Энэтхэг, Бихар муж, Бодгаяа - Өглөө манантай, хүйтэн байсан ч Бодгаяад цугласан 50,000 гаруй хүний Дээрхийн гэгээн XIV Далай ламыг сонсох гэсэн чин сэтгэлийг сулруулсангүй. Дээрхийн гэгээн Далай лам Намжил дацангаас Калачакрагийн Майдан хүртэл замыг туулсны дараа баясгалантайгаар том асрын тайз руу алхав. Тэрбээр далласан олонтой мэндчилж, тайзны урд руу инээмсэглэн алхлаа.
Дээрхийн гэгээн XIV Далай лам Калачакрагийн Майданд цугласан 50,000 гаруй сонсогч олныг угтаж буй нь. Бодгаяа, Бихар, Энэтхэг. 2018 оны 1 дүгээр сарын 5. Гэрэл зургийг: Лувсан Цэрэн
Дээрхийн гэгээн Далай лам сэнтийгээ тойрон суусан хүндэт лам нарыг мэндлэн угтав. Тэдний дунд Гандэн Три ринбүчи, хуучин Гандэн Трипа, Шарцэ ба Жангцэ Чойже тэргүүтэн, Сакя Гонгма Тризин ринбүчи, Линг ринбүчи мөн хийдийн хамба лам нар, хуучин хамба лам тэргүүтнүүд, тулку нар байв.
Дээрхийн гэгээн XIV Далай лам “Өнөөдрийн гол шавь нар бол энэтхэгчүүд. Тиймээс пали, санскрит хэлээр уншлагаа эхэлье” хэмээв.
Насанд хүрэгчид пали хэлээр “Мангала Сутта” тэргүүт магтаал, залбирал уншиж, тэдний дараа охид, хөвгүүдийн бүлэг санскрит хэлээр “Зүрхэн судар”-ыг яруу дуулан уншив.
Дээрхийн гэгээн XIV Далай ламын айлдварын нээлтийн үеэр сургуулийн хүүхдүүд Зүрхэн судрыг санскрит хэлээр уншиж буй нь... Бодгаяа, Бихар, Энэтхэг. 2018 оны 1 дүгээр сарын 5. Гэрэл зургийг: Лувсан Цэрэн
“Бурхан багш гэгээрэлд хүрснийхээ дараа “Гүн гүнзгий, амгалан, төвөггүй, тунгалаг гэрэл мэт энэхүү сургаалыг оллоо. Гэвч би үүнийг номловол хэн ч ойлгохгүй тул ойд чимээгүйхэн сууя” хэмээсэн байдаг. Үүний нэгэн шалтгаан нь тухайн үеийн энэтхэгийн шашны уламжлал нь тусгаар бие даасан, мөнх орших “би”-г зүтгүүлж байсантай холбоотой. Харин Бурхан багш ийм “би”-д зууралдах нь сэтгэлийн бүх зовлонгийн үндэс гэдгийг ухаарч, өөрийн “би” үгүй сургаалыг олонх хүн ойлгохгүй гэж үзжээ.
Гэсэн ч Бурхан багш эцэст нь Сарнатад анхны сургаалаа айлдаж, дараа нь Ражгриха дахь Бүргэдийн оргилд юмс угийн оршихуйгүй тухай сургаалыг номложээ. Анхны хүрд эргүүлэлтэд зовлон, түүний шалтгааныг, хоёр дахь эргүүлэлтэд хоосон чанарыг дэлгэрүүлж тайлбарласан аж. “Судар номын утгыг тайлахуй”-д өгүүлснээр гурав дахь хүрд эргүүлэлтэд шүтэн барилдсан, оноон нэрлэсэн, төгс мөн чанарын талаар номложээ. Шүтэн барилдлага чанараас оноон нэрлэсэн чанар үгүйг илэрхийлэх нь хоосон чанарын төгс чанарыг заадаг. Мөн гурав дахь эргүүлэлтэд Бурхан багшийн уг чанар буюу гэрэлт тунгалаг оюун ухааныг дээд иогийн тантрын суурь байдлаар хөнджээ.
Махакашьяпа болон түүний шавь нар Виная, Абхидхамма тэргүүт сургаалыг хадгалан үлдэж, Пали уламжлал бий болсон гэдэг. Үүний дараа ойлголт гүнзгийрэх үед Нагаржуна болон түүний шавь нар учир шалтгаан, логикийн үүднээс сургаалыг судалж, Наландагийн уламжлалыг үндэслэсэн байна. Бурхан багшийн сургаалын түүхэнд өсөлт, бууралт тохиолдох авч зохиолын эрх, логик судлалд тулгуурлан өнөөдрийг хүртэл уламжлагдан иржээ.”
