Энэтхэг, Химачал Прадеш муж, Дарамсала хот, Тэгчин Чойлин - Өнөө өглөө Дээрхийн гэгээний өргөөний хурлын танхимд Төвөдийн шашны удирдагчдын 15 дахь удаагийн чуулга уулзалтын сүүлээсээ хоёр дахь буюу 8-р хэлэлцүүлэг болж өнгөрлөө.
Дээрхийн гэгээний баруун талд Сажа Тризин, Мэнри Тричен ринбүчи, Дригун Чэцан ринбүчи, Таглун Шабдрунгыг төлөөлж Таглун Матрул ринбүчи нар суусан байв. Харин зүүн талд нь Гандан Три ринбүчи, Минлин Хэнчен (Минлин Триченыг төлөөлж), Хэнпо Нгэдо (Гялван Друкпаг төлөөлж), болон Жонан Гялцав нар тус тус суужээ. Хурлын танхимын хажуу талд калонууд болон Төвөдийн Төв Захиргааны бусад гишүүд байраа эзэлсэн байлаа.
Сикён Бямбацэрэн Дээрхийн гэгээн болон шашны бусад удирдагчдад хүндэтгэл үзүүлсний дараа уулзалтын гурван тогтоолыг уншиж танилцуулав. Үүнд:
1. Бүх оролцогч Дээрхийн гэгээний саяхан гаргасан мэдэгдлийг хүлээн зөвшөөрч, дэмжиж байна;
2. Хойд дүр тодруулах нь шашны асуудал юм. Хятад улс үүнийг улс төрийн зорилгоор ашиглаж байгааг бид хүлээн зөвшөөрөхгүй;
3. Уулзалтад оролцож байгаа бүх хүн Дээрхийн гэгээний шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Дээрхийн гэгээн танхимын хойморт байрлах Бурхан багшийн хөрөг рүү эргэж харан, төлөөлөгчидтэй хамт зураг авахууллаа.
Дараа нь Дээрхийн гэгээнтэн цугласан хүмүүст хандан үг хэлэв.
“Бидний дүрвэн ирснээс хойш олон жил өнгөрчээ. Төвөдүүд энэ хугацаанд үнэхээр хүчтэй байж чадлаа. Дүрвэн амьдарч байгаа хэдий ч шашин, соёлоо хадгалж үлдэх тал дээр үнэхээр сайн ажилласан.”
“Миний хувьд гэвэл өглөө сэрмэгцээ л дараах мөрүүдийг уншиж, бодь сэтгэлийг үүсгэдэг:
Өөрийн болон бусдын тусыг бүтээхийн тулд
Сэхээрсан бодийн сэтгэлийг би үүсгэе.”
Бодь сэтгэл бол бусдын төлөө ажиллах зоригийг өгдөг зүйл. Өнөөг хүртэл би сэтгэлээр уналгүйгээр тууштай, шийдэмгий байж чадсан."
“Төвөдийн шашны удирдагчдын 15 дахь удаагийн уулзалтад хуран чуулсан та бүхэнд талархаж байна."
"Би Силинээс Лхаст очиж Жову бурхны өмнө тангараг өргөсөн.”
“Бид бүгд зорилгынхоо төлөө тууштай байсан. Төвөдийн гурван мужийн ард түмэн эв нэгдэлтэй хэвээр байгаа нь үнэхээр сайн хэрэг. Би эв нэгдэлтэй эдгээр хүмүүсийн удирдагч хэмээн тооцогддог бөгөөд энэхүү хариуцлагаа төлөө шийдмэг, зоригтойгоор биелүүлэхийг хичээж ирлээ."
“Төвөдийн буддын шашны уламжлалын тухайд судар номын болон туршлагаар танин мэдэх гэсэн хоёр тал бий. Номын ах, эгч, дүү нар, лам хуврагууд та бүхэн үүнийг хадгалж үлдэх үүрэгтэй. Цаашид ч чадах бүхнээ хийгээрэй.”
