Энэтхэг, Химачал Прадеш муж, Дарамсала хот, Tэгчин Чойлин – Өнөө өглөө “Оюун санаа ба амьдрал” хуралдааны 33 дахь удаагийн уулзалтын сүүлчийн өдрийн модератороор Аарон Стерн ажиллав. Дээрхийн гэгээн XIV Далай лам ирж суудалдаа тухлан суусны дараа Стерн өдөрлөгийн хоёр илтгэгчийг танилцуулсан бөгөөд тэд бол хичээлийн орчин дахь асуудлууд болон тэдгээрийн шийдлийн талаар ярьсан Сониа Люпиен ба Патриша Женнингс нар байлаа.
Зураг. Намжил дацан дэх Оюун ухаан ба Амьдрал бага хурлын сүүлийн өдрийн эхлэлд Дээрхийн гэгээн XIV Далай лам оролцохоор ирсэн бяцхан охинтой элгэмсгээр мэндчилж буй нь. Энэтхэг, Химачал-Прадеш, Дарамсала. 2018 оны 3-р сарын 16. Гэрэл зургийг: Дэнзин Чойжор
Сониа Люпиен канад багш бөгөөд олон жилийн турш Сэтгэл зүйн болон Ёс зүйн Хөгжил (SEL) хийгээд шашны бус ёс зүйг зааж ирснээ дурдсан. Туршлагаасаа харахад сурагчдын олонх нь сурахад сайн дасан зохицсон байдаг ч зарим нь хүнд бэрхшээлтэй тулгардаг байсныг ажигласан. Тэрээр яагаад ийм зөрүү гардагийг гайхаж байжээ. Нэг охины эцэг эх нь салж, өөр нэгэн хүү дээрэлхүүлж, бас нэгнийх нь эгч нь өвчтэй байсан гэх мэт үйл явдлуудыг ажиглаж, 25 жилийн дараа тэрээр эдгээр хүүхэд бүр стрессээс үүдэн шаналан байгааг ухаарсан байна.
Шинжлэх ухааны судалгааг харж үзэхэд тархи стресс мэдрэх үед гормон ялгаруулж, энэ нь буцаад тархинд нөлөөлдөг бөгөөд энэ нь онцгойлон сонгомол анхаарал буюу тухайн нөхцөлд чухал зүйлийг ялгаж анхаарах чадвар, мөн нийт сурах үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлдэг болохыг олж мэджээ. Дээрхийн гэгээн XIV Далай лам энэ асуудлыг эмээр эмчлэх боломжтой эсэхийг асуухад Люпиен энэ талаар оролдож үзсэн ч нэг төрлийн гормоныг бууруулахад бусад гормонуудад нөлөөлж, эрүүл мэндийн тэнцвэрийг алдагдуулдаг болохыг тайлбарлав. Стресс нь абсолют болон харьцангуй гэсэн хоёр төрөлтэй байдаг аж. Амьд үлдэх аюул заналхийлж байгаагаас шалтгаалсан стрессийг aбсолют стресс бий болдог бол харьцангуй стресс нь Шинэ (Novel), Урьдчилан таамаглах боломжгүй (Unpredictable), Өөрийн үнэлэмжинд заналхийлсэн (Threat to the sense of self), мөн Хяналтыг алдаж байгаа мэт мэдрэмж төрүүлдэг (Sense of losing control). Эдгээр шинжийг товчилсон үгээр NUTS гэж нэрлэдэг.
Зураг. Намжил дацан дэх Оюун ухаан ба Амьдрал бага хурлын сүүлийн өдөр Сониа Люпиен суралцах үйл явцад стресс хэрхэн холбогдож нөлөөлж буй талаарх судалгааг танилцуулж буй нь. Энэтхэг, Химачал-Прадеш, Дарамсала. 2018 оны 3-р сарын 16. Гэрэл зургийг: Дэнзин Чойжор
Хүүхдүүд өөрсдөө стрессийн нөлөөнд автдаг бөгөөд эцэг эхийнх нь стресс ч тэдэнд нөлөөлдөг болохыг ухаарсны дараа стрессийн эсрэг арга хэмжээг боловсруулжээ. Ийн “Амжилтын төлөө стрессээ хянах” (DeStress for Success) нэртэй хөтөлбөрийг боловсруулсан байна. Энэ хөтөлбөр нь хүүхдүүд болон өсвөр насныханд стресс гэж юу болох, түүнийг хэрхэн таньж, даван туулах аргыг заадаг бөгөөд тэдний аль хэдийн мэддэг зүйлд суурилан боловсруулагджээ. Стресс тархи, бие махбодод хэрхэн нөлөөлдгийг ойлгуулдаг энэ хөтөлбөр уур уцаар, стресс, сэтгэл гутралыг бууруулахад үр дүнтэй болох нь тогтоогдсон байна. Одоогийн байдлаар 65,000 гаруй хүүхэд энэ хөтөлбөрт хамрагдсан бөгөөд Дээрхийн гэгээн XIV Далай ламын “бага үйлдэл ч том үр дүнгийн үрийг тарьж чадна” гэх үг түүнд урам өгдөг хэмээн дурдсан.
