Энэтхэг, ХП, Дарамсала, Тэгчин Чойлинг - Өнөө өглөө Дээрхийн гэгээн Далай лам өргөөнийхөө үүднээс Зүглэгхан дуганы доод талын тусгай тавцан хүртэл хашааны голоор алхав. Спитид нутгийн уугуул Сэркон ринбүүчи гартаа хүж барин өмнө нь явах ба замдаа Дээрхийн гэгээн хэсэг зогсож, хэдэн ширээн дээр байрлуулсан шүтээний ариун эд зүйлс, эрих, рашаан, бурхны дүр зэргийг адислалаа. Уламжлалт үндэсний хувцсаараа гоёсон эмэгтэйчүүд хоёр гартаа сүү, тарагтай домбо барин түүнийг угтахаар эгнэн зогссон байв. Дээрхийн гэгээн хашааны хоёр талаар эгнэн суугаа 1300 орчим спити үндэстэн хүмүүстэй халуун дотноор инээмсэглэн гараа даллан мэндчилэв.
Дээрхийн гэгээнийг сэнтийд заларсны дараа Сэркон ринбүүчи түүнд мандал өргөж, Бурхны лагшин, зарлиг, тааллыг бэлгэдсэн ариун шүтээний зүйлсийг барилаа. Дараа нь тэрбээр Табогийн хамба ламын хойд дүрээр тодорсон бяцхан хүүгийн дэргэд, Дээрхийн гэгээний баруун талд суув. Спити үндэстний төлөөлөл болсон хүмүүс сэнтийн өмнө эгнэн зогсож олон зүйлийн өргөл өргөв. Тэнд хуран цугласан олон Дээрхийн гэгээний хоёр багш Линг ринбүүчи, Трижан ринбүчи нарын зохиосон Далай ламын өлмий бататгах залбирлыг хамтдаа уншлаа.
Өөдөөс нь харан сууж буй хувраг, сүсэгтэн олонд хандан Дээрхийн гэгээн ийн айлдаж эхлэв:
"Шашин нэгт номын анд нөхөд өө, Энэтхэгт дүрвэн ирээд би тус улсын баруун хойд хэсэгт надад итгэж, сүсэглэдэг хүмүүс байдгийг мэдсэн билээ. Төвөдийн ард түмэн надад гүн гүнзгий итгэл сүсэгтэй байдгийн адил Спити болон Гималайн бүс нутгийн зон олон ч мөн надад үнэнч байж, чадах чинээгээрээ тусалж дэмжиж ирсэн билээ. Та бүхэн үнэн сүсэгтэй, чин бишрэлтэй хүмүүс юм шүү."
"Далай лам гэдэг алдрыг би авч яваа хүн. Энэ нэр тийм ч гүн утга учиртай биш ч, би хүүхэд байхдаа Далай ламын дүрээр тодорч, оюун судлахуй (төвөд: ло риг), учир шалтгааны ухаан (төвөд: та риг), билгүүний чанадад хүрэхүй болон төв үзлийн философийг судалсан. Дараа нь Илт мэдлэгийн санг судалсан ч үүний агуулгын ихэнх нь батлагдах боломжгүй байсан тул надад хэцүү санагддаг байв. Үүний дараа би Винайн ёсыг, дараа нь тарнийн аймагт суралцсан юм."
"Бурхны шашин нь сэтгэл оюуны үйл явцыг таних, сэтгэл хөдлөлийг зохицуулах тал дээр маш их мэдлэгийг хуримтлуулсан болохыг би ойлгож мэдсэн билээ. Бурхан багшид итгэн сүсэглэдэг минь түүний сургаалыг ойлгож мэдсэн ухааралд суурилдаг юм. Иймд би өглөө бүр бодь сэтгэлийг төрүүлэх, хоосон чанарын үзлийг тунгаах бясалгал хийдэг."
"Түүнээс гадна, боломж гарвал би хүмүүст сайхан сэтгэлтэй байхыг зөвлөж, бүх аливаа зүйлд өөрөөсөө бүтсэн бодитой чааар байхгүй, хоосон чанартай гэдгийг тайлбарладаг юм.
"Хятадууд хэдий буддын шашинд сүсэгтэй боловч энэ талаар маш бага суралцаж байна. Тиймээс Төвөдийн уламжлалт буддын шашныг илүү сайн ойлгохыг хүссэн хятад хүмүүст бид тусалж чадна гэж боддог доо."
"Буддын сургаалыг сонирхдог та бүхэн энэ уламжлал нь залбирал, тарнийн уншлага төдий зүйл биш гэдгийг мэдэж байгаа байх. Бидний хийх ёстой зүйл бол суралцах юм. Дараа нь сургаалын агуулгыг ойлгож авснаар мэдлэг дээр суурилсан бат итгэл сүсэгт бидэнд төрнө."
"Өнөөдөр спитичүүд, ялангуяа Табогийн орчмын нутгийнхан та бүхэн надад урт наслахын ерөөл залбирлаа өргөж байна. Ийм ерөөл залбирлыг үр дүнтэй байлгах эсэх нь долоо хоног залбирал унших төдийд бус, зүрх сэтгэлийнхээ гүнээс залбирч байгаа эсэхээс шалтгаална гэдэгт би итгэдэг. Миний амьдран сууж байгаа энэ газарт, надад зориулж эсэн энх, өлмий бат оршихын ерөөл өргөхөөр зорин ирсэнд тань би талархаж байна. Та бүхэн энэ бүхнийг гүн гүнзгий асрал хайр, хүндэтгэлтэйгээр хийж байгаад баярлаж байна."