Дээрхийн гэгээн Далай лам Калачакра Mайдан дахь эхний айлдварын үеэр. Бодгаяа, Бихар, Энэтхэг. 2018 оны 1 дүгээр сарын 5. Гэрэл зургийг: Лувсан Цэрэн
“Бурхан багш амьд оршихуйн оюун ухаан, хандлага, чадварт нийцүүлэн өөр өөр сургаал айлдсан байдаг. Заримдаа тэр хүн нь “нэгэн ачааг үүрэн яваа ачаачин” мэт бие махбодын таван бүрэлдэхүүн хэсгийг тусдаа үүрч явдаг хэмээн тайлбарлажээ. Зарим сургаалд гаднах ертөнцөд оршиж буй зүйлс нь тэдгээрийг мэдэрч буй субъектив ухамсраас өөрцгүй гэсэн бол нэг сургаалд бол бүх зүйл угийн оршихуйгүй гэдгийг айлдсан байдаг. “Зүрхэн судар”-т хэлбэр бол хоосон, хоосон чанар бол хэлбэр гэж заажээ.
Бурхан багш янз бүрийн цаг үед янз бүрийн сургаал номлосон учир шавь нартаа дараах захиасыг хэлжээ. “Лам хуврагууд минь, мэргэн нэгэн алтны чанарыг шатааж, хэрчиж, үрж шалгаж байж таньдаг шиг миний хэлсэн үгсийг ч нарийн шинжилж судалсны дараа л хүлээн авагтун. Зөвхөн надад хүндэтгэлтэй хандах нэрийдлээр сохроор бүү дага”. Дээрхийн гэгээн Далай лам орчин үеийн эрдэмтэд судрын эрхэд бус өөрсдийн туршилт, ажиглалтад тулгуурлан судалгаа хийдэг тухай дурдав. Тэд судалгааныхаа үр дүнг бусдын үр дүнтэй харьцуулж, баталгаа хайдаг. Өнөө үед буддын ухаанд эрдэмтэд ихээхэн анхаарал хандуулж буй нь Эйнштейний таамаглаж байсан зүйлтэй нийцэж байна.
Дээрхийн гэгээн XIV Далай лам онцлон тэмдэглэхдээ, “Буддизм нь Хятад, Төвөдөөс биш, Энэтхэгээс үүссэн бөгөөд Наландагийн их багш Нагаржуна ч энэтхэг хүн байв. Тиймээс өнөөдрийн гол шавь нар энэтхэгчүүд байгаад ихэд бэлгэшээж байна. 2000 гаруй жилийн турш буддын сургаал Ази даяар тархсан бөгөөд төвөдүүдийн өнөөг хүртэл хадгалж ирсэн Наландагийн уламжлалыг эргэн Энэтхэгт сэргээх цаг үе нь иржээ”.
Дээрхийн гэгээн Далай ламын Калачакра Mайдан дахь эхний айлдварын үеэр энэтхэг сонсогчид сонордож буй нь. Бодгаяа, Бихар, Энэтхэг. 2018 оны 1 дүгээр сарын 5. Гэрэл зургийг: Лувсан Цэрэн
Дээрхийн гэгээн хэлэхдээ “Энэтхэг нь дэлхийн бүх гол шашнууд зэрэгцэн оршин хөгжсөн цорын ганц газар гэдгээрээ онцлог билээ. Зарим уламжлал, тухайлбал Брахманизм тэргүүт шашнууд бүтээгч тэнгэрт итгэдэг теист шашин бол Самкья, Жайнизм зэрэг нь бүтээгч тэнгэр үгүй, харин шалтгаан, үр дагаврын хуульд суурилсан атэист уламжлалууд юм. Эдгээрийн дундаас зөвхөн буддизм л бие даасан, мөнх “би” оршихуйг үгүйсгэдэг. Баруун Азиас үүсэлтэй Иудей, Христ, Ислам тэргүүт шашнууд бүгд бүтээгч тэнгэрийг шүтдэг. Гэвч бүх шашнуудын нийтлэг сургаал нь хайр, энэрэл, тэвчээр, уучлал, ханамж, өөрийгөө хянах чадвар юм.
Буддын шашинд хүчирхийлэлгүй байх явдал машид чухал. Мөн зовлон шаналал хийгээд жаргалыг бид өөрсдөө бий болгодог хэмээн үздэг. Бусдад тусалж, баяр баяслыг авчирдаг үйлийг эерэг гэж үздэг бол бусдад хор хохирол учруулдаг үйлийг сөрөг гэж үздэг.
