Бид энэ жил дэлхийн өнцөг булан бүрт сэтгэл сэрдхийлгэм байгалийн гамшигт үзэгдлүүд ар араасаа тохиолдохыг харлаа. Үер, түймэр, хар салхи зэрэг байгалийн аюулт үзэгдлүүд олон хүний амь насыг авч одон, эд хөрөнгө болон байгаль орчинд асар их хохирол учрууллаа. Энэ бүхэн дэлхийн дулаарлаас үүдэлтэй нь тодорхой.
Өнөө өглөө боловсролын салбарын төлөөлөгчдийг хүлээн авахдаа хэлсэнчлэн, дэлхийн хаана ч гамшиг тохиолдсон үед би зовж шаналж буй хүмүүсийн төлөө санаа зовниж, уй гашууг нь хуваалцан, боломжоороо дэмжлэг үзүүлэхийг хичээдэг билээ.
Сүүлийн хэд хоногт Хятадын хойд хэсэг болон Төвөдийн зарим бүс нутагт үер буусны улмаас олон хүний амь нас эрсдэхийн зэрэгцээ өргөн хүрээтэй хохирол учирлаа. Гамшигт нэрвэгдэгсдэд гүн эмгэнэл илэрхийлж, амиа алдсан хүмүүсийн төлөө залбирч байна.
Бид бүгдээрээ адилхан аз жаргалыг хүсдэг, асуудал бэрхшээлээс зайлсхийдэг мөн чанартай. Хүн төрөлхтний энэхүү нэгдмэл чанарын үүднээс бие биенээ тусалж дэмжих үүрэгтэй билээ. Тиймээс энэ удаа ч гэсэн Хятадын ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй буйгаа илэрхийлж, аврах ажиллагаанд зориулан хандив өргөх бодолтой байна.
Нөхцөл байдал ийм байгаа үед би дэлхийн өнцөг булан бүрт байгаа ахан дүүсдээ хандан эдгээр байгалийн гамшигт нэрвэгдсэн бүх хүмүүсийн төлөө залбирч, уур амьсгалын хямрал, түүний үр дагаврыг арилгахын тулд чадах бүхнээ хийхийг уриалж байна.
Залбирал, сайн сайхны ерөөл өргөсөн,
Далай лам