Энэтхэг, Химачал Прадеш муж, Дарамсала хот, Tэгчин Чойлин – Энэ өглөө Дээрхийн гэгээн XIV Далай лам Зүглагханд ирж суудалдаа суусны дараа өглөөний хэлэлцүүлгийн хөтлөгч Дэн Големан түүнээс “шөнө хэр унтав?” хэмээн асуув. Дээрхийн гэгээн XIV Далай лам бага зэрэг ядралтай байгаагаа дурдсан ч сайн унтсан гэв. “Мэдээж хэрэг би унтаж байхдаа, зүүдэлж байх хугацаандаа ч дотоод шинжилгээ хийдэг. Миний хувьд толгой хоосон, амрааж байхад оюун ухааныг ашиглахгүй байх нь тархины чадамжийг дэмий үрэх явдал гэж боддог” хэмээв.
Зураг. Намжил дацан дэх Оюун ухаан ба Амьдрал бага хурлын дөрөв дэх өдрийн эхлэлд Дээрхийн гэгээн XIV Далай лам дөрөв дэх өдрөөр хүрэлцэн ирэх үедээ үзэгчдийн төлөөлөгчидтэй мэндчилж байна. Энэтхэг, Химачал-Прадеш, Дарамсала. 2018 оны 3-р сарын 15. Гэрэл зургийг: Дэнзин Чойжор
Големан, Роберт Рөузер, Маттьё Рикар болон Сона Димиджиан нар боловсрол дахь ёс зүй ба энэрэх сэтгэлтэй холбоотой хийж буй судалгааны талаар хэлэлцэх тухайгаа дуулгав. Гэвч юун түрүүнд тэрээр Дээрхийн гэгээн XIV Далай ламын дэмждэг “шашны бус ёс суртахуун”-ы тухай тодруулж, энэ нь XXI зуунд яагаад ийм чухал болохыг асуулаа.
“Дэлхий олон асуудалтай нүүр тулж байна,” хэмээн Дээрхийн гэгээн XIV Далай лам хариулж эхлэв. “Тэдгээрийн олонхыг бид өөрсдөө бий болгосон. Гэмт хэрэг үйлдэж буй хүмүүс хүүхэд байхдаа тийм биш л байсан. Уг нь шинжлэх ухааны судалгаагаар хүний уг мөн чанар нь энэрэнгүй, нигүүлсэнгүй байдгийг баталдаг. Гэтэл яагаад бидний олонх нь хожим өөрсдийгөө зовлонд унагадаг бол?
“Үүний нэг шалтгаан нь бид аливаа зүйлийг өргөн цар хүрээгээр бус хязгаарлагдмал өнцгөөс хардагтай холбоотой. Хэрвээ бид илүү өргөн хүрээтэй хардаг байсан бол тулгарах асуудлууд маань тийм ч ноцтой биш мэт санагдах байлаа. Ингэснээр уур хилэн багасах байсан. Мөн бид аливаа үйлдэл хийвэл түүнд заавал үр дагавар бий гэдгийг ойлгох хэрэгтэй. Харин богино хараатай хүмүүс энэ тухай бараг боддоггүй. Бид бүгд хоорондоо харилцан хамааралтай гэдгээ ойлгох ёстой.
