Энэтхэг, Карнатака, Билакуппе, 2025 оны 2-р сарын 5. Өнөө өглөө Дээрхийн гэгээнтэн Далай лам сар шахам хугацаагаар заларсан Дашлхүмбэ хийдээс Сэра Лачи хийд рүү машинаар мориллоо. Хийдийн хурлын дуганд хүрэлцэн ирсэн Дээрхийн гэгээнтнийг дээд давхрын өрөөнд, Гандан Три Ринбүүчий, Шарзе, Жанзанчойжоо, Сэра Мэ, Сэра Жэ, Бэрээвэн Гоман, Бэрээвэн Лосэлинг, Гандан Шарзе, Гандан Жангцэ, тарнийн ёсны Жүд, Жүмэ дацан болон Дашлхүмбэ, Сэгү, Ратө зэрэг арван нэгэн дацан сургуулийн тэргүүн хамба нар хүндэтгэн хүлээн авч уулзав.
"Учир шалтгааны ухаан, логикоор дамжуулж судалдаг Бурхан багшийн сургаал зөвхөн Төвөдөд л хадгалагдсаар ирсэн. Энэ уламжлал сэтгэл оюун ухааныг хувирган өөрчлөх маш үр дүнтэй аргуудтай тул бид үүнийг хадгалан хамгаалахын төлөө чармайх ёстой.
Хүний сэтгэл оюун хэрхэн ажилладаг талаарх мэдлэг өөр уламжлалд бус манай өв уламжлалд агуулагдсан байдаг тул бид ийн хичээх ёстой. Хүний сэтгэл оюуны талаар ийм ойлголттой тул бидэнд муу сэтгэлийг дарах, эерэг бодлыг төрүүлэх арга хэрэгсэл бий билээ. Энэ бүгдийг нарийн нямбай судалж үзсэний дараа бид сэтгэл оюуныг өөрчлөх арга хэрэгслүүдийг зөв ашиглаж чадна. Тэгэхээр буддын сонгодог судар бичгүүдийг судлах нь хүний амьдралд бодитой тустай байх нь ээ.”
Энэ үед хурлын дуганд цугларсан хүмүүс бурхан багшийн магтаал, "Наландагийн 17 их бандидагийн магтаал", Дээрхийн гэгээнтний зүрхэн тарни зэргийг уншлаа.
Дээрхийн гэгээнтэн бурхан шүтээний тахилын ширээн дээрх зулыг асаагаад хуврагийн чуулганы өөдөөс харж заларлаа. Түүний зүүн талд хуучин Гандан Три ринбүүчи, Жанцанчойжоо зэрэг арван нэгэн хийдийн хамба нар суудлаа эзлэв. Баруун талд нь одоогийн Гандан Три ринбүүчи, гэвш лхаарамба Лувсандорж, Гандан Пован сангийн ажилтнууд суув. Төвөдийн Захиргааны албан хаагчид хуран чуулсан олны эхний эгнээнд лам нартай хамт суув. "Дамжлагын багшид тахил өргөх", "Ламын чодва" зэрэг хурлын уншлагаар бат оршил өргөх залбирал эхлэв.
Нийт цугласан хүмүүст цав, гамбир түгээв. Богд Зонхов болон түүний хоёр шавьд өргөх залбирлаар манз адислав.
Төвөдийн орны номыг тээн дэлгэрүүлэгч Зонхов
Учир шалтгааны ухааны эзэн Жалцавжий
Судар тарнийн ёсыг сахин хамгаалагч Хайдавжий хэмээх
Эцэг хүү гуравт энэхүү ундыг өргөе.
Дараах залбирлаар цав адислалаа.
Зүйл бүрийн амтат идээн хийгээд
Цэцэгс, хүж, зул тэргүүтэн
Бодитой хийгээд сэтгэлээр хувилгасан бүгдийг
Буяны дээд чуулганы орон танаа өргөе.
Дараа нь хурлын бэрээс түгээлээ. Ламын чодвын хурал үргэлжилсээр цог өргөх хэсэг эхлэв.
Хурлыг удирдаж буй очирт багш болох Жанцанчойжоо Госок ринбүүчи бээр Дээрхийн гэгээнтнийг урт удаан ажрахыг хүсэмжлэн очирт суурь зэрэг шүтээний өргөлүүдийг өргөв. Сэра Мэ, Сэра Жэ хийдийн хамба лам нарын хамтаар эхлээд Дээрхийн гэгээнтэнд мандал өргөж, дараа нь бурханы бие, хэл, тааллыг бэлгэдсэн шүтээн, ламын дээл (намжар), олбог (дингва), ламын банзал, таяг (харсил), 8 тахил, төрийн 7 эрдэнэ, найман зай зэргийг тус тус өргөлөө.
Олон улсын гэлүк байгууллагын төлөөлөгчид болон өнөөдрийн хурлын өглөгийн эздийг Дээрхийн гэгээнтнээс адис хүртэх зуур Дээрхийн гэгээнтний хоёр багшийн зохиосон “Далай ламын өлмий бататгах залбирал”-лыг уншив. Шинээр томилогдсон Шарзэ Чойжоо бээр талархлын мандал өргөлөө. Сэра хийдийн ажилтнууд ирж адис хүртэв.
