Энэтхэг, Ладак муж, Лех хот, Шивацал - Өнөө өглөө Инд мөрний түүхэн газар болох Синду Гаатад Дээрхийн гэгээн Далай ламын Ладак дахь энэ удаагийн айлчлалд зориулсан баярын үйл ажиллагаа болж өнгөрлөө. Ладакийн Өөртөө засах уулын бүс нутгийн хөгжлийн товчооны эрхэм дэд дарга Цэрэн Анчок нээлтийн үгэндээ Жанрайсиг бурхны хувилгаан бөгөөд дэлхийн энх тайвны манлайлагч Дээрхийн гэгээн, Гандан Три ринбүүчи тэргүүт багш, лам хувраг, зочдод хүндэтгэл үзүүлэв. Тэрбээр Ладакийн нийт ард түмний өмнөөс Дээрхийн гэгээнийг Ладакт дахин дахин морилох болтугай хэмээн залбирлаа.
Баярын үйл ажиллагаа Дээрхийн гэгээний хүчирхийллээс ангид, энэрэн нигүүлсэл, эв найрамдлын төлөөх тууштай зүтгэл, буддын шашин болоод дэлхийн энх тайвны тулгуур багана болох байр суурийг магтан дуулсан Мипам Оцалын дуугаар эхлэв. Залгуулаад Дээрхийн гэгээний үйлс зохионгуйг товч тоймлон, Ладакт хийсэн айлчлалд нь талархаж, дахин дахин айлчлахыг нь хүсэж буйг давтан илэрхийлжээ. Гүйцэтгэх зөвлөлийн дарга эрхэм хүндэт Даши Гялсон, гүйцэтгэх зөвлөлийн гишүүд, сөрөг хүчний удирдагч, дэд комиссар нар Ладакийн ард түмний талархлыг дамуулан, Дээрхийн гэгээнд дурсгалын зүйлс гардууллаа. Ингээд түүнийг цугласан олонд хандан айлдвар айлдахыг хүсэв.
"Энэхүү баярын арга хэмжээг зохион байгуулсан миний найзууд, Ладакийн ард түмэн та бүхэнд талархлаа. Эндээс би Сток дахь Бурхан багшийн үлэмж сэрэг дүрийг харж байна. Би бээр бидний нинжин сэтгэлт багш Бурхан багшийн дагалдагч билээ. Бурхан багшийн сургаалын мөн чанар нь хүчирхийллээс ангид, бусдад хор хөнөөлийг үл учруулан, тэдэнд эелдэг, нинжин сэтгэлээр хандах явдал юм. Би бол Бурхан багшийн дагалдагч бикшү хувраг хүн. Хаа явсан газраа хүчирхийллээс ангид байхын ач холбогдлын талаар хүмүүст ярьдаг. Бурхан багшийн дагалдагч, бясалгагч, хувраг хүний хувьд би хүчирхийлэл ангид, энэрэн нигүүлсэхүйг түүний гол сургаал гэж үздэг.
Өнөөдөр дэлхийн олон оронд Бурхан багшийн зарлиг, ялангуяа бидний оюун ухаан, сэтгэл хөдлөл хэрхэн ажилладаг талаарх сургаалыг сонирхох нь нэмэгдэж байна. Мэдээж бид дэлхийн энх тайвны талаар ярьдаг ч энх тайван нь хувь хүний сэтгэлийн амар амгалангаас хамааралтай.
Нэг удаа том танхимд би өмнийн огторгуйдаа Бурхан багшийн дүрийг харлаа. Тэрбээр над руу дохиход нь би түүнд ойртон очив. Тэрбээр эелдэг зөөлнөөр толгойг минь илэхэд баяр, гуниг холилдсон мэдрэмж намайг эзэмдлээ. Тэр үед би Бурхан багшийн номд бие, хэл, сэтгэлээрээ үйлчлэх шийдвэрээ дахин баталгаажуулсан юм".
