Энэтхэг, Гужарат муж, Сурат хот, 2015 оны 1 сарын 2 – Дээрхийн гэгээн Далай лам өнөөдөр Сантокбаагийн нэрэмжит шагналыг хүлээн авахаар зочид буудлаасаа хөдлөхийн өмнө хэвлэл мэдээллийнхэнтэй товчхон уулзлаа. Тэрбээр хүний үнэт зүйлс, шашин хоорондын эв нэгдлийг идэвхжүүлэх, хүн төрөлхтний нэгдмэл байдлын мэдрэмжийг дэмжих, дэлхийн нийтийн хариуцлагын үүднээс сэтгэх шаардлага зэрэг өөрийн итгэл үнэмшлээ тоймлон яриад Энэтхэгийн олон мянган жилийн настай үнэт зүйлсийг олон нийтийн мэдлэг болгоход хэвлэл мэдээллийнхэн ч оролцож болно гэдгийг сануулав. Мөн төвөд хүн болохын хувьд Энэтхэгээс Төвөдөд уламжлагдан ирсэн амар амгалан, энэрэл нигүүлсэл, үл хүчирхийллийн соёлыг хадгалахыг эрмэлзэж явдгаа илэрхийллээ.
Эхний асуулт Дээрхийн гэгээнтнээс хүмүүсийн шашин шүтлэгээ солих талаар үзэл бодлыг нь асуухад, хэрэв сайн дурын үндсэн дээр бол үүнийг хүлээн зөвшөөрдөг гэдгээ тодруулаад, Төвөдөд гэрлэлтийн үр дүнд исламын шашинд ордог хүмүүсийн жишээг дурдав. Тэрбээр мөн ганцхан шашин, ганцхан үнэн гэсэн үзэл санаа нь хувь хүний хувьд байж болох ч нийгмийн хувьд хоцрогдсон ойлголт гэдгийг онцлов. Бодит байдал дээр олон шашин, олон үнэн байдаг. Энд харилцан хүндэтгэл шаардлагатай юм.
Дээрхийн гэгээнтнээс зэвсэг, хар тамхины худалдааг хэрхэн зогсоох талаар асуухад тэрбээр:
“Саяхан Ромд болсон Нобелийн энх тайвны шагналтнуудын дээд хэмжээний уулзалтын төгсгөл дэх эцсийн тунхаглалд тодорхой дурдсан асуудлуудын нэг нь цөмийн зэвсгийг устгах талаар алхам хийх хэрэгцээ шаардлага байлаа. Энэхүү асар хор хөнөөлтэй зэвсгээс нэг эсвэл хоёрыг ашиглахад л гамшиг болно. Бид энд энх тайвны төлөө залбирч байхад, зэвсгийн худалдаанаас ашиг олж байна гэдэг нь буруу бизнес. Үүний нэгэн адилаар хүний тархины үйл ажиллагаа үнэхээрийн гайхамшигтай зүйл учраас түүний чадварыг алдагдуулж байдаг мансууруулах бодис зэрэг аливаа зүйлс үнэхээр хортой.”
Энэтхэгийн хүн амын 7-15 орчим хувийг эзлэх гадуурхагдаж, дарлагдсан хүмүүс Доктор Амбедкарыг даган буддын шашинд орсон тухай Дээрхийн гэгээнтний үзэл бодлыг асуув. Тэрбээр:
“Буддист хүний хувьд би арьс өнгө, кастын тогтолцоо зэрэгт суурилан ялгаварлан гадуурхахыг буруу гэж боддог. Будда ч мөн кастын тогтолцоог эсэргүүцэж байсан. Бид ийм хоцрогдсон уламжлалуудыг засах арга хэмжээ авах хэрэгтэй. Шашны удирдагчид үгээ хэлж, дагагчиддаа эдгээрийг засаж залруулахыг зөвлөх хэрэгтэй. Дээд кастын хүмүүс ядуу, дарлагдсан хүмүүсийн нөхцөл боломжийг сайжруулж, ажлын байр олгох замаар тусламж үзүүлэх нь зохистой бол ядуу хүмүүс өөрсдөө байр сууриа дээшлүүлж, боловсрол эзэмшихийн тулд хичээнгүйлэн ажиллах шаардлагатай. Дэлхийн олон орон дахь баян, ядуугийн асар их ялгааг мөн адил аргаар шийдвэрлэх хэрэгтэй. Ядуу тарчиг, дарлагдаж зовсон хүмүүст өөрсдийнх нь үйлийн үр учраас нөхцөл байдлыг хүлээж ав гэх нь үнэхээр зохисгүй хэрэг.” хэмээв.