Дээрхийн гэгээн XIV Далай лам хэд хэдэн асуулт асууж, стресс нь ихэвчлэн уур хилэнгийн сөрөг нөлөө байдгийг баталгаажуулахыг хүсэв. Тэрээр “Амжилтын төлөө стрессээ хянах” (DeStress for Success) хөтөлбөрийг насанд хүрэгчдэд ашиглах боломжтой эсэхийг сонирхоход Люпиен энэ хөтөлбөр нь насанд хүрэгчдийн стресс болон стрессийн дааврыг бууруулахад ч мөн үр дүнтэй байсныг тайлбарлав. Уур болон стресс нь зарим үед амьд үлдэх механизмын хүрээнд тодорхой үүрэг гүйцэтгэж болох ч бидэнд тэр бүр хэрэгтэй байдаггүй гэдэг дээр санал нэгдэв. Ричард Дэвидсон зарим хүмүүс өөртөө стресс байгаа гэдгээ таних чадвар муутай байдаг нь стрессийг зохицуулах боломжийг нь хязгаарладаг гэв.
Люпиен Канадад байгаа найзуудынхаа өмнөөс Дээрхийн гэгээн XIV Далай ламаас нэг асуулт асуусан нь: “Та хиймэл оюун ухаантай ажиллаж буй эрдэмтэд ирээдүйд хиймэл ухамсрыг бүтээж чадах болов уу гэж бодож байна уу?” хэмээв. Дээрхийн гэгээн XIV Далай лам энэ талаар тодорхойгүй, болгоомжтой байр суурь илэрхийлсэн бөгөөд Ричард Дэвидсон ч мөн олон эрдэмтэн энэ талаар эргэлздэг гэдгийг нэмж дурдлаа.
Зураг. Намжил дацан дэх Оюун ухаан ба Амьдрал бага хурлын сүүлийн өдөр хэвлэл мэдээллийн төлөөллүүд хурлын үйл өрнөлийн зураг хөргийг татаж буй нь. Энэтхэг, Химачал-Прадеш, Дарамсала. 2018 оны 3-р сарын 16. Гэрэл зургийг: Дэнзин Чойжор
Патриша Женнингс анги танхим дахь багш нарын стрессийг ажиглаж эхэлснээ тайлбарлав. Тэрээр яагаад анги танхим нь стрессийн голомт болдог вэ гэдгийг судалж, зарим багш нар сэтгэлзүйн хувьд туйлдсан байдгийг олж тогтоожээ. Мөн ангийн бүх хүмүүс нэг өрөөнд түгжигдсэн мэт байдаг нь сэтгэл зүйн дарамт үүсгэх нэг шалтгаан болдог. Үүний шийдэл нь “Боловсрол дахь Санамсар ба Тэсвэр тэвчээрийг төлөвшүүлэх” (CARE) хөтөлбөр бөгөөд энэхүү хөтөлбөр нь багш нарт стрессээ бууруулж, мэдрэмж, оролцоо, энэрэх сэтгэл, эргэцүүлэл болон урам зоригийг дэмжих замаар заах үйл явцаа сэргэг, амьд байлгахад тусалдаг.