Шашны хэргийн нарийн бичгийн дарга Дүдүл Дорж талархлын үг хэлж, Дээрхийн гэгээн, төрөл бүрийн уламжлалын тэргүүнүүд, хийдүүдийн төлөөлөгчид, бусад хүмүүст талархал илэрхийлэв.
Шашны удирдагчид ч мөн хэдэн үг нэмж хэллээ. Сажа Тризин Дээрхийн гэгээнийг урт наслахын төлөө залбирах, түүний үг, хүслийг биелүүлэхийн төлөө ажиллах шаардлагатайг дурдав. Гандан Три ринбүчи: “Төвөдийн ард түмэн оршсоор байх цагт Дээрхийн гэгээн та биднийг гэгээрэлд хөтлөх болтугай.” хэмээн ерөөлөө.
Мэнри Тричен ринбүчи Дээрхийн гэгээний айлдварт талархал илэрхийлж, цугларсан бүх хүмүүсийг Дээрхийн гэгээний зөвлөгөөг дагахыг уриалав. Минлин Хэнчен Дээрхийн гэгээнийг Төвөд рүү явж, Төвөдийн газар шороон дээр дахин хөл тавих боломжтой болох болтугай хэмээн хүслээ. Дригун Чэцан ринбүчи: “Бодь сэтгэлээр хөтлөгдсөн Дээрхийн гэгээн хамаг амьтан бидний дунд төрсөн нь аз завшаан билээ. 90 насандаа ч гэсэн Дээрхийн гэгээн хамаг амьтны төлөө ажиллахаар тууштай шийдсэн байна. Түүнд урт наслахыг хүсэн ерөөе.” хэмээлээ.
Хэнпо Нэдо Дээрхийн гэгээн Далай ламын институцийг үргэлжлүүлэх, түүний хувилгаан дүрийг тодруулах олон хүсэлт хүлээн авсан тухайгаа мэдэгдсэнийг дурдаад, уг чуулга уулзалтаар түүнийг дэмжсэн тогтоол гаргасан болохыг нэмж хэлэв.
Таглун Матрул ринбүчи Дээрхийн гэгээнд саяхан гаргасан мэдэгдэлд нь талархал илэрхийлж, түүний урт наслахын төлөөх дараах ерөөлийг уншив:
“Эрхэм дээд, сүр жавхлант Бадамлянхуа баригч (Падмапани) танд залбиръя:
Та нь өгүүлэхүйн эрх баялагт, Зөөлөн цогт билээ
Таны дээд билгүүний хумх гайхамшигт мэргэн ухаанаар дүүрэн бөгөөд
Та нь чимэг зүүсгэл,
Номыг баригчдын уудам далайн үзэсгэлэнт чимгийн охь билээ!
Жонан Гялцав Дээрхийн гэгээний энэрэл нигүүлсэл, гэгээрсэн үйлс нь зөвхөн төвөдүүдээр хязгаарлагдахгүй, хамаг амьтанд чиглэгддэгийг бүгдэд сануулахыг хүсч байгаагаа илэрхийлээд, Дээрхийн гэгээнийг урт наслахыг мөн Потала ордондоо эргэн заларч, номын хүрдийг эргүүлэхийг ерөөв.
Шашны нарийн бичгийн дарга уулзалтад оролцсон бүх хүмүүст талархал илэрхийлж, аливаа алдаа дутагдал гарсан бол өршөөхийг хүсэв. Тэрбээр дэлхий дээрх бүх сайн сайхан, аз жаргалын эх ундарга нь буддын ном бөгөөд энэ нь урт удаан хугацаанд оршиж, багш нар урт наслаж, Төвөдүүд эв нэгдэлтэй байхыг хүсэн ерөөснөөр үгээ дуусгалаа.
Англи хэлнээс орчуулсан Б.Одгэрэл