"Бурхан багшийн сургаал зөвхөн итгэл үнэмшлээс гадна логик, учир шалтгаанд суурилдаг билээ. Энэ нь түүний энх тайвныг сахиж, бусдад хор хөнөөл учруулахгүй байх захиасын хувьд ч адил байдаг. Дэлхийд энх тайван хэрэгтэй. Энэ бол зөвхөн ганц хоёр гэр бүлийг харж хандах асуудал биш, харин дэлхийн бүх хүнийг хайрлан халамжлах явдал юм. Тиймээс би бидний энэрэнгүй, сайхан сэтгэлт Бурхан багшийн захисныг дагаж мөрдөхийн тулд чадах бүхнээ хийдэг. Хүчирхийллээс ангид байх захиасыг чадах чинээгээрээ түгээх нь миний үүрэг гэж үздэг юм.
Энэ нутагт хүмүүс надад халуун дулаанаар хандаж, намайг маш сайхан хүлээж авлаа. Би энд лам хувцсаа өмсөөд, даян дэлхийн амар амгалан төдийгүй бидний өөрсдийн амьдрал ахуй, гэр орны амар амгалангийн талаар ярьж, Бурхан багшийн нинжин сэтгэлийг дурсахаар ирсэн билээ. Надад нэмж хэлэх зүйл бага байна.
Өмнө та бүхэнд хэлсэнчлэн би энэрэнгүй, нинжин сэтгэлт Бурхан багшийн дүртэй нүүр учирсны дүнд түүнд чадахаараа үйлчлэхийн төлөө хамаг хүчээ дайчлан хичээсээр байна.
Эдүгээгийн дэлхий ертөнцийг харахад хүч хэрэглэх хандлага түгээмэл ажиглагдаж байна. Хүчирхийллээс ангид дэлхий ертөнцийг бий болгохын тулд бид илүү хичээх хэрэгтэй. Өөрийн амьдралдаа бусдад хор хөнөөл учруулахгүйн тулд чадах бүхнээ хийгээрэй. Бид энх тайвны төлөө хичээж ажиллах хэрэгтэй. Энэ бол миний хийдэг зүйлийн нэгээхэн хэсэг. Хэрвээ хүн бүр өөрийн байгаа газартаа энх тайван, хүчирхийллээс ангид байдлыг хөгжүүлэхийн төлөө хичээвэл дэлхий дахинд энх тайвныг тогтоож чадах итгэл найдвар бий. Хэрэв бид үүнийг хийж чадвал зөвхөн өөрсдөдөө сэтгэлийн амар амгаланг олж аваад зогсохгүй эргэн тойрондоо эерэг уур амьсгалыг бий болгох боломжтой гэж бодож байна.
Өнөөдрийн энэ үйл ажиллагааг зохион байгуулахад оролцсон бүх хүнд талархлаа. Би энэ насны амьдралаа хүчирхийллээс ангид байхыг сургахад зориулсан бөгөөд үүнийгээ дэлхийн бүх хүнд хүргэхийг хичээсээр ирлээ. Дэлхий дахинд энх тайван болоод хүчирхийллээс ангид байх талаар санаа тавих нь нэмэгдэж байгаа нь тун сайшаалтай хэрэг билээ. Энэ бол бидний найдаж буй зүйл бөгөөд түүнд хүрэхийн тулд хичээх нь бид бүхний үүрэг билээ. Дэлхийд энх тайван тогтох болтугай хэмээн би залбирдаг. Та бүхнийг ч мөн түүнд хүрэхийн тулд чадах бүхнээ хийхийг уриалж байна. Та бүхэнд баярлаж буйгаа дахин хэлье. Дашидэлэг".
21 эмэгтэйн баясгалант бүжгийн үзүүлбэрийн дараа зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч эрхэм Кунчок Цэпэл талархлын үг хэлж, Дээрхийн гэгээнийг урт наслахыг ерөөв.
Эцэст нь Дээрхийн гэгээн үйл ажиллагааны зохион байгуулагчид, бусад зочдын хамт үдийн зоог барьсны дараа Шивацал Повран руу буцлаа.
Англи хэлнээс орчуулсан Б.Одгэрэл