Энэтхэг, Карнатака, Хүнсүр хот. Тарнийн ёсны Жүмэ дацан, 2025 оны 2-р сарын 16.
Өнөөдөр Дээрхийн гэгээн Далай лам Дашлхүнбэ хийдээс гадагш мориллоо. Түүнийг үдэж гаргахаар лам хувраг, энгийн иргэд зам дагуу урт цуваа үүсгэн зогссон байв. Далай лам Билакуппе хотоос 40 км зайтай Карнатака мужийн Хүнсүр хот дахь тарнийн ёсны Жүмэ дацан руу машинаар явсан юм. Хүнсүр хотод Дээрхийн гэгээнтнийг хүрэлцэн ирэхэд төвөд болон бусад үндэстний олон хүн цугласан байв. Гандан Трисүр ринбүүчи, цорж лам, тарнийн ёсны Жүмэ дацангийн хамба лам, дэд хамба болон Хүнсүр хотын төлөөлөгч нар Далай ламыг хүндэтгэн углаа. Үүний дараа өмнөх Гандан Три ринбүүчи Жүмэ дацангийн гол дуган руу Дээрхийн гэгээнийг хөтлөн залав.
Дээрхийн гэгээнийг сэнтийд залармагц Жүмэ дацангийн хамба лам, гэвш Наваансэнгэ мөргөл үйлдэн мандал, бурханы лагшин, зарлиг, тааллын шүтээн зэргийг өргөлөө. Мөн Далай ламд Хүнсүр хотын сонгуулийн тойргоос мужийн Их хуралд сонгогдсон ноён Хариш Гоу хүндэтгэл үзүүлэв.
Дээрхийн гэгээнийг шалан дээр нь цэцгийн дэлбээ тараан цацсан дуганы голоор алхах үед лам хуврагууд тус хийдийг анх байгуулсан Жавзан Шаравсэнгээд зориулсан магтаал залбирлыг уншив. Их шидтэн Шаварипагийн зохиосон зургаан мутарт Махгалын магтаал, түүнчлэн Богд Зонховын зохиосон Номун ханы магтаалыг уншлаа. Цугласан олонд цай, бэрээс түгээж, Жовужи Атиша, Бромтонба, Богд Зонхов нарт тахил өргөх ерөөл уншив.
Дээрхийн гэгээнтэн цугларсан олонд хандан ийн айлдав:
"Хэдий наашаа ирэх зам нэлээд урт байсан ч би алжааж ядарсангүй.
“Хаа ч суурьшсан бай төвөдүүд намайг хараад нэлээд баярлаж байгаа бололтой байдаг. Би хүмүүстэй амархан нөхөрлөдөг, тэд намайг Далай лам гэдэг нэрийг авч яваа хүний хувьд хүндэтгэлтэй ханддаг биз ээ. Би До-ме буюу Амдод төрж, дараа нь Төвөдийн төв нийслэл рүү нүүн, тэнд багш нараараа буддын гүн ухаан, учир шалтгааны ухаан зэрэг олон хичээл хөтлүүлэх завшаан тохиосон билээ. Ном хаялцахад тус болдог туслахууд маань ч надад их эелдэг ханддаг байсан бөгөөд тэдний дэмээр би тархиа сайтар ажиллуулж сурсан гэж боддог.
“Төвөдөд байхдаа би Сэра, Гандан, Бэрээвэн зэрэг томоохон хийдүүдэд очиж шалгалт өгч байлаа. Сүүлд Лхас дахь Жохан хийдэд гэвш лхаарамбын дамжаа цол хамгаалах шалгалт өгсөн билээ. Дээрх гурван хийдийн эрдэмтэн багш нарын өмнө шалгалт өгөн зогсож байхдаа, гаднаа бол өөртөө итгэлтэй мэт харагдаж байсан байж магадгүй ч дотроо ихэд сандарч, зүрх минь хурдан цохилж байсан юм. Гэсэн хэдий ч би баяртай байсан. "Эрдмийн гурван их хийд"-ийн хуврагуудтай ном хаялцсан шалгалтууд амжилттай болж өнгөрсөн билээ.
“Тэгэхээр Амдогоос холын замыг туулж ирсэн Лхамдондов хүү Далай лам хэмээх нэрийг авсан цагаасаа хойш Бурхан багшийн сургаалыг дагаж, хамаг амьтны тусыг хийхийг хичээж ирсэн билээ. Зөвхөн төвөдүүд ч гэлтгүй, бурхны шашингүй хүмүүс хүртэл надад найрсаг хандаж, миний хэлэх зүлйийг сонсохдоо дуртай байдаг. Энэ нь миний амьдралыг утга учиртай болгодог гэж би боддог.
“Дахиад надад 10, 15 жил амьдрах нас байгаа гэж итгэдэг. Энэ хугацаандаа бурханы шашин болон Төвөдийн төлөө зүтгэсээр байх болно. Энэ бол миний цаашид үргэлжлүүлэн оруулах хувь нэмэр юм.