Тэрээр ихэнх багш нар ажил мэргэжлээ гүн гүнзгий энэрэх сэтгэлтэйгээр эхэлдэг гэдгийг онцолжээ. “Боловсрол дахь Санамсар ба Тэсвэр тэвчээрийг төлөвшүүлэх” (CARE) хөтөлбөрт багш нар өөрийн анхаарлаа ажиглах, стресс нэмэгдэж эхлэхэд түүнийг илрүүлж, амьсгалаа ажиглах зэрэг аргаар өөрийгөө тайвшруулж, илүү үр дүнтэй хариу үйлдэл үзүүлэхэд суралцдаг. Үр дүнд нь багш нарын сэтгэл хөдлөлийн хяналт сайжирсан, ангийн уур амьсгал дээшилсэн, сурагчдын амжилт нэмэгдсэн зэргээр илэрчээ. Женнингс багш нар зөвхөн чадвар заах биш өөрсдөө тухайн чадварыг “биечлэн” үлгэрлэж харуулдаг байх ёстойг чухалчилсан. Жишээ нь, “Би стресстэж байна, тиймээс тайвширч арга хэмжээ авна” гэж хүүхдүүдэд ил тодоор хэлэхийг зөвлөж, ингэснээр сурагчдад үлгэр дуурайлал болох боломжтой аж.
Зураг. Намжил дацан дэх Оюун ухаан ба Амьдрал бага хурлын сүүлийн өдөр Патриша Женнингс боловсролын салбарын багш нар дунд дах стерссийг ажиглахуй тухай хэлэлцэж буй нь. Энэтхэг, Химачал-Прадеш, Дарамсала. 2018 оны 3-р сарын 16. Гэрэл зургийг: Дэнзин Чойжор
“Боловсрол дахь Санамсар ба Тэсвэр тэвчээрийг төлөвшүүлэх” (CARE) хөтөлбөрийг Сэтгэл зүйн болон Ёс зүйн Хөгжил (SEL)-тэй хослуулан АНУ-ын Луисвилл хотын боловсролын системд нэвтрүүлсэн бөгөөд уг хотын дарга Фишер нь Дээрхийн гэгээн XIV Далай ламтай нөхөрсөг харилцаатай нэгэн юм. Дан Големан Их Британид Сэтгэл зүйн болон Ёс зүйн Хөгжил (SEL)-ийг засгийн газар албажуулсан ч муу хэрэгжиж, багш нар үүнийг өөр нэгэн нэмэлт ачаалал гэж үздэг болсон тухай анхааруулга өгсөн. Сона Димиджиан өнөө үеийн залуусыг өөрсдийн дуу хоолойгоо өргөж, өөрчлөлтийн хүчтэй хүчин зүйл болж төлөвшихөд нь туслахын чухлыг онцолсон.
Амиши Жа анхаарлын сургалтад оролцсон цэргийн алба хаагчдын жишээг дурдсан ч сургалтын дараа тэд сурсан зүйлээ амьдралдаа тогтмол хэрэгжүүлдэггүйг хэлжээ. Дээрхийн гэгээн XIV Далай ламаас “Хүмүүсийг хэрхэн өөрсдийн сурсан зүйлээ өдөр тутмын амьдралдаа хэрэглэхэд урамшуулах вэ?” гэж асуухад:
“Сэжиглэл, стресс, айдас бүгд уур хилэнтэй холбоотой. Харин энэ нь өөрийгөө төвчилөн үзэх хандлагаас үүдэлтэй байдаг. Үүнийг хэдхэн долоо хоног, бүр хэдэн жилд ч өөрчлөх боломжгүй. Би 82 настай, 70 жил энэ талаар ажиллаж байна. Зүгээр л стресс бууруулах нь тустай ч өнгөн талын арга хэмжээ юм. Үндсэн шалтгааныг нь судалж, гүн гүнзгий ойлгох хэрэгтэй. Буддын бясалгалын уламжлалд тодорхой сөрөг сэтгэл хөдлөлийг дарах тусгай ‘эсрэг’ аргууд бий ч, эдгээрийн үр дүн түр зуурынх байдаг. Үргэлжийн үр нөлөөтэй байхыг хүсвэл, бодит байдлын гүнзгий ойлголтыг хөгжүүлэх шаардлагатай” хэмээн хариулав.
