Зураг. Төвөдийн шашны тэргүүн Дээрхийн гэгээн XIV Далай лам Францын ерөнхийлөгч Николя Саркозиг угтан авч буй нь... Польш улс, Гданьск хот, 2008 оны 12 дугаар сарын 6. Зургийг Эрик Феферберг.
Польш улс, Гданьск хот. 2008 оны 12 дугаар сарын 7. Францын ерөнхийлөгч Николя Саркози Хятадын эсэргүүцлийг үл харгалзан 12 дугаар сарын 6-ны өдөр Далай ламтай уулзжээ. Уулзалтын дараа тэрбээр Төвөдийн өнөөгийн нөхцөл байдалд Далай ламын санаа зовниж буйг Европын орнууд ч хуваалцаж байгааг мэдэгдсэн байна. Саркози Төвөдийг Хятадын нэг хэсэг гэж үздэгээ илэрхийлж, Далай ламтай уулзсаныг сүртэй асуудал болгох шаардлагагүй хэмээн мэдэгдсэн ч Хятадын тал уг уулзалтыг “Төвөдийн асуудалд ашиг хонжоо харсан, яаруу, алсын хараагүй байдлаар хандсан хэрэг” хэмээн буруушаажээ. “Уулзалт маш сайн боллоо. Энэ он дуусахаас өмнө бид уулзахыг Хятадын эрх баригчид маш сайн мэдэж байсан” хэмээн Саркози 30 орчим минут үргэлжилсэн уулзалтынхаа дараа сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.
Бээжингийн эрх баригчид Далай ламыг төвөдийн ард түмний өөрийн хувь заяаг өөрөө шийдэх эрхийг дэмждэг учраас “салан тусгаарлагч” хэмээн буруутгадаг. Саркозиг түүнтэй уулзахаар төлөвлөснийг эсэргүүцэн Хятад улс 12 дугаар сарын 1-ний өлөр Европын Холбоотой хийхээр товлосон дээд хэмжээний уулзалтаа цуцалсан юм.
Хятадын тал энэ уулзалтыг мөн буруушаажээ. Тус улсын төрийн мэдээллийн “Синьхуа” агентлаг тайлбар нийтлэлдээ “Энэ бол хятадын ард түмний сэтгэлийг шархлуулаад зогсохгүй Хятад, Францын харилцаанд сөргөөр нөлөөлөх ухаалаг бус алхам юм” хэмээн бичсэн байна. Мөн “Францын тал Төвөдийн асуудалд ашиг хонжоо харсан, яаруу, алсын хараагүй байдлаар хандлаа” гэжээ.
Зураг. Францын ерөнхийлөгч Николя Саркози, Төвөдийн шашны тэргүүн Дээрхийн гэгээн XIV Далай лам нарын уулзалт. Зургийг Эрик Феферберг.
Саркозигийн ярьснаар, Дээрхийн гэгээн түүнийг угтан авч, мөрөнд нь төвөдийн уламжлалт цагаан хадаг тохжээ. Мөн уулзалтын үеэр Төвөдийг тусгаар тогтнуулахыг эрмэлздэггүй гэдгээ илэрхийлсэн байна. “Далай лам болон Хятадын эрх баригчдын хоорондын яриа хэлэлцээг үргэлжлүүлэхэд би ямар их ач холбогдол өгдгөө түүнд хэлсэн” хэмээн Саркози мэдэгджээ. Төвөдийн нөхцөл байдлын талаар сэтгүүлчид асуухад тэрбээр “Далай лам өөрийн санаа зовниж буй асуудлуудыг надтай хуваалцсан. Европын орнууд ч эдгээр асуудалд санаа зовниж байгаа. Бид энэ талаар өргөн хүрээнд ярилцлаа” хэмээн хариулсан байна.
Дээрхийн гэгээн болон Төвөдийн өөртөө засах эрхийг дэмжигчид Хятадын эрх баригчдыг тус нутгийн соёл, шашны уламжлалыг боомилж, хань үндэстний шилжин суурьшигчид болон хөрөнгө оруулалтын урсгалаар дамжуулан төвөдүүдийг захирагдах байдалд оруулж байна хэмээн буруутгадаг. Харин Бээжингийн эрх баригчид эдгээр буруутгалыг няцаадаг юм.
