Швейцар, Женев. 2009 оны 8 дугаар сарын 6. “Уур амьсгалын өөрчлөлт нь төвөдийн хувьд улс төрийн өнөөгийн дарамтаас ч илүү аюул занал учруулж байна” хэмээн Дээрхийн гэгээн Швейцарын парламентын албан тушаалтанд мэдэгджээ.
Швейцарт хийх айлчлалынхаа сүүлийн өдөр Далай лам Лозанн хотод Төлөөлөгчдийн танхимын дарга Киара Симонески-Кортезитэй уулзсаныхаа дараа Хятад, Төвөдийн харилцааны асуудлаарх бага хуралд оролцохоор Женев хотыг зорьжээ.
Хималайн нурууны мөсөн голууд хурдацтай хайлж байгаа нь төвөдийн хувьд сүйрлийн үр дагавар авчирч болзошгүйг эрдэмтэд анхааруулсан байна. Төвөдөөс Азийн хамгийн том голуудын олонх нь эх авдаг юм. “Дээрхийн гэгээн Далай лам энэ асуудлыг олон улсын хэлэлцүүлэгт оруулахын тулд Гадаад хэргийн сайд Мишелин Кальми-Рейтэй уулзахдаа хөндөхийг надаас хүссэн юм” хэмээн Симонески-Кортези хэлжээ. Тэрээр Дээрхийн гэгээнтэй уулзахад сэтгэл нь ихэд хөдөлсөн гэдгээ илэрхийлжээ. Тэд хайр энэрэл, хүндлэл, хүлээцтэй байдал, хүч үл хэрэглэх тэргүүт соёлд нийтлэг байдаг үнэт зүйлсийн талаар ярилцжээ.
Төвөдийн удирдагч Швейцарын төрийн сайд нарын хэнтэй нь ч уулзаагүй боловч швейцарын ард түмэн болоод засгийн газар халуун дотноор хүлээн авсанд нь машид талархсанаа илэрхийлсэн юм.
Швейцарт 4000 орчим төвөд хүн амьдардаг бөгөөд тэдний олонх нь швейцарын иргэн болжээ.