Зураг. Намжил дацан дэх Оюун ухаан ба Амьдрал бага хурлын сүүлийн өдөр Дээрхийн гэгээн XIV Далай лам хэлэлцүүлгийн тухай өөрийн сэтгэгдлээ хуваалцаж буй нь. Энэтхэг, Химачал-Прадеш, Дарамсала. 2018 оны 3-р сарын 16. Гэрэл зургийг: Дэнзин Чойжор
“Бурхан Багш самадхи (төвлөрсөн сэтгэл) ба випашьяна (судлагдахуй) гэсэн бясалгалын уламжлалаас мандан гарсан. Эдгээр нь түүний өмнөх үеийнхэн ч ашиглаж байсан аргууд юм. Харин Бурхан Багш шинэ төрлийн ухаарал хандлага буюу бодит байдлын шинэ ойлголтыг дэлгэрүүлсэн. Энэ нь орчин үеийн квант физикийн зарим санаануудтай нийцэж болох юм. Тэрээр хүний оршихуйн талаар илүү гүн, илүү нарийн ухааралд хүрсэн. Гэвч Бурхан Багш хэлэхдээ, ‘Миний олсон энэхүү бал мэт амттай сургааль нь гүн гүнзгий, амгалан, төвөггүй бөгөөд туйлын тод гэрэл юм. Гэвч хэрэв би үүнийг номловол ойлгох хүн гарахгүй. Иймд би энэ ойд дуугүй сууя” хэмээсэн байдаг.
“Тэр үеийн хүмүүс самадхийг хөгжүүлдэг байсан ч, ‘би’ гэж бие даасан оршихуй байдаг гэж итгэдэг байв. Харин Бурхан Багш үүнийг үгүйсгэсэн. Бие даасан ‘би’-гийн үгүйг ухаарах нь зовлонгийн уг үндэс болох үл мэдэхүйг арилгаж, улмаар зовлонг бүрмөсөн зогсоох боломжийг олгодог байжээ.”
“Түүний дараа тэрээр Нагаржунай ийн эшлэдэг:
Үйлийн үр хийгээд сэтгэлийн үймээнийг арилгаснаар зовлонгоос гэтэлнэ;
Үйлийн үр, үймцсэн сэтгэл нь төсөөллөөс бий болмуй;
Төсөөлөл нь хэтрүүллээс үүдэлтэй;
Хоосон чанарыг ухаарсан цагт ийн хэтрүүлэхээс ангид болно.
Мөн:
Шунал, үзэн ядалт, мунхаглал
Бүгд төсөөллөөс урган гармуй.
Тэд бүгд тааламжтай, тааламжгүй гэх төөрөгдлөөс үүднэ.
Нагаржунайн шавь Арьяадева ч мөн бодит байдлыг тод тунгалагаар харах хэр чухал болохыг эшлэдэг:
Биеийн мэдрэмж бүх биеийг хамардагтай адил
Мунхаглал нь сэтгэл оюуныг бүхэлд нь нөмөрнө.
Мунхгийг арилгаснаар
Муу сэтгэл бүгд аяндаа арилна.
“Бодит оршихуйн гүн гүнзгий ухаарал болоод энэрэх сэтгэл хоёр хосолвол асар хүчирхэг нийлэмж аж.”
Цайны завсарлагааны дараа Ричард Дэвидсон Дээрхийн гэгээн XIV Далай ламаас өнөөдрийн хүрээнд хэлэлцсэн сэдвүүдийн дор хоосон чанарын ойлголтыг хэрхэн шашны бус буюу секуляр байдлаар зааж болох вэ? хэмээн асуув. Дээрхийн гэгээн XIV Далай лам ийм асуултад хариу өгөхийн тулд багахан үндэслэл тайлбарлах шаардлагатай болдог хэмээн хариуллаа.
Зураг. Намжил дацан дэх Оюун ухаан ба Амьдрал бага хурлын сүүлийн өдөр Ричард Дэвидсон уг долоо хоногийн хэлэлцүүлэг хийгээд өрнөлийг багцлан дүгнэн буй. Энэтхэг, Химачал-Прадеш, Дарамсала. 2018 оны 3-р сарын 16. Гэрэл зургийг: Дэнзин Чойжор
“Би бол өнөөдөр амьд байгаа 7 тэрбум хүний нэг. Бид бүрэн эрхтэй оршин тогтнож буй хүн төрөлхтний хувьд дэлхийн ирээдүй, хүн төрөлхтний сайн сайхны төлөө хариуцлага хүлээх ёстой. Учир нь энэ нь эцэстээ бидний өөрсдийн ирээдүйд нөлөөлнө. Бид энэ дэлхийд ирсэн нь асуудал үүсгэхийн тулд биш харин тодорхой нэгэн ач тусыг бий болгохын тулд билээ. Энэ бол миний тууштай дагаж мөрдөж ирсэн үзэл. Түүнчлэн би шашин бүгдийн эв нэгдлийг дэмжиж, Төвөдийн соёлыг амьд байлгахын төлөө хичээдэг. Учир нь зөвхөн Төвөдэд л Энэтхэгийн Наландрын уламжлал — бодит байдлын гүн гүнзгий судалгаа, сэтгэл, сэтгэл хөдлөлийн нарийн тогтолцоог тайлбарласан мэдлэг — бүрэн бүтэн хадгалагдан үлдсэн юм. Үүнийг бид нарийн судалгаа, логик сэтгэлгээ, шалтгаан тайлбарын арга замаар хадгалж ирсэн. Би Буддын шашныг сурталчлах сонирхолгүй. Харин түүнд агуулагдаж буй хэрэгцээтэй мэдлэгийг олон нийтэд хүргэхийг л хүсдэг. Оюун санаа ба Амьдрал хүрээлэн энэхүү зорилгыг дэмжиж ирсэнд би маш их талархдаг.”