Энэтхэгт шашны олон уламжлал эрт цагаас зэрэгцэн оршиж, эв нэгдэлтэй оршиж ирсэн билээ. Энд бүх шашныг адил тэнцүү хүндэтгэх шашнаас ангид үзэл ноёлж байдаг. Бид энэ хандлагыг хамгаалж, үргэлжлүүлэн хадгалах ёстой. Үүний зэрэгцээ би Энэтхэгт эртний гүн ухааны мэдлэгийг сэргээхэд бүхий л хүчээ дайчлан ажиллаж байна. Гэвч эцсийн эцэст хамгийн чухал зүйл бол сайн хүн байх явдал ажээ”.
Дээрхийн гэгээн Далай лам Калачакра Mайдан дахь эхний айлдварын үеэр. Бодгаяа, Бихар, Энэтхэг. 2018 оны 1 дүгээр сарын 5. Гэрэл зургийг: Лувсан Цэрэн
“Өнөөдөр дэлхий дээр амьдарч буй 7 тэрбум хүний 1 тэрбум нь шашны дадалд сонирхолгүй. Үлдсэн хэсгийн зарим нь шашныг хуваагдалд ашигладаг. Шашин зөрчлийн шалтгаан болж байгаад үнэхээр харамсаж байна.
Хүмүүс бид бол нийгмийн амьтад. Бие биеэсээ тун их хамааралтай. Бид өөрсдийгөө бүрэн хангаж чадахгүй. Энд бид тайван байгаа ч өөр газар зөрчилдөөн их байна. Хүмүүс нэгнээ дээрэлхэж, хороож байна. Зарим нь өлсөж, хайхрамжгүй байдалд үхэж байна. Бид өдөр бүр “Хамаг бүхэн зовлонгоос ангижрах болтугай” хэмээн залбирдаг атлаа ийм зүйлийг яаж тэвчиж чадаж байна вэ? Бурхан багшийн шавь нар гэдэг утгаараа бид өдөр бүр “Би бусдад яаж тусалж чадах вэ?” гэж өөрөөсөө асуух хэрэгтэй. Учир нь бид бүгд жаргалыг л хүсдэг, зовлонг хүсдэггүй.
Өнөө цагийн боловсрол хүмүүний үнэт зүйлсэд бага анхаардаг учир бид энэрэл хайр, нигүүлслийн талаарх ярилцлагаар түүнийг баяжуулах хэрэгтэй. Жишээ нь, ухаалгаар бодоход энэрэнгүй, дулаан уур амьсгалтай гэр бүл аз жаргалтай байдаг бол атаархал, өрсөлдөөнд автсан гэр бүл аз жаргалгүй байдаг”.
Дээрхийн гэгээн XIV Далай лам Калачакра Mайдан дахь эхний айлдварын үеэр хилийн чанадаас ирсэн сонсогчид. Бодгаяа, Бихар, Энэтхэг. 2018 оны 1 дүгээр сарын 5. Гэрэл зургийг: Лувсан Цэрэн
Дараа нь Дээрхийн гэгээн XIV Далай лам “Хутагтын хүрдэн эргүүлсэн судар”, “Будаа тарихуйн судар” тэргүүт хоёр судрыг дурдан, эдгээр нь буддын бүх сургаалд нийтлэг суурь үзэл санаа агуулдгийг тэмдэглэв. Тэрбээр “бурхны сургаал номлол” нь оюун ухааныг өөрчлөх, хураан чиглүүлэх утгатайг тайлбарлаж, дараах шүлгээр бататгав.
“Гэмтэй үйл үйлдэж үл болох
Буян номыг арвижуулан дадуулж
Энэ сэтгэлийг номхотгох нь
Бүх Буддагийн сургаал мөн”.
Бидний үйлдэл гэмтэй эсвэл буянтай эсэх нь зорилго, сэдлээс шалтгаалдаг болохыг онцлов.
Дээрхийн гэгээн XIV Далай лам Бурхан багшийн сургаалыг хоёр ангиллаар ойлгож болохыг тайлбарлав. “Судрын мэдлэг хийгээд биечлэн танин мэдэхүй. Судрын мэдлэгийг уншиж судалж хадгалдаг бол танин мэдэхүйн сургаал нь ёс зүй, бясалгал, мэргэн ухаан гэх гурван суртахуунд хамаарагдан хэрэгжих ёстой” гэв.