Зураг. Намжил дацан дэх Оюун ухаан ба Амьдрал бага хурлын дөрөв дэх өдрийн эхлэлд Дээрхийн гэгээн XIV Далай лам дөрөв дэх өдрөөр үг хэлж буй нь. Энэтхэг, Химачал-Прадеш, Дарамсала. 2018 оны 3-р сарын 15. Гэрэл зургийг: Дэнзин Чойжор
“Буддын шашинд хэлдэгчлэн сөрөг сэтгэл хөдлөлүүд нь мунхаглалаас үүдэлтэй. Тэдгээр нь логик үндэслэлгүй байдаг. Харин эерэг сэтгэл хөдлөлүүд нь эрүүл ухаан, логик дээр тулгуурладаг. Үүнээс гадна сөрөг сэтгэл хөдлөл нь бодит байдлыг ойлгосон билиг ухаантай зэрэгцэн орших боломжгүй. Би буддист хүн, гэхдээ хэзээ ч буддизм хамгийн сайн шашин гэж хэлдэггүй. Заримдаа шүүмжлэх ч удаатай. Бурхан Багш, Мухаммед, Есүс Христ зэрэг аугаа багш нар бүгд өөрсдийн туршлага дээр үндэслэн сургаал айлдсан ч хожим нь хүмүүсийн хооронд маргаан үүснэ гэж бодоогүй нь лавтай. Буддизм ямар ч сонирхол татам байлаа ч, 7 тэрбум хүн бүгдэд зохицно гэж үгүй.”
“Шантидева хэлэхдээ дэлхий дээрх бүх зовлон өөрийгөө хэт төвчилсөн сэтгэлгээтэй холбоотой гэжээ. Бид бол нийгмийн амьтад бөгөөд амьд үлдэх эсэх маань бусдаас хамаардаг. Уур амьсгалын өөрчлөлтөөс харахад бид хэрхэн хамтран ажиллах шаардлагатайг ойлгож болно. Хүн төрөлхтөн аюул заналд өртөж байна. Бидэнд үлдсэн цагаа эв найрамдалтай өнгөрөөх нь илүү үр ашигтай юм.”
Зураг. Намжил дацан дэх Оюун ухаан ба Амьдрал бага хурлын дөрөв дэх өдөр олон нийтийн төлөөлөгчид Дээрхийн гэгээн XIV Далай ламыг зурагтаар үзэж буй нь. Энэтхэг, Химачал-Прадеш, Дарамсала. 2018 оны 3-р сарын 15. Гэрэл зургийг: Дэнзин Чойжор
“Бид өөр хоорондын ялгаагаа анзаарах үедээ бид түүнийг зөв буруу гэж шүүхийн оронд харилцан хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Би олон удаа энэ зууныг яриа, харилцан ойлголцлын эрин үе байх ёстой гэж хэлсээр ирсэн. Бид хамт амьдрах л болно. Бид бүгд л хүн төрөлхтөн. Бидний ялгаан дээр төвлөрөхөөс илүүтэй, бие биетэйгээ яриа өрнүүлэх нь чухал.
“Бидний энд хийж буй зорилго бол хүмүүст бодитойгоор тайлбарлаж, зааж сургах. Жинхэнэ аз жаргалтай хүн болж, аз жаргалтай гэр бүл, хамт олон бүрэлдэх үндэс нь бид бие биетэйгээ илүү халуун сэтгэлтэй, энэрэнгүй хандахад оршино. Бидэнд илүү их хайр, энэрэл хэрэгтэй байна. Бүр амьтдын дунд ч энэ ажилладаг нь харагддаг — тайван нохой олон найзтай байхад, хуцаж дайрдаг нохой ганцаардаж үлддэг.
“Өөрсдийгөө онцгой гэж бодох сэтгэлгээ нь биднийг тусгаарладаг. Би өөрийгөө Далай лам гэж их боддоггүй, зүгээр л нэг хүн гэж хардаг. Тиймдээ ч би хэн нэгэнтэй уулзахдаа тэднийг ах, эгч гэж хүлээн авч, баяр хөөр мэдэрдэг. Шантидева үнэхээр зөв хэлсэн — өөртөө төвлөрөх, өөрийнхөө тухай хэт их бодох нь эцэстээ бидэнд л асуудал авчирдаг.
