Энэтхэг, Химачал Прадеш муж, Дарамсала хот, 2010 оны 3 дугаар сарын 2 (phayul.com) - Төвөдийн хилийн чанад дахь засгийн газар өнөө өглөө Дээрхийн гэгээн Далай ламд өөрсдийг нь удирдан чиглүүлж байгаад талархаж, хүндлэн биширч байгаагаа илэрхийлэн даншүг буюу бат оршил (урт наслах ерөөл өргөх зан үйл) өргөлөө. Гурван цаг гаруй үргэлжилсэн уг ёслолыг төвөдийн буддын шашны Сажа уламжлалын тэргүүн, эрхэмсэг Сажа Тризин удирдан явуулсан байна.
Зураг. Далай лам 2010 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Зүглагхан дуганд болсон бат оршил өргөх ёслолд оролцож байна (phayul.com-ын гэрэл зураг, Галсан Ринчен)
Уг ёслолд лам нар, Төвөдийн ерөнхий сайд профессор Самдон ринбүүчи танхимын гишүүдийн хамт, Төвөдийн хилийн чанад дахь парламентын дарга, дэд дарга, бие даасан байгууллагуудын тэргүүнүүд, Төвөдийн засгийн газрын албаны бусад хүмүүс оролцов.
Төвөдийн төрийн хоёр чойжин Найчүн, Гадон нар Цэрэн Чэ-нгагийн хамт ёслолд товчхон оролцож, Дээрхийн гэгээн Далай ламаас адис хүртлээ.
74 настай, цөллөгт буй Төвөдийн удирдагч бат оршил өргөх ёслолын дараа мянга мянган төвөдүүдэд хандан товч айлдвар айлдахдаа түүний урт наслахын төлөө бат оршил өргөсөнд нь Төвөдийн засгийн газарт талархал илэрхийлэв.
Өнөөдрийн ёслол нь цөллөгт дүрвэн гарсны 50 жилийн ойд зориулан 2009 оны 3 дугаар сарын 10-наас 2010 оны 3 дугаар сарын 10-ны хоорондох нэг жилийн хугацаанд хийхээр төлөвлөсөн хоёр дахь буюу сүүлийн албан ёсны бат оршил юм байна.
Зураг. (Зүүнээс баруун тийш) Шечен Равжам ринбүүчи, Гандан Тива, Сажа Тризин, Гармава ринбүүчи, Таглун Матрул ринбүүчи (phayul.com-ын гэрэл зураг, Галсан Ринчен)
Дээрхийн гэгээн Хятадын дарангуйлалд амь насаа алдсан төвөд иргэдийн гэр бүлүүдэд эмгэнэл илэрхийлж, Төвөд, Хятад даяарх шоронгуудад шаналан зовж буй хүмүүсийн төлөө залбирлаа.
Төвөдүүд урт наслахын тухайд бат оршил өргөх нь хүний амь насанд учирч болзошгүй барцад саадыг арилгаснаар цаашдын эрүүл мэнд, сайн сайхныг дэвжээдэг хэмээн итгэдэг юм.
Энэрэн нигүүлсэхүйн бодьсадва Жанрайсигийн хувилгаанд тооцогддог Далай ламыг Төвөдийн ард түмэн өөрсдийн оюун санаа, улс төрийн удирдагч хэмээн хүндэлдэг.
Орчуулсан Б.Одгэрэл