Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала, Тэгчэн Чойлин. Энэ өглөө чийглэг, бороотой байсан тул Дээрхийн гэгээн Далай лам дуганы үүд хүртэл машинаар морилон ирлээ. Түүнийг Бурхан багшийн сэрэг дүрийн өмнө байрлах арслант сэнтийдээ тухлахал Дарамсалагийн буддын шашны дугуйлангийн сүсэгтнүүд дагсал хаялцаж байв. Хуран цугласан сургуулийн хүүхдүүд болон бусад суралцагчид “Зүрхэн судар”-ыг мөн Нагаржуна гэгээний “Билиг билгүүний үндэс”, “Илт онохуйн чимэг” зохиолуудад буй Бурхан багшид хүндэтгэл үзүүлсэн шүлгээс уншлаа.

“Энэ өдөр би бээр Манзушир бурхны авшиг хайрлана. Манзушир бурхан бол билиг ухаан, оюун цэцэн байдлыг өөртөө цогцлоосон бодьсадва билээ. Би багадаа... 3, 4-тэй л байсан болов уу. Амьдардаг газрын минь ойролцоо оршдог Кумбум хийдэд очиж байснаа санадаг юм. Тэр газрын ойр төрсөн Богд Зонховын дурсгалд зориулан бүтээсэн алтан суварга байдаг байлаа. Богд ринбүүчи Манзушир бурхны адис ерөөл хүртсэн аугаа их хутагт гэдгээрээ алдаршжээ. Тэрбээр төвөдийн шашны бүх уламжлал Сажа, Нинма, Кагью, Кадам ёсны хийдүүдэд суралцсан гэдэг. Өмнө нь хэлсэнчлэн, тэрбээр Амдод төрсөн билээ. Энэ тухай бодох бүрдээ би ч мөн тэндээс гаралтайгаа эргэцүүлэн санадаг юм. Залуу хуврагууд суваргын өмнө мөргөж, Манзушир бурхны “Ум а ра ба за на ди” хэмээх тарнийг уншиж байхыг харснаа санаж байна. Би ч мөн тэр тарнийг уншиж байлаа. Үүнийг уншиж бясалгах нь бидний билиг ухаан, оюуны цэцэн байдлыг нэмэгдүүлж, бодит байдлыг илүү тодорхой харах боломжийг олгоно. Сэтгэл санаа минь тунгалаг байвал төрөлх оюун ухаанаа илүү сайн ашиглаж чадна. Манзушир бурхантай холбоотой гадаад, дотоод, нууц бясалгалуудыг үйлдэхийн хэрээр та нарын оюун улам цэцэн, саруул, гүн гүнзгий, түргэн шаламгай болно. Мөн зохиол туурвих, мэтгэлцэх, ном заах чадвар тань дээшилнэ. Би Манзушир бурхантай холбоотой олон төрлийн бүх бясалгалын дадуулгыг хүртсэн билээ”.

