Польш улс, Варшав хот. 2008 оны 12 дугаар сарын 10. Польшийн ерөнхийлөгч Лех Качиньски эх орноосоо дүрвэн амьдарч буй Төвөдийн шашны тэргүүн Дээрхийн гэгээн Далай ламтай 12 дугаар сарын 10-ны өдөр Варшав хотод уулзсан тухай Польшийн PAP мэдээллийн агентлаг мэдээлжээ. Уулзалтын дараа аль ч талаас албан ёсны тайлбар хийгээгүй боловч мөн өдөр уулзалтаас өмнө ерөнхийлөгч Качиньскийн хэвлэлийн албанаас уг уулзалт болохыг зарласан байв.
Дээрхийн гэгээн өмнөх Бямба гарагт Польшийн хойд хэсэгт орших Гданьск хотод тухайн үед Европын Холбоог ээлжлэн даргалж байсан Францын ерөнхийлөгч Николя Саркозитой уулзсан нь Хятадын эрх баригчдын хүчтэй эсэргүүцлийг төрүүлсэн юм. Бээжин уг уулзалт Хятад улсын Франц болон Европын орнуудтай тогтоосон харилцаанд ноцтой хохирол учруулсан хэмээн мэдэгджээ.
1989 оны Нобелийн Энх тайвны шагналт Далай ламыг Польшийн коммунист дэглэмийн эсрэг тэмцлийн бэлгэ тэмдэг болсон Лех Валенса Гданьск хотод урьсан юм. Валенса Польшийн эрх чөлөөний төлөө тэмцсэн “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийг удирдаж байхдаа Нобелийн энх тайвны шагнал хүртсэн бөгөөд уг шагналынхаа 25 жилийн ойг тэмдэглэхээр Далай ламыг урьжээ.
Хятадын Гадаад хэргийн дэд сайд Хэ Яфэй Францын талд эрс эсэргүүцэл илэрхийлсэн байна. Мөн Хятадын эрх баригчид Саркози Далай ламтай уулзсантай холбогдуулан Францын Элчин сайдыг Бээжинд дуудан уулзжээ. Хэ Яфэй Францын дипломатчид “Энэ уулзалт Хятад, Франц болон Хятад, Европын харилцааны улс төрийн үндэс суурийг сулрууллаа” хэмээн хэлснийг эх сурвалж эш татсан байна. Хятадын эрх баригчид Далай ламыг Төвөдийг бүрэн тусгаар тогтнуулахыг зорьдог гэж үздэг. Харин Дээрхийн гэгээн энэ буруутгалыг “огт үндэслэлгүй” хэмээн няцаажээ.
1950 онд хятадын цэрэг Төвөдөд халдан орсноос 9 жилийн дараа буюу 1959 онд Хятадын засаглалыг эсэргүүцсэн бослого бүтэлгүйтсэн юм. Үүний дараа Дээрхийн гэгээн эх орноосоо дүрвэн гарч, тэр цагаас хойш Энэтхэгт амьдарч байна.
Дээрхийн гэгээн Польшийн Сенатын дарга Богдан Борусевич болон тус улсын ерөнхийлөгч асан Лех Валенса нарын урилгаар Польшид 8 өдрийн айлчлал хийж байгаа юм. Тэрбээр мөн Гданьск хотноо Польшийн ерөнхий сайд Дональд Тусктай уулзжээ.