Дээрхийн гэгээн, өмнө нь сууж байгаа олны дундаас хэдэн хүн өөрөөс нь товч сургаал айлдаж өгөхийг хүссэн болохыг дурдав. Бурхан багш бээр өрөөл бусдын зовлонг тань сэтгэл нь ихэд шаналсан тул язгууртны элбэг хангалуун амьдралаа орхиж, энэ зовлонг арилгах гарц хайн оюун санааны зам мөрөөр замнасан гэв. Эцэст нь тэрбээр Бодгаяад бясалгасаар зөвхөн энэ насны амьдралын эгэл таашаал ханамжийг олохоос хавьгүй дээд амжилт болох гэгээрлийн хутагт хүрсэн билээ.
Дээрхийн гэгээн бодь сэтгэл төрүүлэх залбирал уншина гэж зарлав. Мөн энд байгаа хүмүүс өөртэй нь маш хүчтэй барилдлагатай агаад нэгэн үзүүрт итгэл сүсгээр цугласан болохыг тэмдэглэлээ.
"Саяхан нэгэн сүмд сууж байхад минь Бурхан багш өмнийн огторгуйд урган үзэгдэв. Тэгээд намайг дуудаж, би дөхөж очлоо. Тэрбээр надад ихэд талархаж байгаа бололтой толгойг минь илэв. Ганц шоколад байснаа өргөхөд минь болгоолоо. Тэгэхэд би өөрийгөө гурван санваараа алдалгүй сахиж, бусдад сургаал ном айлдаж байснаараа Бурхан багшдаа бясалгал бүтээлийн өргөл өргөж дээ гэж бодсон билээ."
"Үүний адилаар та бүхэн ч бас ямар нэг албадлагагүйгээр, чин үнэн сэтгэлээсээ намайг урт наслаасай гэж хүссэндээ ийнхүү бат оршил өргөж байна. Энэ л жинхэнэ эсэн энх, бат оршихын өргөл мөн тул би үүнийг тань баяртайгаар хүлээн авъя."
"Номын охь шим нь бодь сэтгэл юм, үүнийг сэтгэлдээ төрүүлэх үүднээс дараах мөрүүдийг гурван удаа давтан хэлээрэй:
Бурхан, ном, хуврагийн чуулганд
Би гэгээрэлд хүртлээ авралыг одуулна
Өөрийн хийгээд хамаг амьтны тусын тулд
Би бээр гэгээрэлд хүрэх болтугай!
"Будда, бүх зүйл тодорхой байдлаар харагддаг ч, яг харагдаж байгаа шигээ оршдоггүй гэж айлдсан. Өөрт тань харагдаж буй бүхнийг шинжилж үзвэл, тэдгээрийн аль нь ч өөрөөсөө бүтэж оршдоггүйг ойлгоно. Аливаа бүхэн өөрийн зүгээс бүтэж оршдоггүй, гагцхүү нэрийн төдий оршдог.
Та намайг хараад, Далай лам гэдэг нь миний толгойд байна уу, духанд байна уу, цээжинд байна уу, хөлөнд байна уу гэж асууж үз. Эдгээрийн аль нь ч Далай лам биш. Далай ламын биеийн хэсгүүд болон дуу хоолойны алинд ч Далай лам байхгүй. Далай Лам эдгээрт нэрийн төдий оршдог юм. Бүх зүйл зөвхөн нэрийн төдий оршдог гэдэг нь Буддагийн хамгийн чухал сургаал. Гэсэн хэдий ч, бидний номхроогүй оюун ухаанд бол бүх зүйл яг л харагдаж байгаа шигээ оршдог мэт санагддаг билээ.
Хэрэв та намайг биеийн минь хэсгүүдээс олж чадахгүй бол, энэ нь би оршдоггүй гэсэн үг үү? Үгүй ээ, гэхдээ шинжилж үзвэл, би зөвхөн нэрийн төдийд л оршдог болох нь илт болно."
Бат оршил өргөх ёслолыг өндөрлөн, Табогоос ирсэн ногоон өнгийн спити үндэстний дээлээр гоёсон эмэгтэйчүүд Дээрхийн гэгээнд зориулан өлзий хутгийн дуун өргөл өргөв. Дээрхийн гэгээн тэдэн рүү харж, анхааралтай сонсов. Дараа нь тэрбээр олны дунд сууж, бүгдээрээ хамтдаа зураг татуулав.
Үүний дараа Дээрхийн гэгээн цахилгаан шатаар гол сүмд морилов. Тэнд Намжил дацангийн лам нар Доржпүрэвийн зан үйл үйлдэж байлаа. Лам нар хэд хоногийн турш энэ зан үйлийг үйлдэж, тахилын балин, олон нийтэд түгээх үрэл зэргийг бүтээсэн байв. Дээрхийн гэгээн сэнтийн өмнөх сандал дээр сууж, арван таван минут орчим залбирал уншлагад оролцлоо.
Үүний дараа тэрбээр сүмээс гарч, цахилгаан шатаар буугаад, цугласан олны зүг мишээн далласаар цахилгаан гольфын тэрэг рүүгээ алхлаа.