлд ажиглагдсанаар биологийн хувьд тодорхойллоо. Судалгаанаас үзэхэд алтруизм нь олон төрөл зүйлд түгээмэл, ашиг тустай байдаг байна. Хүмүүс хүүхэд наснаасаа өсөж хөгжихийн хэрээр бусад төрөл зүйлтэй нийтлэг энэ чанараас холддог ажээ.
Дээрхийн гэгээнтэй ярилцах үеэр нэгэн анхаарал татсан харилцан яриа дараах байдлаар өрнөв. "Дайсагнал хоорондоо холбогдоогүйгээс болж үүсдэг үү? Жишээлбэл, нэг колонийн зөгийнүүдийг өөр колонийн зөгийнүүдтэй холиход тэд бие биенээ харийн буюу өөр гэж үздэг үү?" гэж асуухад Жоан хариуд нь, "Зөгийний талаар би сайн мэдэхгүй ч тэдний зан авир тийм ч уян хатан байдаггүй юм шиг байна. Тиймээс 'гадны бүлэг' эсвэл 'өөр' гэсэн үзэл баримтлал хэвээрээ байх бололтой" гэжээ. Дээрхийн гэгээн бодлогошрон, "Биологийн алтруизмд бусдыг үнэлэх чадвар шаардлагатай юу? Миний бодлоор шумуулнуудад тийм чадвар байхгүй! Шумуул над дээр суухад би түүнийг хооллохыг зөвшөөрдөг. Гэвч дараа нь тэр ямар ч талархал байхгүй нисээд явчихдаг шүү дээ!" хэмээв.
Зураг. Оюун ухаан ба амьдрал XX бага хурлын танхим. Зургийг Мануэль Бауэр.
Дараа нь Цюрихийн их сургуулийн Эрнст Фэр хүмүүсийн дунд жинхэнэ алтруизм хичнээн ховор болох, учир нь бид ялангуяа эдийн засгийн хүрээнд гаргасан зардлынхаа төлөө үр ашиг хүсэж, хүлээж байдаг талаар ярив. Тэрбээр алтруизмыг “бусдад” ашиг тусаа өгөх боловч өөрөөс зардал гардаг бөгөөд магадгүй аз жаргал гэх мэт сэтгэлзүйн таашаалаас өөр ямар нэгэн ашиг хардаггүй үйлдэл гэж тодорхойллоо. Түүний дараа Таня Сингер хүний тархин дахь сэдэлжүүлэх системүүдийн талаар ярив. Үүнд урамшуулалд чиглэсэн, аюул заналхийлэлд чиглэсэн, мөн хүсээгүй холбоонд чиглэсэн гэсэн гурав байдаг юм байна. Тэрбээр мөн хувь хүмүүсийн хоорондын итгэлцлийг нэмэгдүүлэх туршилтуудын талаар ярилаа.
Эмори их сургуулийн Жон Данн энэрэн нигүүлсэл, алтруизм нь эдийн засагтай хэрхэн холбогдож болох талаар буддын шашны үүднээс тайлбарлав. Хамгийн дээд зорилтуудын нэг нь аз жаргал гэвэл энэ зорилгод хүрэхийн тулд ямар зардал, нөөц шаардлагатай байх вэ? Зарцуулах нөөц нь бидний дотоодод байгаа тул хамгийн үнэ цэнэтэй. Хэрэв бид дотоод нөөцөө хадгалах, нэмэгдүүлэх чиглэлээр зорилтуудаа дахин эрэмбэлж чадвал илүү сайн эдийн засгийн тогтолцоонд шилжиж болох юм. Тэрбээр амьд амьтан бүгд хэзээ нэгэн цагт, өмнөх амьдралдаа таны ээж байсан бөгөөд та ээжтэйгээ хуваалцдаг тэр мэдрэмж, холбоогоо хамаг амьтны хувьд өргөжүүлэн ашиглаж болно гэсэн санааг өөртөө дадуулдаг буддын шашны техникийн талаар ярилаа. “Бүх хүн ээжтэйгээ хамгийн сайн харилцаатай байдаггүй ч та бүхэн миний хэлэх гэсэн санааг ойлгож байгаа байх. Гэхдээ тодруулж хэлэхэд би САЙН ээжтэй байсан." хэмээн Жоныг хэлэхэд Дээрхийн гэгээн "Би ч бас" хэмээн инээв.
Зураг. Дээрхийн гэгээн бага хурлын танхимаас гарч явах үедээ. Зургийг Мануэль Бауэр.
Ийнхүү өнөөдөр үзэл баримтлал, том санаануудын суурийг тавих өдөр байсан бөгөөд эдгээр санаануудын заримыг гүнзгийрүүлэн авч үзэхийн тулд бид цаашид хаа хүрэхийг харуулах, хэрэглээний эдийн засгийн боломжуудыг судалж эхлэх маргаашийн илтгэлүүдэд биднийг бэлдэж өглөө.
Дээрхийн гэгээний Цюрих дэх айлчлалын бусад гэрэл зургуудыг Женев дэх Төвөдийн товчооны вэбсайтаас (www.tibetoffice.ch) үзэж сонирхоно уу.
Орчуулсан Б.Одгэрэл