Ричард Дэвидсон энэхүү долоо хоногийн хурлын дүгнэлтийг хийж, эрдэмтэд тархины талаар тодорхой мэдлэгтэй боловч сэтгэлийн тухай харьцангуй бага ойлголттой бөгөөд энэ талаарх ойлголтыг бясалгалын уламжлалуудаас олж авч байгаагаа хүлээн зөвшөөрөв. Тэрээр Дээрхийн гэгээн XIV Далай ламд урт насалж, урам зориг өгсөн багш хэвээр байхыг хүслээ.
Оюун санаа ба Амьдрал хүрээлэнгийн ерөнхийлөгч Сьюзан Бауэр-Ву талархлын үг хэлэхдээ энэ долоо хоног зөвхөн танхимд оролцогсдын хувьд бус өдөр бүр 500,000 гаруй хүн веб дамжуулалтаар даган үзэж байснаараа онцгой болсныг онцолсон юм. Тэрээр Намжил дацанд уг хурлыг зохион байгуулахад тус дэм хүргэн найрсаг зочломтгой байдалд нь талархал илэрхийлээд хүндэт зочид, эрдэмтэн багш нар, “Оюун санаа ба Амьдрал”-ын удирдах зөвлөл, ажилтнууд, хандивлагчид, дэмжигчдэд чин сэтгэлийн талархал илэрхийлэв. Тэрээр мөн Энэтхэг дэх Далай ламын сан болон түүний “гайхамшигтай баг”-т онцгой талархал илэрхийлсэн юм. Tөгсгөлд нь Дээрхийн гэгээн XIV Далай ламд өөрийн үнэт цагийг хуваалцан буйд нь гүнээ талархал илэрхийллээ.
Зураг. Намжил дацан дэх Оюун ухаан ба Амьдрал бага хурлын сүүлийн өдөр Оюун санаа ба Амьдрал хүрээлэнгийн ерөнхийлөгч Сьюзан Бауэр-Ву бүх зохион байгуулагчид, зочид болоод оролцогч нарт талархал илэрхийлэн ээлжит хурлын дүгнэлтийг хүргэж буй нь. Энэтхэг, Химачал-Прадеш, Дарамсала. 2018 оны 3-р сарын 16. Гэрэл зургийг: Дэнзин Чойжор
Дээрхийн гэгээн XIV Далай лам хариуд нь, “Би үүнийг өөрийн үүрэг гэж үздэг бөгөөд дараах Шантидевагийн бадаг намайг урамшуулдаг” хэмээв.
Бодь сэтгэлийг хөлөглөн
Уруудах, алжаахыг огоорон
Ямагт урам зориг дүүрэн буй хүн
Яалаа гэж гутрах билээ?
“Би бага ч гэсэн хувь нэмэр оруулсандаа баяртай байна. Цаг хугацаа өнгөрсөөр. Хэрэв бид цагийг дэмий өнгөрүүлбэл тэр нь дэмий хоосон. Харин бусдад тус болж чадвал энэ нь үнэ цэнтэй болдог. Бидний бие махбод, сэтгэл зүй, сэтгэл хөдлөлөөр ижил хүмүүс л бидний үнэхээр тусалж чадах оршихуй юм. Багшийн урт наслах жинхэнэ өргөл бол түүнд үр дүнтэй байж, бусдад тус хүргэх боломжоор хангах явдал юм.
Биеэр бол бид одоо тарах гэж байна. Харин сэтгэлээрээ бид цаашид хамт байна. Дараа уулзтлаа түр баяртай.”
(11’454)
Англи хэлнээс орчуулсан T.Ялгуун