Тэгчин Чойлин, Дарамсала, Химачал Прадеш, Энэтхэг – Дээрхийн гэгээнтэн Далай лам саяхан болсон сонгуульд ялалт байгуулж, Финландын Ерөнхий сайдын албыг хашихаар болсон ноён Петтери Орпод баяр хүргэж, захидал илгээлээ.
Тэрбээр захидалдаа “Танай сайхан оронд хэд хэдэн удаа зочлох завшаан надад тохиосон. Эдгээр айлчлалуудын үеэр Финландын иргэд, ахмад буурлуудаас авахуулаад залуу үеийнхэн хүртэл хайр, нигүүлсэл, хүн төрөлхтний нэгдмэл байдлыг ухамсарлаж, шашин хоорондын эв найрамдлын ач холбогдлыг хүлээн зөвшөөрч, миний яриаг ихээхэн сонирхож буйг нь харахад урамтай байлаа. Өнөөдөр дэлхий нийтээрээ хүнд хэцүү цаг үеийг туулж байна. Эх дэлхийн өнцөг булан бүрт хүчирхийлэл, мөргөлдөөн, дайн тулааны улмаас маш олон хүн зовж шаналж байгааг харахад сэтгэл эмзэглэм. Олон улсын хамтын нийгэмлэг эдгээр асуудлыг эв зүйгээр шийдвэрлэхийн төлөө хүчин чармайлт гаргах ёстой. Яриа хэлэлцээ хийх нь зэвсгийн хор хөнөөлийг арилгах цорын ганц арга юм” хэмээн тэмдэглэжээ.
Дээрхийн гэгээнтэн захидлынхаа төгсгөлд Финландын ард түмний итгэл найдвар, хүсэл тэмүүллийг биелүүлэхийн зэрэгцээ цаашлаад илүү энх тайванч, энэрэнгүй ертөнцийг бий болгоход хувь нэмрээ оруулахыг хүсэж, дээрх үйл хэрэгт нь тулгарах сорилт бэрхшээлийг амжилттай даван туулахад нь Ерөнхий сайдад амжилт хүслээ.
Орчуулсан Р.Манлай