Дээрхийн гэгээн Далай лам Калачакра Mайдан дахь эхний айлдварын үеэр судрын бичвэрийг тайлбарлаж буй нь. Бодгаяа, Бихар, Энэтхэг. 2018 оны 1 дүгээр сарын 5. Гэрэл зургийг: Лувсан Цэрэн
Дээрхийн гэгээн XIV Далай лам “Бурхан багш ордны амьдралаасаа гарч, гэсэр лам болсон нь зөвхөн хувцсаа сольж, дүр төрхөө өөрчилсөн хэрэг бус харин тухайн цагийн сургаалыг бодитоор судалж, хэрэгжүүлсэн явдал байв. Тэрээр сонссон сургаалаа нягтлан бодож, бясалгасан. Жишээлбэл, тэрээр зовлонгийн мөн чанарыг судалж, түүнийг гүн гүнзгий ойлгож, шүүмжлэлт анализ хүртэл хийжээ. Мөн өөр олон уламжлалд нийтлэг байдаг шаматха (амар тайван сэтгэл), випашяна (онцгой танин мэдэхүй)-г бясалгаж хөгжүүлсэн. Эдгээр дадлыг хийж, чанд сахилга баттай амьдарч байх үед нь хамт байсан нөхөд нь хожим анхны шавь нар нь болсон билээ”.
“Хутагтын хүрдэн эргүүлсэн судар”-т бурхан багшид эхлээд зовлонг таньж, дараа нь түүнийг орхисон тухай айлдсан байдаг. Дээрхийн гэгээн XIV Далай лам Нагаржунагийн дараах шүлгийг эш татав.
“Үйл хийгээд сэтгэлийн зовлонг арилгаснаар чөлөөлөлт ирнэ
Үйл хийгээд зовлон нь сэтгэх бодлоос үүдэлтэй
Энэ нь хэт дөвийлгөхөөс гаралтай
Харин хэт дөвийлгөх нь хоосон чанараар арилдаг”.
Тэрээр тайлбарлахдаа, бодит оршихуйн талаарх ташаа ойлголт нь зовлонгийн эх сурвалж болдог ч энэ ойлголтыг зул өргөж, зан үйл хийх зэргээр даван туулах боломжгүй. Харин юмсын шүтэн барилдлагат чанарыг шинжилж, ухаарч байж уг ташаа ойлголтыг өөрчилж чадна хэмээжээ. Нагаржуна Бурхан багшийг буруу үзлийг даван туулах арга заасанд нь магтсан бол Жэ Зонхав түүнийг шүтэн барилдлагын сургаал номлосон хэмээн алдаршуулсан билээ.
Дээрхийн гэгээн XIV Далай лам Калачакра Mайдан дахь эхний айлдварыг орчуулж буй 12 орчуулагчийн нэг болох орос орчуулагч. Бодгаяа, Бихар, Энэтхэг. 2018 оны 1 дүгээр сарын 5. Гэрэл зургийг: Лувсан Цэрэн
Дээрхийн гэгээн XIV Далай лам “Будаа тарихуйн судар” нь санскрит уламжлалд хамаардаг болохыг тэмдэглээд, Махаяна, Хинаяна хэмээх хоёр нэр томьёо нь нэгнийгээ дээрээс үзэх хандлага үүсгэдэг тул пали, санскрит уламжлал зэрэг нэршлийг илүүд үздэг гэв. Учир нь санскрит уламжлал нь пали уламжлалын хөрсөн дээр бий болсныг онцлов.
“Будаа тарихуйн судар”-ыг уншиж эхлэхийн өмнө Дээрхийн гэгээн XIV Далай лам дараах хоёр ажиглалтыг хэлэв. “Энэ судар нь Шарипутра, Mайдар тэргүүт бурхдын хооронд болсон яриаг харуулдаг бөгөөд тэд хоёр том хавтгай чулуун дээр сууж ярилцжээ. Энэ нь бодит амьдралд суурилсан энгийн байдлыг илэрхийлдэг тул түүнд таалагддаг гэжээ. Дараагаар “Энэрлийн төгс сургаалын тайлбар бичиг”-т Өмнөд Солонгосын хамба лам Вэньцзигийн тэмдэглэснээр Mайдар бурхны ээжийн алдрыг ч мөн Mайдар байсан гэжээ. Энэ нь Mайдар бурхан нь хүн төрөлхтөнд төрсөн бодьсадва мөн тэнгэрийн бодьсадва гэсэн давхар чанартайг илэрхийлж байгаа бөгөөд тэрээр сударт шүтэн барилдлын тухай номлож буй”.
Дээрхийн гэгээн XIV Далай лам энэхүү судрын тайлбарыг маргааш үргэлжлүүлэн айлдана хэмээн мэдэгдэв.
Орчуулсан Т.Ялгуун