Дээрхийн гэгээнтэн хурсан олонд хандан: "Өнөөдөр Сэра хийдээс бат оршил өргөлөө. Сэра, Гандан, Бэрээвэн гурван их дацан хийдийн хуврагууд олон арван жилийн турш надад чин итгэл, сүсэгтэй байсаар ирсэн билээ. Энэ гурван хийдтэй би үргэлж ойр байдаг агаад лам нар нь надад онцгой хүндэтгэлтэй ханддаг. Бидний хоорондох энэ итгэл, барилдлага огтхон ч суларч хэлбийж байсангүй. Энд цугласан болон бусад хийд орны лам хуврагуудын сайн сайхны төлөө залбирал ерөөлөө зориулъя.
Урьдын үйл ба ерөөлийн үрээр би энэ насандаа Төвөдийн ард түмэнтэй онцгой барилдлагатай байх хувьтай ажээ. Төвөдийн зон олны төлөө зүтгэх тухай бодохын төдийд нүдний нулимс цийлгэнэдэг нь ард түмнээ гэх халуун дотно сэтгэлийнх биз ээ. Зүрх сэтгэлийнхээ гүнээс би Төвөдийн төлөө, тэнд бурханы номыг дэлгэрүүлэхийг төлөө зүтгэсээр байх болно. Үүнтэй холбоотой намайг 110 нас зооглоно гэсэн шинж тэмдгүүд гарсан байдаг.
“Дэлхий дахинд буддын шашныг сонирхдог хүмүүс Сэра, Гандан, Бэрээвэн гэсэн гурван их хийдийг ихэд хүндлэн дээдэлдэг. Энэ хүмүүсийн олонх нь, тэр дундаа шинжлэх ухааны эрдэмтэд надад тун ч онцгой сайхан ханддаг. Тэд манай өв уламжлан ирсэн эрдэм ухааны нэг хэсэг болсон сэтгэл судлалын мэдлэгт ихэд татагддаг юм.”
Би урт насалж, Төвөдийн дотоодод хийгээд гадна байгаа үндэс нэгтнүүдтэй болон намайг хүндэлж явдаг хүмүүстэй тогтоосон онцгой барилдлага маань урт удаан бат оршихын төлөө залбирсаар байх болно. Миний хэлэх гэсэн зүйл ерөөсөө л энэ юм. Та бүхэн нэгэн үзүүрт сэтгэлээр намайг урт удаан ажрахыг хүсэн залбирлаа. Үүнийг тань би баяртайяа хүлээн авч байна.
“Өөрийгөө 110 болон түүнээс ч урт наслах байх гэж боддогоо та бүхэнд хэлье. Өнөөг хүртэл би Төвөдийн ард түмэн хийгээд бурханы ном сургаалыг хамгаалахын төлөө чадах бүхнээ хийсэн. Үүний хариуд та надад өлмий бат оршихын ерөөл өргөлөө. Та бүхэндээ их талархаж байна." Цугласан олон алга нижигнүүлэн ташив.
"Ламын чодва"-гаас дараах залбирлыг уншлаа:
Та багш, та ядам, та дагинас, та номын сахиус бөгөөд
Өнөөдрөөс авхуулаад бодийг олохыг хүртэл таниас өөр бусад аврал үгүй тул
Энэ болон зуурдын төрөл, хойд төрөлд ч нигүүлсэнгүйн гохоор татан зохиож,
Сансар нирвааны аюулаас гэтэлгэж, шид бүтээл бүхнийг хайрлаж,
Ашдын нөхрийг зохиож, барцад саадыг сахиж хайрла“.
Богд Зонховын шашин дэлгэрэхийн зориулахуй ерөөлөөр өнөөдрийн бат оршлын хурал өндөрлөлөө.
Бүхнийг болгоогч Лувсандагвын эрдмийн төвүүдээр
Бурханы сургаал өнөд бадрах болтугай.
Гурван ариун суртгаалын гүнд нэгэн үзүүрт сэтгэлээр шамдах
Гуйвшгүй хувраг, егүзэрүүдээр дүүрэх болтугай.
Дээрхийн гэгээнтэн Сэра Жэ, Сэра Ма хийдийн багш, оюутнуудтай зургаа авхуулж, үдийн зоогт уригдав.
Зураг. Дээрхийн гэгээнтэн Далай лам 2025 оны 02-р сарын 05-ны өдөр Энэтхэгийн Карнатака мужийн Билакуппе дэхь Дашлхүмбэ хийдийн ном хаялцах талбайд хуврагуудтай хамт ном хурж байгаа нь. Зургийг Тэнзин Чойжор
Үдээс хойш, Дээрхийн гэгээнтэн анхдугаар Далай лам бөгөөд Дашлхүмбэ хийдийг байгуулсан Жалва Гэндэн Дрүпийн мэндэлсний 550 жилийн ойг тэмдэглэн хийдийн ном хаялцдаг талбайд өглөөнөөс эхлэн ном хурж байгаа хуврагуудын хурал уншлагад нэгдэн цаг гаруй хугацаагаар саатав.