Энэтхэг улс, Карнатака муж, Былакуппэ хот. 2014 оны 1 дүгээр сарын 3. Энэ өглөө Дээрхийн гэгээн Далай лам Сэра Жэй хийдээс гарч, айлдварын талбай руу алхах үед гадаа харанхуй, хүйтэн байлаа. Цаг эрт байсан ч хүмүүс Дээрхийн гэгээнийг угтахаар зам дагуу инээмсэглэсэн зогсож байв. Тэрбээр Жанрайсигийн авшиг хүртээх зэхэл үйлээ эхлүүлэхээр явж байв. Дээрхийн гэгээн зэхэл үйлийг үйлдэх хугацаанд лам хуврагуудыг ном хаялцахыг хүссэн бөгөөд лам нар ч идэвх зүтгэлтэйгээр гүйцэтгэж байв.
Айлдвар эхлэхэд бэлэн болж, Дээрхийн гэгээн ийн өгүүлэв. “Бидний юутай ч үл зүйрлэх багш, Шагжийн арслан Бурхан багш бээр 2600 жилийн өмнө энэ ертөнцөд залран иржээ. Нэгэн удаа Амритсарт шашин хоорондын уулзалтад оролцохдоо надад тохиолдсон нэгэн яриаг та бүхэнд ярьж өгье. Энэ нь Бурхан багшийн сургаалыг бусад шашны уламжлалтай харьцуулан ойлгоход тусална. Суфийн нэгэн эрдэмтэн “Суфичууд бол хайр, энэрэн нигүүлсэхүйг чухалчилдаг лалын шашны үзэл, бясалгалын уламжлалыг дагагчид билээ. Бүх шашин гурван асуултад хариу эрэлхийлдэг” гэсэн юм. Үүнд “Би буюу өөр гэж юу вэ? Тэр нь эхлэлтэй юү? Тэгвэл төгсгөлтэй байж болох уу?” гэсэн асуулт байлаа” хэмээн айлдвараа эхлэв.

Дээрхийн гэгээн цааш үргэжлүүлэн, “Би буюу өөр гэж юу болох тухайд буддын шашин үүсэхээс өмнөх бүх шашны уламжлал бие, сэтгэлийн нийлбэрийг захирдаг ганц, мөнх, бие даасан “би” байдаг хэмээн итгэж байсан бололтой. Харин буддын шашин ийм “би” үл оршино гэж үздэг. “Би” гэдэг ойлголт нь бидний төрөлхийн буруу ойлголтоос үүддэг. Өөрөөр хэлбэл, бид “би”-г ганц, мөнх, бие даасан зүйл хэмээн эндүүрдэг. Үүнийг сорьдог нь зөвхөн буддын шашин юм. Бурханд итгэх үзэлтэй шашнууд “би” буюу өөр нь ертөнцийг бүтээсэн эхэн үед бий болсон гэж үздэг. Би нэгэн христийн шашны найз, эрдэмтнээс “Хэрэв христийн шашинтнууд өмнөх төрөл байдаг гэдгийг хүлээн зөвшөөрвөл юунд буруу байх вэ?” гэж асуусан юм. Тэрээр “Тийм байх боломж үгүй. Учир нь энэ амьдралыг Бурхан бүтээсэн” гэж хариулсан билээ. Харин бурханд итгэдэггүй Санкхьягийн сургууль “би” буюу өөр нь эхлэлгүй гэж үздэг. Би нэгэн хиндү эрдэмтэнтэй уулзахдаа ухамсарт “би” эхлэлгүй гэж хэлж байхыг сонсож байлаа. Буддын шашинд бүтээгч бурхан байдаггүй. Мөн мөнхийн “би” ч байдаггүй. Тиймээс “би” буюу өөр нь эхлэлтэй гэж үздэггүй билээ.
Бид бурханд итгэдэг шашны сургуулиудаас хүн нас барсны дараа юу болохыг асуувал хариулт нь тодорхой бус, бүрхэг байдаг. Христийн шашинтнууд уламжлал ёсоор цогцсыг авсанд оршуулж, эцсийн шүүлтийг хүлээдэг. Буддын шашны нэгэн доод сургаалын үзлээр бол мокша буюу чөлөөлөлтөд хүрэх үед түлш нь дуусахад дэнлүүний дөл унтрахтай адил оршихуй төгсөнө гэж үздэг аж. Дараа нь ойролцоогоор 200 жилийн өмнөөс шинжлэх ухаан энэ асуудалд орж ирсэн. Өнөө үед зарим мэдрэлийн шинжлэх ухаанчид сэтгэл, бодол санаа нь тархинд нөлөөлж чаддаг болохыг харуулж байна. Танин мэдэхүйн тодорхой байдал бүхий ухамсар тархинд нөлөөлж чадна. Миний нэрлэдгээр буддын шинжлэх ухааныг сонирхож буй эрдэмтэд бий” хэмээн айлдсан юм.
