Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала, Тэгчэн Чойлин – Олон жил Сенатын танхимыг тэргүүлж, ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан Боб Доул таалал төгссөн тухай мэдэгдлийг сонсоод Дээрхийн гэгээн Далай лам түүний эхнэр, Сенатын гишүүн Элизабет Доулд гүн эмгэнэл илэрхийлж захидал илгээв.
Дээрхийн гэгээн захидалдаа “Намайг АНУ-ын Вашингтон хотод айлчилж байх үед танилцаж, сайхан нөхөрлөсөн Сенатын гишүүдийн нэг нь Боб Доул байлаа. Эрх чөлөө, соёлоо хадгалан хамгаалахын төлөө тэмцэж байгаа төвөдүүд, мөн өөрсдийгөө хамгаалах чадвар мөхөс хүмүүсийг энэрч хайрлан, анхаарал хандуулдаг хүн гэдгийг нь түүнтэй уулзах бүрдээ би мэдэрдэг байсан. Тэрбээр Төвөдийн ард түмний анд нөхөр нь юм.
Сенатын гишүүн Доул олон арван жилийн турш нийтийн үйл хэрэгт өөрийгөө зориулж, утга учиртай, баялаг амьдралыг туулжээ. Америкийн үнэт зүйлс болох эрх чөлөө, тэгш байдал, шударга ёсонд голлон анхаарч түүнийхээ төлөөлөл байж чадсанд нь түүнийг машид ихээр хүндэлдэг юм. Тэрбээр хамтран зүтгэгчидтэйгээ зарчмын хувьд санал зөрж болох хэдий ч хүн гэдэг үүднээс бие биенээ хүндлэх нь ямар чухал гэдгийг өөрийн биеэрээ харуулсан билээ” хэмээн дурджээ.
Дээрхийн гэгээн захидлаа ерөөл, залбирлаар өндөрлөв.
Англи хэлнээс орчуулсан Б.Баярмаа