“Хэдийгээр эх нутгаасаа хол амьдарч байгаа ч шаргуу хөдөлмөрлөж чадсан билээ, бид. Шинжлэх ухааныг сонирхдог болохоор би шашин шүтлэггүй олон хүнтэй, түүний дотор эрдэмтэд судлаачидтай хүртэл анд нөхөр болсон билээ. Тэдэнтэй яриа хэлэлцүүлэг өрнүүлснээрээ би шашин номдоо, ялангуяа судар, тарнийг ёсыг хослуулсан Богд Зонховын ёс уламжлалынхаа төлөө хичээн зүтгэж чадсан байх гэж санадаг. Түүний сургаал дээр үндэслэсэн бясалгалыг ч мөн би хийдэг. Үүний үр дүнд би зөв үзлийг баримталж, бусадтай түүнийгээ хуваалцаж, тэдэнд оюун бодлоо хэрхэн өөрчлөх талаар тайлбарлаж чадсан байх гэж боддог. Ийнхүү нийгмийн бүхий л салбарын хүмүүстэй ярилцаж хэлэлцүүлэг өрнүүлж байжээ.”
“13-р Далай ламыг таалал төгссөний дараа намайг түүний хойд дүрээр тодруулж, Далай лам хэмээх нэрийг өгсөн бөгөөд би өнөөг хүртэл номын болон хамаг амьтны тусыг бүтээхийн тулд чадах бүхнээ хийж байгаа. Өмнө дурдсанчлан, би зүүдэндээ 110 ба түүнээс дээш насалж магадгүй гэсэн шинж тэмдгүүдийг харсан бөгөөд цаашдынхаа амьдралаа мөн ном болон Төвөдийн үйл хэрэгт үргэлжлүүлэн зориулна гэж бодож байна.”
“Өнөөдөр би энд хүрэлцэн ирсэндээ, та бүхний хүндэтгэлийг хүлээж байгаадаа их баярлаж байна. Хэрэв Төвөддөө байсан бол би өндөр сэнтийд залраад, олон нийттэй шууд харилцах боломжгүй байх байсан болов уу. Нэлээд албархуу орчинд байх байсан биз ээ. Цагаачлан амьдарч байхад нийгмийн олон янзын салбарын хүмүүстэй уулзаж, харилцах боломжтой байдаг нь надад шинэ сэргэг мэдрэмж төрүүлдэг. Цөллөгт ирснээсээ л эхлэн би хүмүүстэй шууд харилцаж, тэдэнд туслахыг хичээж ирсэн. Өөрийн ертөнцөд байж, эргэн тойронд юу болж байгааг анзаарахгүй хөндий байхын оронд хүмүүстэй ярилцаж, өөрийн бодлыг тэдэнд ойлгуулахыг хичээх нь миний мөн чанартай нийцдэг.”
“Жүмэ тарнийн дацан сургууль нь Ямандагийн тарни уншдагаараа алдартай билээ. Та бүгдийн надад итгэх итгэл бидний хооронд бат бөх барилдлага тогтох үндэс суурь болдогт би их талархдаг юм. Төвөдүүд бидний хооронд аль нутгийн гаралтай, багш тань хэн гэдгээс хамааран бага зэргийн ялгаа байж болох ч бидний сэтгэлгээний үндэс ижил билээ. Бид Бурхан багшийн хоёр мянга таван зуун жилийн өмнө айлдсан сургаалыг таслалгүй үргэлжлүүлэн авч яваа билээ.”
“Номт хаадын үед Бурхан багшийн сургаал ном Төвөдөд орж ирсэн болохоор бид өнөөг хүртэл энэ сургаалыг өнөө цагт хадгалсаар ирж чадсан бөгөөд цаашид ч үргэлжлүүлэн авч явна гэдэгтээ итгэл дүүрэн байдаг.”
"Миний бие “Далай лам” гэдэг нэрийг авч яваа тул Бурхан багшийн сургаалыг хадгалан хамгаалах нь Далай лам гэдэг хүний үүрэг юм. Намайг Далай ламын сууринд байх энэ цаг үед Бурхан багшийн ном өмнөх Далай лам нарын үеийнхээс илүүтэйгээр дэлгэрсэн гэж хэлж болох байх. Зөвхөн шашин шүтдэг хүн байхаас илүүтэйгээр сайхан сэтгэлтэй байх, сайн хүн байхын чухлыг түгээн ойлгуулахыг би хичээсэн билээ. Энэхүү санааг минь олон нийт хүлээн зөвшөөрч, сайшаадаг. Тарнийн дацангийн лам хуврагууд та бүхэн үе үеийн Далай лам нарт туслан дэмжиж ирсэн билээ. Өнөөдөр яриагаа үүгээр дуусгая. Баярлалаа."
Дээрхийн гэгээнтэн өөрт нь зориулж бэлдсэн өрөөндөө амрахаар явав. Маргааш Жүмэ тарнийн дацангийн лам нар түүнд бат оршил өргөх болно.
Англи хэлнээс орчуулсан Д.Халиун