“Өмнө нь хэлсэнчлэн, би өглөө сэрсэн даруйдаа гэгээрэлд хүрэхийг зорьсон бусдын тусын төлөөх бодь сэтгэлийг үүтгэдэг. Үүний дараахан “Ум а ра ба за на ди” тарнийг уншдаг. Би багаасаа Манзушир бурхантай гүнзгий холбоотой байсаар ирлээ. “Ганлома” хэмээн төвөдөөр нэрлэдэг “Манзушрийн магтаал”-ыг болоод энэхүү тарнийг тасралтгүй уншиж ирсний үрээр миний оюун ухаан, билиг билгүүн улам хурц болсон минь тодорхой санагддаг билээ. Тиймээс номын нөхөд та бүхнийг ч мөн Манзушир бурхны магтаал болоод энэхүү тарнийг уншихыг урья. Энэ нь та бүхний суралцаж, мэдлэг эзэмших чадварыг дээшлүүлнэ. Уг магтаалд Манзушир бурхны жаран өнгөөр эгшиглэх эгшиглэнт аялгуу нь бидний мунхаг харанхуйг арилгадаг хэмээн өгүүлдэг. Манзушир бурхны ивээл дэмжлэгээр хүмүүсийн оюун санаанд юу үйлвэл зохих, юуг тэвчвэл зохих тухай үүссэн төөрөгдөл, мунхаглалыг арилгах боломж надад олдсон билээ” хэмээгээд, бид бүхэн элдэв төрлийн сөрөг үйлийн үрийг бүтээдэг болохыг онцоллоо. “Бид цөмийн зэвсэг үйлдвэрлэж, хоорондоо дайтаж байна. Мунхаг харанхуйн үүлс сарнин арилахын төлөө залбиръя. Бусдад туслах нь хамгийн сайн хэрэг боловч тусалж чадахгүй бол ядаж хор хөнөөл учруулахаас зайлсхийж болно” хэмээн айлджээ.
Дээрхийн гэгээн Манзушир бурхны авшиг хүртээх ёслолыг удирдан явуулахдаа өөрийн багш нарын ач буянаар бодь сэтгэл болоод хоосон чанарыг ухаарч, таниж мэдсэн гэдэгтээ итгэлтэй буйгаа хэлжээ. “Ёслолын саад тотгорыг арилгахын тулд балин өргөх зан үйлийн үеэр өөрт нь хэн ч саад учруулдаггүй. Харин тийм оршихуйг сургаал айлдан сургахын тулд өөрөө дуудан залдаг ажээ. Харин хорлол үйлдэгч тэдгээр бүхнийг хөөж туухын оронд ном сурахад урин залъя”.

Авшиг хүртээж дууссаны дараа Дээрхийн гэгээн Манзушир бурхны авшиг ерөөлөөр өөрсдөө ч мөн бодь сэтгэлийг төлөвшүүлж, хоосон чанарыг ухаарах билиг ухаанд хүрч чадна гэдэгт итгэл үнэмшилтэй болох нь чухал болохыг сурагч, оюутнуудад айлдав. Тэрбээр дэлхий дээр буддын шашинт олон улс орон байдаг ч Наландагийн уламжлалын дагуу номын утга агуулгыг өргөн дэлгэр, гүн гүнзгий тайлбарлан заах чадвараа төвөдийн буддын шашин л хадгалж үлдсэн гэдгийг нэмж хэллээ. Дээрхийн гэгээн цугласан олныг өөрөөс нь асуулт асуухыг урив. Сурагчид эхлээд хаана суралцдагаа танилцуулаад, асуулт асуухаасаа өмнө Дээрхийн гэгээнд хүндэтгэл өргөсөн шүлэг уншин, урт наслахын ерөөл талбиж байв.
Тэрбээр Төвөдийн Эмнэлэг Зурхайн Дээд Сургуулийн нэгэн сурагчид хандан, “Төвөдийн уламжлалт анагаах ухаан архаг хууч өвчнийг эмчлэхэд үр дүнтэй байдаг бол орчин үеийн өрнийн анагаах ухаан яаралтай тусламж шаардсан тохиолдолд онцгой ач холбогдолтой байдаг. Өвчтэй хүнийг асарч сувилахад хамгийн чухал зүйлсийн нэг нь энэрэнгүй, сайхан сэтгэлтэй байх явдал билээ” хэмээн айлджээ.
Өнөөгийн залуус гадаадын хэв маягийг даган дуурайх хандлагатай болсныг ажигласан нэгэн сурагчийн яриатай Дээрхийн гэгээн санал нэгдэв. “Хүмүүс барууны соёлд хэт автан, өөрсдийн уламжлалт ёс заншлаа орхигдуулах нь бий. Гэхдээ өнөө үед төвөдийн уламжлалыг сонирхож буй өрнөдийн хүмүүс ч олон болжээ” хэмээв. Суралцах арга барилын ялгааны тухайтад Энэтхэгт сурч буй төвөд хүүхэд, залуус орчин үеийн боловсрол болоод төвөдийн уламжлалт боловсролын аль алинаас нь суралцах боломжтой байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийлэв. Ингэснээр материаллаг хөгжил төдийгүй сэтгэл оюун, сэтгэл хөдлөлийн үйл явцын талаар ч мэдлэг эзэмшиж байгаа юм.