Зураг. Намжил дацан дэх Оюун ухаан ба Амьдрал бага хурлын дөрөв дэх өдөр Дээрхийн гэгээн XIV Далай ламыг зурагтаар үзэж буй нь. Энэтхэг, Химачал-Прадеш, Дарамсала. 2018 оны 3-р сарын 15. Гэрэл зургийг: Дэнзин Чойжор
“Хэрвээ бид хүн бүрт хүрсэн энэрэл нигүүлслийн тухай ноён нуруутай ойлголтыг үнэхээр хэрэгжүүлж чадвал дайснууд байх орон зай үлдэх үү? Жинхэнэ хүн төрөлхтний дайсан маань уур хилэн, өшөө хорсол зэрэг сөрөг сэтгэл хөдлөлүүд юм. Үнэндээ ийм хүчтэй сөрөг сэтгэл хөдлөлд автсан хүмүүс бидний энэрлийг илүүтэй хүртэх ёстой.
“Хязгааргүй нигүүлслийн ач холбогдлыг ойлгох, мөн бодит байдал ямар байдгийг ухаарах чухал. Мунхаглал маш олон асуудлын эх үүсвэр болдог тул, бодит байдлыг танин мэдэх нь зайлшгүй. Хүмүүс бүхнийг зөв буруу, хар цагаанаар хэтэрхий хялбарчилж хардаг зуршлаас татгалзах хэрэгтэй.”
Дээрхийн гэгээн XIV Далай лам Дэн Големан руу хандан өөрийгөө хэт удаан ярьчихав уу гэж инээмсэглэн асуув. “Ядраад байсан ч, амаа нээчихвэл зогсож чаддаггүй юм шүү” хэмээн хошигнон хэллээ.
Хөгжлийн болон боловсролын сэтгэл зүйч Роберт Рөузер өөрийн судалгааны ажлыг танилцууллаа. Тэрээр энэрэл, нигүүлслийн чанарууд байгалиасаа бий юу эсвэл хөгжүүлэх шаардлагатай юу, мөн амьдралын явцад хэрхэн өөрчлөгддөг вэ гэсэн асуултуудыг тавьлаа. Эдгээр чанарт биологийн ямар хүчин зүйлс нөлөөлдөг болохыг судалжээ. Тэрээр ёс суртахууныг гурван үндсэн ангилалд хуваадаг: шударга ёсны ёс зүй, халамжийн ёс зүй болон тэвчээрийн ёс зүй.
Зураг. Намжил дацан дэх Оюун ухаан ба Амьдрал бага хурлын дөрөв дэх өдөр Хөгжлийн болон боловсролын сэтгэл зүйч Роберт Рөузер хийсэн судалгааны үр дүнгээ танилцуулж буй нь. Энэтхэг, Химачал-Прадеш, Дарамсала. 2018 оны 3-р сарын 15. Гэрэл зургийг: Дэнзин Чойжор
Рөүзерийн дүгнэлтээр хүний ёс суртахууны мэдрэмж бага наснаас оршин байдаг бөгөөд үүнийг нотлох жишээ нь — шинээр төрсөн нярай хүүхэд өөр нярай уйлахыг сонсоод сэтгэл нь хөдөлдөг. Гэвч эдгээр мэдрэмжүүдийг бүрэн идэвхжүүлэхэд тодорхой хугацаа шаардлагатай байдаг. Зарим хүмүүс ёс суртахууны уялдаа холбоо бүхий үзэл, амьдралын чиг шугамгүй өсдөг нь яагаад шашны бус ёс суртахууны боловсрол маш чухал болохыг харуулж байна. Хүн төрөлхтөн угтаа энэрэнгүй чанартай төрдөг ч, энэ энэрлээ бусдад тэлж сурах хэрэгтэй. “Бид ба Тэд” гэх ялгааг үүсгэх бус, “Надтай ижил” хэмээн харах үзлийг хөгжүүлэх нь чухал.
Хайр дүүрэн харилцаа, эерэг үлгэр дуурайлал, хамтын ажиллагаа, өөр хүмүүсийн ялгаатай байдалд суралцах, нийтлэг хүн чанарыг ойлгох нь өөрчлөлт авчрах хүчирхэг боловсролын хэрэгслүүд юм.