Дээрхийн гэгээн мянган мутарт, мянган мэлмийт Жанрайсиг бурхны авшиг хүртээх гэж буйгаа зарлав. Үүнтэй холбогдуулан сүсэгтэн хүний сахил хүртээж, гэгээрэлд хүрэх эрмэлзлийг төрүүлэх үйлийг удирдан явуулсны дараа Бодьсадвагийн сахил хүртээхээ хэлэв. Энэ нь түүний айлдаж ирсэн “Бодь мөрийн зэрэг” дээдийн номын айлдварын зохист төгсгөл болох юм хэмээн тайлбарлалаа.
Авшиг хүртээх ёслол дууссаны дараа Шашин, соёлын асуудал эрхэлсэн Калон, Төвөдийн Ардын төлөөлөгчдийн хурлын дарга, мөн Кашагийн өмнөх тэргүүн Касур Самдан ринбүүчи тэргүүт цугласан олонд хандан үг хэлэв.

Үүний дараа Дээрхийн гэгээн дахин үг хэллээ. “Энд Төвөдөөс ирсэн нэлээд олон төвөд хүн байна. Бид эрх чөлөөт улсад уулзаж байна. Төвөдөд байгаа хүмүүс хилийн чанадад буй биднийг тэднийг мартахгүй хэмээн найдсаар байна. Бид хилийн чанадад одсоноос хойш 54 жил, 1949 оноос хойш 64 жил өнгөрчээ. Гэсэн ч төвөд хүмүүсийн сэтгэл санаа мохоогүй байна. Өнөөдөр бүр бага балчир хүүхдүүдийн сэтгэл санаа ч хүчтэй байна. Үүний зэрэгцээ хатуу байр суурьтай, явцуу үзэлт хятадын удирдагчид Төвөдөд хатуу захиргаа тогтоож болох ч төвөд хүмүүсийн сэтгэл санаа улам хүчирхэгжсээр байна. Өнөөдөр энд Төвөд дэх төвөд хүмүүсийг төлөөлөн сууж буй та бүхэнд талархлаа илэрхийлье. Та бүхэн болон та бүхний сэтгэл санаа үнэхээр гайхалтай гэж би бодож байна. Буддын шашин Төвөдөд дэлгэрэхээс өмнө бид тэмцэл хийхээс огтхон ч буцдаггүй байлаа. Харин Буддын шашин бидний дунд дэлгэрснээс хойш бид энэрэн нигүүлсэхүйн соёлтой болсон бөгөөд энэ нь өнөөдөр дэлхий дахинд хэрэгтэй байж болох юм. Төвөдөд аялж буй өрнөдийнхөн болоод хятадууд төвөд хүмүүсийг онцгой энэрэнгүй хүмүүс болохыг хардаг. Гэхдээ зарим хүмүүс ёс суртахууны хувьд доройтож байна гэж сонслоо. Бид дэлхий дахины өмнө бий болгосон нэр хүндээ хадгалж, сайжруулахыг хичээх хэрэгтэй. Сайн нэр хүндээ хэвээр нь авч үлдэх хэрэгтэй. Хилийн чанадад буй бид ч үүнийг санаж явах ёстой.
Биднийг хэл, соёл хоёр минь нэгтгэн барьж байдаг. Буддын шашин бол бидний үнэмлэхүйн нэгэн чухал хэсэг юм. Тиймээс бид төвөдүүдийн хувьд буддын шашныг сонирхон судлах хэрэгтэй. Төвөдийн буддын шашныг сонирхож буй та бүхний гадаадын хүмүүс бидэнд тусалж чадна. Учир нь манай шашин, соёл маш чухал, шийдвэрлэх цаг үедээ байна. Тэд цаашид оршин тогтнох эсэхийг хэлэхэд амаргүй байна. Би бидний шударга зорилгын төлөө тэмцэхийн тулд олон янзын арга замыг туршиж ирсэн. Бид энх тайван, хүчирхийлэл үл хэрэглэх замаар илүү сайн, илүү тэгш ертөнцийг бүтээх ёстой. Бэрхшээлтэй тулгарах үедээ бид хүчирхийлэл үл хэрэглэх зарчмыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Бидэнд яриа хэлэлцээр хэрэгтэй. Хамтдаа сууж, асуудлаа ярилцан шийдвэрлэх хэрэгтэй. ХХ зуун бол хүчирхийллийн үе байсан. ХХI зуун хүчирхийлэл үл хэрэглэх эрин үе байх ёстой.
Өнөөдөр энд гадаадын орнуудаас ирж, Төвөдийг сонирхон, бидэнтэй нөхөрлөж буй та бүхэн өөрсдийн улс орондоо nөвөдийн нөхцөл байдлын талаар хүмүүст ойлгуулж өгөөрэй. Миний байнга хэлдэг шиг, та бүхэн шиг нөхөд бол зөвхөн “Төвөдийг дэмжигчид” бус, харин шударга ёсыг дэмжигчид гэдгийг санаарай. Машид талархлаа” хэмээн айлдвараа өндөрлөжээ.