Нэгэн сурагч сэтгэл сургах олон зохиолд зөвхөн бодь сэтгэлээр буяны болон билгийн хоёр чуулганыг бүрдүүлж болно хэмээн өгүүлдэг тухай дурдав. Гэвч энэ нь зөв мэдлэгийн тухай нэгэн тайлбар зохиолд зөвхөн энэрэнгүй сэтгэл мунхгийг арилгаж үл чадна хэмээн өгүүлсэнтэй зөрчилдөж байгаа мэт санагддаг гэжээ. Дээрхийн гэгээн түүнд “Огторгуйн уудамд орших хамаг амьтан жаргалыг хүсэж, зовлонг үл хүсдгээрээ адил юм. “Оюун судлахуйн найман шад шүлэг”-ийн нэгэн бадагт өөрийгөө бусадтай адилтган үзэх, өөрийгөө бусдын оронд орлуулах тухай өгүүлдэг бөгөөд...
Товчилбоос бодитой хийгээд үндэс дамжлагаар
Тус амгаланг эх болсон бүхнээ өргөе
Тэдэнд учирсан хорлол хийгээд хамаг зовлонг
Тухай бүр нууцаар би өөртөө авах болтугай.
хэмээдэг юм. Энэхүү хүсэл эрмэлзэл нь бусдын тусын тулд зүтгэх эр зориг, шийдвэр төгс байдлыг тань бэхжүүлдэг билээ” хэмээн Дээрхийн гэгээн тайлбарлав.
Хувраг болон хар хүмүүс гурван эрдэнэд аврал одуулахдаа ялгаатай байдаг эсэх тухай асуултад Дээрхийн гэгээн “Тэдний хувцаслалт, амьдралын хэв маяг өөр байж болох ч гурван эрдэнэд аврал одуулах, бодь сэтгэлийг төлөвшүүлэх, хоосон чанарыг ухаарах тухайд ямар ч ялгаа байхгүй” хэмээв. Үйлийн үр болон тамын орны тухай асуултад Дээрхийн гэгээн Чандракирти гэгээний “Бодьсадвын явдалд орохуй” зохиолын өөрийн тайлбарыг эш татав. “Тус тайлбарт Васубандхугийн ертөнцийн тогтолцооны тухай үзлийг хүлээн зөвшөөрдөггүй гэж өгүүлдэг. Би ч мөн уг үзлийг хүлээн зөвшөөрдөггүй. Үйлийн үрийн тухайд, хэрэв хүн чин сэтгэлээсээ бусдад тусалбал энэ нь тусалж буй хүнд ч, тус хүртэж буй хүнд ч хоёуланд нь тустай. Харин бусдыг хуурч мэхэлбэл аль алинд нь ашиг тус болохгүй нь тодорхой юм. Би бодь сэтгэлийг төлөвшүүлж, хоосон чанарыг ухаарахыг хичээдэг учраас хүмүүс надад итгэдэг билээ. Хэрэв би нэг зүйл заачхаад, өөрөө түүнээсээ эсрэгээр үйлддэг байсан бол хүмүүс надад ингэж итгэхгүй байх байсан. Өмнө нь хэлж байсанчлан, бид бүгдээрээ жаргалыг хүсэж, зовлонгоос ангижрахыг эрмэлздэгээрээ адилхан. Тиймээс өчүүхэн төдий ч хор хөнөөл учруулах үйлдлээс өөрсдийгөө хязгаарлах нь чухал юм”.

Дээрхийн гэгээн дуганаас гадаалахдаа тавцангийн захад дахин ирж, сурагчдад хандан, “Бодь сэтгэл болоод хоосон чанарыг бясалган суралцдаг учраас л өөрийг нь үргэлж инээмсэглэж буйгаар хардаг. Хамгийн чухал нь чин сэтгэлтэй, халуун дулаан зүрх сэтгэлтэй байх явдал юм шүү” хэмээн айлджээ.