Энэрэх сэтгэлээр бусдад эерэгээр хандах чанаруудаар хүүхдүүд сэтгэгдлээ хуваалцаж буй богино видео клипийг үзсэний дараа Дээрхийн гэгээн XIV Далай лам хэлэхдээ: “Бид бүгд мэднэ — хүүхдүүд найз нөхөд хүсдэг. Харин найз нөхөдтэй болох гол түлхүүр бол хайр, халамж юм. Харин уур бол найз нөхдийг түлхдэг зүйл.”
Зураг. Намжил дацан дэх Оюун ухаан ба Амьдрал бага хурлын дөрөв дэх өдөр Хөгжлийн болон боловсролын сэтгэл зүйч Роберт Рөузерийн яриаг чих тавин сонсож буй оролцогч хийгээд зочид нар. Энэтхэг, Химачал-Прадеш, Дарамсала. 2018 оны 3-р сарын 15. Гэрэл зургийг: Дэнзин Чойжор
“Бусад амьтдын нэгэн адил хүн төрөлхтөн үр хүүхдээ өөрсдийгөө хамгаалж чадах хүртэл нь асран халамжилдаг. Тэд бие дааж эхлэх үед нь л бид тэднийг зааж сургах хэрэгтэй болдог, учир нь тэд нийгмийн гишүүн хэвээр үлддэг, хүн төрөлхтний нэг хэсэг хэвээр байдаг.
“Мөн бид 21-р зуунд дэлхий нийтээрээ зэвсэглэлгүйжсэн байх талаар хамтын хариуцлага хэрэгтэй билээ. Үндэсний хил хязгаарыг туйлширч харах хандлагыг багасгах шаардлагатай байна. Жишээлбэл Tөвөдүүд бид тусгаар тогтнол шаардаж байгаа биш бид хятадтай харилцаатай байх хэрэгтэйгээ ойлгож байгаа. Гэхдээ энэ нь харилцан хүндлэлд суурилсан байж л биелнэ. Хүн бүр л хятад хоолонд дуртай байдаг, тэд бидэнд бие махбодийн хоол өгч чадна, харин бид тэдэнд оюуны хоолоор хариу барьж чадна.”
Хималайн нуруунд олон жилийн турш авсан үзэсгэлэнт гэрэл зургуудынхаа хамтаар, Маттье Рикард энэрэнгүй чанар нь шашны бус ёс зүйн үндсэн зарчмуудын нэг гэдгийг тайлбарлалаа. Тэр шударга ёсны чухлыг онцолж, шударга бусаар хандсан үед уур бухимдал төрдөг болохыг дурдлаа. Ёс зүй гэдэг нь бидний үйлдлийн богино болон урт хугацааны үр дагаврыг эргэцүүлэн бодох хэрэгтэйг хэлж өгдөг. Харин энэрэх сэтгэл гэдэг нь бусдад сайн сайхныг чин сэтгэлээсээ хүсэх гэсэн утгатай бөгөөд энэ нь зовлонгоос ангид байж аз жаргалд хүрэх хүслийг илэрхийлдэг. Гэхдээ зөвхөн сэтгэл биш зовлонгийн учир шалтгааныг ухаарах мэргэн ухааныг ч хамтад нь шаарддаг.
