Энэтхэг, Жодпур муж, Ражастан хот - 2011 оны 2 дугаар сарын 11 (Ажай Пармар, TNN). Төвөдийн шашны тэргүүн Дээрхийн гэгээн XIV Далай ламын Жодпур дахь хоёр өдрийн айлчлалын илтгэл нь ёгтлол, хошигнол хийгээд сургаалыт жишээгээр баялаг өнгө аястай байлаа.
Шашны тэргүүн оюутнуудад хандан үг хэлж, Аравали Менежментийн Институт, Ражмата Кришна Кумари охидын сургуулийн сурагчдын асуултад хариулах үеэр түүний царай гийж гэрэлтэн, биеийн хэлэмж эрч хүчтэй байдлыг нь илтгэж байлаа.
Олон төрлийн, янз бүрийн асуултад огтхон ч сандарсан шинжгүй хариулж байсан Дээрхийн гэгээн XIV Далай лам туйлын даруу шулуун агаад ёс суртахуунт байдлыг харуулж, оюутнуудын оюун санаанд хүрэх хариултыг өгөх аж.
Нэгэн охин түүнээс эмэгтэйчүүдийн эрхийн талаар үзэл бодлыг нь асуухад гэгээн бээр “Энэ бол цаг үеийн шаардлага” хэмээн хариулав. Тэрээр тайлбарлахдаа “Бие махбодын хувьд эрчүүд эмэгтэйчүүдээс хүчтэй бүтээгдсэн учир энэ дэлхийд ноёрхож ирсэн ч боловсролын тусламжтайгаар эмэгтэйчүүд тэдэнтэй эн зэрэгцэж, өөрсдийгөө огтхон ч сул дорой биш гэдгийг харуулж чадна” хэмээв. Гэсэн ч тэрээр мэдрэмжгүй боловсрол ямар ч хэрэггүйг сануулсан юм.
Өөр нэгэн асуултад хариулахдаа Дээрхийн гэгээн XIV Далай лам хүн бүрийн шашинд тэгш хүндэтгэлтэй хандах алсын хараа байх ёстойг онцолж, зөвхөн өөрийн шашинд хэт анхаарснаар хагаслал үүсэж, энэрэх сэтгэл мөхдөг хэмээн айлдлаа. "Шашны мэдлэг гэдэг нь аль ч сүмд бурхан шүтээнд цэцэг өргөх, мөргөл хийх тэргүүт зүйл биш, харин хүн төрөлхтөнд зориулсан хичээл зүтгэл, мэдлэг олж авах замаар ирдэг” хэмээн айлдсан юм.
Дээрхийн гэгээний хошин, хөгжилтэй байдал нэгэн сонирхолтой асуултыг төрүүлсэн бөгөөд “Ийм их зовлон туулсан амьдралын дунд түүнийг яаж ийм хөгжилтэй, хошин байж чадаж байна вэ?” гэсэн асуулт байлаа. Дээрхийн гэгээн XIV Далай лам инээгээд, “Энэ бол миний нууц” хэмээв. Тэрээр инээмсэглэсээр үүний нууцыг эерэг сэтгэлгээтэй холбон тайлбарлаж, “Энэ нь гутранги үзэлд автах боломж олгодоггүй юм” гэлээ. “Намайг “амьд чөтгөр”, “эсэргүү хувьсгалч” гэж үздэг хүмүүс ч бий. Гэсэн ч би хэзээ ч сандардаггүй, замналаа үргэлжлүүлсээр байдаг” хэмээн айлдсан билээ.
Энх тайвны талаар байр сууриа хуваалцахдаа Гаутам Будда, Махатма Гандийг энх тайвны хамгийн үлэмж, хосгүй төлөөлөгчид хэмээгээд, өөрийгөө тэдний зам мөрийг дагагч хэмээн тодорхойлов.
Пүрэв гарагт төвөд дүрвэгчдэд хандан үг хэлэхдээ ёс суртахуунт боловсролд анхаарч, төвөд соёл уламжлалыг хадгалахад уриалав. Тэрбээр төрөлх хэлээрээ өөрсдийн үнэн төрхийг ухамсарлаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөв.
Үүнээс өмнө Дээрхийн гэгээн XIV Далай лам сүр жавхлант Мехрангар цайзад зочилж, түүх, архитектурыг бишрэн гайхширчээ. Түүнийг цайзыг хариуцсан Кэрни Синг дагалдан явсан. Тэрээр оюун санааны шинжлэх ухааны судалгаа хийх шаардлагын талаар ярьж, Махараж Мансингийн гар бичмэлийн судалгааны төвд хадгалагдаж буй буддын гар бичмэлүүдэд сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Мөн Жодпур хотод зочлох боломжийг олгосон Гаж Сингэд талархал илэрхийлэн энэ хотын талаар анх Энэтхэг, Пакистаны дайны үеэр сонсож байснаа дурдсан билээ.
Англи хэлнээс орчуулсан T.Ялгуун