Хоёр удирдагч Польшийн боомт хот Гданьскт уулзжээ. Тэд тус хотод Польшийн ардчиллын төлөө тэмцэгч Лех Валенса Нобелийн энх тайвны шагнал хүртсэний 25 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээнд оролцож байв. Уг уулзалт Хятад, Францын харилцаанд сөргөөр нөлөөлж болзошгүй гэсэн болгоомжлолыг намжаахыг хичээсэн Саркози “Үүнийг сүртэй асуудал болгох шаардлагагүй” хэмээн мэдэгджээ.
Саркозигийн Далай ламтай уулзах төлөвлөгөөг Бээжин ердийнхөөс илүү ил тод, эрс шүүмжилсэн нь тухайн үед Франц улс Европын Холбоог ээлжлэн даргалж байсантай холбоотой гэж дипломатчид үзэж байна. Парис хотод Францын нэгэн албан тушаалтан Хятадад Францын бүтээгдэхүүнийг худалдан авахаас татгалзах хөдөлгөөн шинээр өрнөж эхэлсэн шинж тэмдэг одоогоор ажиглагдаагүйг мэдэгдсэн байна.
Европын Холбоо нь Хятадын хамгийн том худалдааны түнш юм. Францын “Карфур” супермаркетын сүлжээ Хятадад олон арван мянган хүнийг ажиллуулдаг бөгөөд Франц дахь хятадын бараа бүтээгдэхүүний хамгийн том худалдан авагч ажээ.
Үүнээс өмнө буюу 2008 оны эхээр олимпын бамбарын буухиа Парис хотоор дайран өнгөрөх үеэр Хятадыг эсэргүүцэгчид саад учруулсан юм. Үүний дараа Хятадад Францын компаниудын эсрэг жагсаал өрнөж, бүтээгдэхүүнээс нь татгалзах хөдөлгөөн гарч байжээ.
Бямба гаргийн эхээр Дээрхийн гэгээн дэлхий нийтийн тулгамдсан асуудлуудыг яриа хэлэлцээ, энэрэнгүй сэтгэлийн замаар шийдвэрлэхийг уриалсан байна. Тэрбээр “Өнгөрсөн зуунд дайн байлдаан бидний асуудлыг шийдвэрлэж чадаагүй. Тиймээс энэ зуун яриа хэлэлцээний зуун байх ёстой” хэмээн айлджээ. Энэ үеэр Лех Валенса, Европын Комиссын ерөнхийлөгч Жозе Мануэл Баррозу, Польшийн Ерөнхий сайд Дональд Туск зэрэг төлөөлөгчид байлцсан байна.
Дээрхийн гэгээн мөн бямба гарагт Польшийн Ерөнхий сайд Дональд Тусктай ганцаарчлан уулзаж, өнгөрсөн үеийн дарангуйллыг эсэргүүцэн тэмцсэн польшчуудын эр зоригийг өндрөөр үнэлжээ.
Өдгөө 73 настай Дээрхийн гэгээн Польшийн ард түмний дунд ихээхэн хүндлэл хүлээдэг. Зарим польш хүн Хятадын коммунист эрх баригчидтай хийж буй түүний тэмцлийг өөрсдийн түүхтэй адилтган үздэг байна. Учир нь польшчууд Лех Валенсагийн удирдлага дор Зөвлөлтийн дэмжлэгтэй коммунист засаглалын эсрэг тэмцэж, уг засаглал 1989 онд төгсгөл болсон юм.
Хятадын Ардын чөлөөлөх армийн цэрэг 1950 онд Төвөдөд нэвтэрсэн бөгөөд Хятадын засаглалыг эсэргүүцсэн бослого 1959 онд бүтэлгүйтсэний дараа Дээрхийн гэгээн эх орноосоо дүрвэн гарсан билээ.
Нэмэлт мэдээллийг Франсуа Мёрфи Парисаас бэлтгэв.
Мэдээг Гарет Жонс бичиж, Элизабет Пайпер хянан тохиолдуулав.