Зураг. Намжил дацан дэх Оюун ухаан ба Амьдрал бага хурлын дөрөв дэх өдөр Маттье Рикард шашны бус ёс зүйд энэрэх сэтгэлийн үүргийн тухай хэлэлцүүлэг өрнүүлж буй нь. Энэтхэг, Химачал-Прадеш, Дарамсала. 2018 оны 3-р сарын 15. Гэрэл зургийг: Дэнзин Чойжор
Тэрээр ёс зүйг “Би зовохыг хүсдэггүй, бусад ч гэсэн зовохыг хүсэхгүй” гэсэн бодлоос эхтэй гэж хялбаршуулан тодорхойлж болно гэв. Энэ нь дүрэм журмын хураамж бус, харин илүү өргөн хүрээний үзэл хандлага юм. Тэрээр өгөөмөр сэтгэлийг – “бусдад аз жаргал болон түүний шалтгаанууд ирээсэй” гэсэн хүслийн илрэл гэж тайлбарласан бол энэрэх сэтгэлийг – “бусад хүмүүс зовлон болон түүний шалтгаанаасаа салж чадаасай” гэсэн хүслийн илэрхийлэл гэж тодорхойлсон. Эдгээр чанаруудын сэтгэл хөдлөлийн тал, тухайлбал бусдын зовлонг мэдрэх, түүнд хариу үзүүлэх зориг гаргахын тухай, мөн танин мэдэхүйн тал болох зовлонгийн шалтгааныг шинжлэх ялангуяа мунхаглалыг бодит байдлыг гажуудуулж ойлгох явдал гэж тайлбарлав. Мөн сэтгэл хөдлөлийн давхцал буюу "өрөвдөх сэтгэл" буюу эмпатиг нэмэлт чанар болгон дурдсан.
Цайны завсарлагааны дараах хэсэгт Сона Димиджиан ухаалаг утсанд зориулсан энэрэх сэтгэлд чиглэсэн товч сургалтын талаар танилцууллаа. Энэхүү аппликейшнийг ашиглагчид өдөр бүр хэдхэн минут зарцуулж, энэрэх сэтгэлийн чанарын ач холбогдлыг ойлгож, энэрэх сэтгэл дутмаг байх үед ямар үр дагавар гардаг тухай мэдээлэл авдаг байна. Сургалтад хамрагдсан болон хяналтын хоёр бүлгийг сэтгэл зовниж буй хүмүүсийн түүхийг сонсуулаад сайн үйлсийн сан байгуулахад мөнгөн тусламж үзүүлэх эсэхийг ажиглахад энэрэх сэтгэлийн сургалтад хамрагдсан хүмүүс тогтвортойгоор туслах хүсэлтэй байсан бол хяналтын бүлгийн хүмүүсийн анхаарал тогтворгүй, сэтгэл ханамж багатай байжээ.
Зураг. Намжил дацан дэх Оюун ухаан ба Амьдрал бага хурлын дөрөв дэх өдөр Сона Димиджиан ухаалаг гар утсанд зориулсан энэрэх сэтгэлд чиглэсэн аппликэйшны тухай товч сургалтын нөлөөллийн талаар танилцуулж буй нь. Энэтхэг, Химачал-Прадеш, Дарамсала. 2018 оны 3-р сарын 15. Гэрэл зургийг: Дэнзин Чойжор
Дээрхийн гэгээн XIV Далай ламын хэлсэн “Хайр ба энэрэх сэтгэл бол тансаг хэрэглээ биш, харин зайлшгүй хэрэгцээ. Тэдгээргүйгээр хүн төрөлхтөн орших боломжгүй” гэх үгийг иш татсаны дараа, Димиджиан “Бие махбодийн сайн сайхныг хангах нь бүх нийтийн эрүүл мэндийн хувьд яаралтай хэрэгцээ байдагтай адил хувиа хичээх сэтгэлийг арилгах нь мөн л нэн тэргүүний авч хэлцэх хэрэгтэй асуудал мөн” хэмээн тэмдэглэлээ.
Өглөөжин үргэлжилсэн бараан үүлтэй тэнгэр, аадар бороо, салхитай өдөр байсан ч Дээрхийн гэгээн XIV Далай лам хийдийн хаалгаар уруудан алхаж, түүнд хүндэтгэл үзүүлэхээр цугласан олон түмний дунд инээмсэглэн мэндчилж, тэдэнтэй товчхон ч болтугай уулзсан хэвээр байв. Маргааш өглөө болох бага хурлын сүүлийн хуралдаанд тэрээр эргэн оролцоно.
(10’101)
Англи хэлнээс орчуулсан T.Ялгуун