Санжив Кумар танхимд цугларсан олон хүн Дээрхийн гэгээнтнийг Сантокбаагийн нэрэмжит шагналыг хүлээж авахаар морилоход урам зоригтойгоор угтан авлаа. Тэрбээр Гужарат мужийн захирагч О. П. Кохли, хүндэт зочин Панкаж Пател нарын бусад зочдын хамт дэнлүү асаан ёслолыг нээв. СРК сангийн санаачлагч, ээжийнхээ дурсгалд зориулан энэ шагналыг бий болгосон Говинд Дхолакиа энэ шагнал нь хүн төрөлхтний сайн сайхны төлөө чухал хувь нэмэр оруулсан хувь хүмүүсийг алдаршуулах зорилготой болохыг тайлбарлаад энэхүү долоо дахь шагналыг Дээрхийн гэгээнтэнд гардуулах болсноо зарлав. Дхолакиа өчигдөрхөн Дээрхийн гэгээнтэнтэй ярилцах үед, ээжийнхээ энгийн сайхан сэтгэлийн нөлөөг магтдаг Дээрхийн гэгээнтэн түүнээс ээжийнхээ ууртай царайг харж байсан эсэхийг асуусныг эргэн дурсав. Тэрбээр үгүй хэмээн хариулахад хоёулаа энэ тал дээр адилхан гэдгээ мэдэж авчээ.
Зочдод цэцгийн баглаа, сагстай жимс болон бусад дурсгалын зүйлсээр хүндэтгэл үзүүлж, хинди, гужарат хэлээр үг хэллээ. Хүндэт зочин Панкаж Пател англиар үг хэлэхдээ биднийг төрүүлсэн эх, бидэнд мэдлэг өгсөн эх Сарасвати, бидний амьдарч буй газар нутаг гэсэн гурван эхийг магтан дуулав. Дээрхийн гэгээнтний ээлж ирэхэд тэрбээр цугласан олонд хандан:
“Эрхэм хүндэт захирагч аа, эрхэм зочид, ах, эгч, дүү нар аа, би олон нийтийн өмнө үг хэлэхдээ бид бүгд хүн гэдэг утгаараа адилхан гэж үздэг. Та бүхэн энэ шагналыг надад гардуулж байгаа нь миний хувьд маш том нэр төрийн хэрэг. Төвөдийн зүүн хойд хэсгийн тариачны хүүг Гужаратын тариачны хүүтэй холбож буй энэ турбан малгайд би талархаж байна. Бид бүгдийн идэж буй хоол хүнсийг үйлдвэрлэдэг учраас тариачид нийгэмд маш чухал үүрэгтэй. Тиймээс хөдөө орон нутгаа хөгжүүлэх нь чухал. Хотуудын ядуусын хороололд бөөгнөрч байгаа ядуучууд өөрсдийнх нь тосгонд хөгжил дэвшил ирэхгүй байгаа учраас тэнд ирсэн байдаг.” хэмээн ярилаа.
“Хөдөө нутагт амьдрал сайжирвал хүн бүр үр шимийг нь хүртэнэ. Бидний өнөөгийн хөгжлийн хэв маяг тогтворгүй байгаа тул бид ядуусыг дэмжиж, каст, хүйс зэргээр ялгаварлан гадуурхах гэсэн төвөгтэй асуудлуудад өөр шийдэл олох хэрэгтэй гэж найзууд маань хэлдэг. Бид мөн хортон шавж устгах бодис болон нийлэг бордооны хэрэглээг хязгаарлаж, өөрсдийн эрүүл мэндийн төлөө илүү органик газар тариалангийн аргуудыг эрэлхийлэх хэрэгтэй байна.”
Тэрбээр өөрийн гурван амлалтаа дурдав: хүн төрөлхтний нэг болохын хувьд нийтлэг аз жаргалын төлөө хүний үнэт зүйлсийг сурталчлах; буддын шашны хуврагын хувьд хайр, энэрэл, хүлцэл, сэтгэл ханамж, хувийн сахилга бат зэрэг нийтлэг санааг агуулдаг шашны уламжлалууд хоорондын эв найрамдал, харилцан хүндэтгэлийг дэмжих. Эцэст нь, Төвөд хүний хувьд VII, VIII зуунд Наландагийн уламжлалаас Төвөдүүдийн олж авсан мэдлэг, соёлыг хадгалах сонирхолтой гэдгээ хэлэв. Энэ нь оюун санааны баялаг, гүн гүнзгий, төвөд хэлээр хамгийн зөв илэрхийлэгддэг бөгөөд өнөөдөр ч хэрэгтэй, хамааралтай хэвээр байгаа мэдлэгийг агуулдаг аж.
Үдийн хоолны дараа залуу сэтгүүлчдээс Дээрхийн гэгээнтэнд асуулт тавив. Тэр дунд шашин шүтлэгээ солих тухай асуулт дахин орж ирлээ. Дээрхийн гэгээнтэн боловсролтой хүмүүсийн шашин шүтлэгийг солиход хамаагүй хэцүү байдаг тул энэ асуудалд боловсрол чухал үүрэгтэй гэдгийг онцлоод, томоохон бүх шашны уламжлалууд сургаалаараа дамжуулан хүн төрөлхтөнд туслах боломжтойг дахин давтав. Өөрийн дагалдагчдадаа зориулж хэлэх үг байгаа эсэхийг асуухад тэрбээр:
“Сайн хүн байгаарай.” гэж хариуллаа.
Нийгмийн сүлжээний талаар Дээрхийн гэгээнтэн тэдгээрийг хэрхэн ашиглахаас хамаарч тустай эсвэл хортой байж болно хэмээгээд нийгмийн сүлжээнүүд хүмүүст гүн гүнзгий агуулга байхгүй, хэт их мэдээлэл өгдөг байж магадгүй хэмээн бодож байгаагаа илэрхийлэв. Бясалгал гэж түүний хувьд юу гэсэн үг болохыг асуухад Дээрхийн гэгээнтэн нэгэн үзүүрт төвлөрлийг сайжруулах, ажиглан шинжлэлээр мөн чанарт нэвтрэх гэсэн хоёр төрөл байдгийг тайлбарлалаа. Тэрбээр өглөө гурван цагт босоод өөрийн, ертөнцийн болон бусад зүйлсийн мөн чанар зэргийг эргэцүүлдэг гэнэ. Ийм задлан шинжилгээ нь өөрийгөө буруугаар ойлгосноос үүдэлтэй уур хилэн, шунал тачаал зэрэг хор хөнөөлтэй сэтгэл хөдлөлийг үгүй хийхэд тусалдаг байна.
“Чөлөөт цагаараа та юу хийдэг вэ?” хэмээх сүүлийн асуултын хариуд тэрбээр хошигнон:
“Унтдаг. Би унтах дуртай.” гэж хариулаад, “Бараг 80 настай хэдий ч би уншиж, судалсаар байгаа.” гэж нэмж хэлэв.
Аж үйлдвэрлэгчидтэй хийх хэлэлцүүлэг цэцэг өргөх зэрэг албан ёсны ёслолуудаар эхлэх гэж байтал Дээрхийн гэгээнтэн хэтэрхий албан ёсны үйл ажиллагаануудын оронд асуулт, хариулт солилцохыг илүүд үзэж байгаагаа илэрхийллээ. Хөтлөгч Хариш Бхимани үүнийг хүлээн зөвшөөрч, нэн даруй танхимаас асуулт асуухыг урив.
XV Далай лам гэж байх эсэх талаар асуултад Дээрхийн гэгээнтэн тус асуултын хариу Төвөдийн ард түмний хүслээс хамаарна гэдгийг нэгэнт мэдэгдсэн хэмээн хариуллаа.
Бизнесийн ёс зүйн талаар асуухад тэрбээр хүний аливаа үйл ажиллагаа ёс зүйтэй байх эсэх нь түүний цаад сэдэлээс хамаардаг гэв. Хэрэв бид бусдын сайн сайхны төлөө санаа тавих сэтгэлээр хөтлөгдвөл бидний үйлдэл ёс зүйтэй байна. Эерэг сэдэлээс гадна нөхцөл байдлыг үнэлэх чадвартай байхын тулд бидэнд мэргэн ухаан хэрэгтэй. Тамхины компани хорт хавдрын судалгааг санхүүжүүлэх зэрэг зөрчилдөөнтэй эвлэрч болохгүй бөгөөд энэ нь зэвсгийн худалдааг дэмжихийн хажуугаар энх тайвны төлөө залбирч буйтай адил юм.
Жайнизмын багш Махавира болон Будда хоёрын ялгааны талаар ярьж өгөхийг хүсэхэд Дээрхийн гэгээнтэн Махавира тэр хоёрын ахмад нь байсныг даруй зөвшөөрөөд, хоёулаа үл хүчирхийллийг чухалчилж байсан бөгөөд тэдний сургаалын ялгаа нь атман эсвэл анатманд хандах хандлагад оршдог, зөвхөн буддизм л ямар нэгэн бодитой би-г үгүйсгэдэг болохыг тайлбарлав.
Байгууллагуудын нийгмийн хариуцлага сайн дурынх байх ёстой юу, эсвэл заавал байх ёстой юу гэсэн асуултад Дээрхийн гэгээнтэн сайн үйлс үргэлж сайн дурынх байх ёстой гэсэн байр суурийг илэрхийлэв. Тэрбээр ийм зүйлд дүрэм журам тогтоох л юм бол тэр нь хуурамч дүр үзүүлэх явдлын халхавч болно хэмээгээд бусдын аз жаргал, сайн сайхны төлөөх үйлдлүүдийг эерэг, ёс зүйтэй гэж үзэж болно гэдгийг тодруулан ярилаа.
Уулзалтын төгсгөлд түүнээс адис авахыг хүссэн хүмүүс тойрон бүчихэд тэрбээр:
“Баярлалаа. Өчигдөр, өнөөдөр хоёр энд байхад маш сайхан байлаа. Баярлалаа.” гэж хэлж амжив.
Дээрхийн гэгээнтэн маргааш Энэтхэг-Төвөдийн Мангал Майтри Сангх холбооноос зохион байгуулах олон нийтийн хэлэлцүүлэгт үг хэлэхээр Насик хот руу явна.
Англи хэлнээс орчуулсан Б.Одгэрэл