АНУ, Вашингтон Ди Си (Шаун Тандон, AFP) - Далай лам ардчиллын төлөө тууштай тэмцсэнийхээ төлөө АНУ-д шагнал хүртсэн нь Цагаан ордонд айлчлахыг нь Хятад улс эрс эсэргүүцэж байсан Төвөдийн оюун санааны удирдагчийн хүртсэн хамгийн шинэхэн шагнал юм.
Ерөнхийлөгч Барак Обама Хятадын анхааруулгыг үл хэрэгсэн цөллөгт буй ламтантай Цагаан ордонд уулзсаны маргааш буюу Баасан гарагт Ардчиллын Үндэсний Сан (National Endowment for Democracy) Конгрессын Номын Санд хөл тавих зайгүй цугласан олны өмнө Далай ламд одон медаль гардуулав.
АНУ-ын Конгрессоос санхүүждэг тус сан Далай ламыг цөллөгт ардчилсан засгийн газар байгуулж, Төвөдүүд хүсвэл олон зуун жилийн турш оршин тогтносон шашны албан тушаалаа ч халахад бэлэн байгааг нь өндрөөр үнэлжээ.
Зураг. Далай лам ардчиллыг тууштай дэмжсэнийхээ төлөө шагнууллаа.
"Харгислал хүчирхийлэл, зүхэл доромжлолын өмнө зүрх зориг, өөртөө итгэх итгэлээ хадгалж үлдсэнээр тэрбээр зөвхөн өөрийн ард түмэн төдийгүй дэлхийн хаа сайгүй дарлагдан зовж буй хүмүүст итгэл найдвар төрүүллээ" хэмээн Сангийн ерөнхийлөгч Карл Гершман Дээрхийн гэгээнд Ардчиллын гавьяаны одон медалийг зүүж өгөхийн өмнө хэллээ.
Хятадын удирдлагад ороод байсан эх орноосоо 1959 онд Энэтхэг рүү дүрвэсэн Далай лам АНУ, Энэтхэгийн ардчиллыг биширдгээ илэрхийлээд, Хятадын авторитар дэглэм бол тогтвортой зүйл биш юм хэмээв.
"Хятадын Коммунист нам олон буруу зүйл хийсэн гэж би боддог. Гэхдээ үүний зэрэгцээ тэд хүчирхэг Хятад улсыг бий болгоход ихээхэн хувь нэмэр оруулсан." гэж тэрбээр хэлэв.
Нийгмийн хамгааллын хүчтэй тогтолцоог дэмждэг өөрийгөө марксист хэмээн нэрлэсэн Далай лам хятад хүмүүсийн дунд баяжих сонирхол улам бүр нэмэгдэж байгааг онцлоод, "Заримдаа миний тархи Хятадын тэдгээр удирдагчдаас илүү улаан юм шиг санагддаг" хэмээн хошигносон байна.
Тэрбээр англиар "Заримдаа би Коммунист нам нэр төртэйгөөр тэтгэвэрт гарах цаг болсон гэж хэлдэг" гэж хэлээд, Хятадын удирдагчид түүний энэ үгэнд "хилэгнэнэ" дээ хэмээн инээв.
Өмнө нь Хятад улс Обамаг Дээрхийн гэгээн Далай ламтай уулзсаныг эсэргүүцэж, АНУ "олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг бүдүүлгээр зөрчлөө" хэмээн АНУ-ын Элчин сайд Жон Хантсманыг дуудсан билээ.
"АНУ-ын үйлдэл Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс, ноцтойгоор оролцож, Хятадын ард түмний сэтгэлийг шархлуулж, Хятад-АНУ-ын харилцаанд ноцтой хохирол учрууллаа" гэж Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ма Жаошу мэдэгдсэн байна.
Вашингтонд Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Филипп Кроули хэлэхдээ Далай лам Обама болон Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтонтой уулзсан нь АНУ-ын Төвөдийн удирдагчтай хийж буй урт хугацааны яриа хэлэлцээний нэг хэсэг юм гэжээ.
"Энэ асуудал дээр бид санал нийлэхгүй гэдгээ хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй санагдаж байна" гэж Кроули сэтгүүлчдэд хэлэв.
Далай ламтай нягт хамтран ажилладаг Олон улсын Төвөдийн төлөөх аян байгууллага гэрчүүдийн хэлснийг эш татан мэдээлснээр Төвөд болон Хятадын Сычуань мужийн хуучнаар Төвөдөд харъяалагддаг байсан газар нутгийн оршин суугчид хатуу хяналтыг үл харгалзан Цагаан ордон дахь уулзалтыг тэмдэглэж, залбирал уншиж, салют буудуулжээ.
Цөллөгт буй удирдагч Хятадын засаглалыг хүлээн зөвшөөрч буйгаа удаа дараа мэдэгдсэн боловч Бээжин Далай ламыг Хятадыг хагалан бутаргахыг оролдож байна хэмээн буруутгасаар байгаа.
Хятадын эмзэглэлийг харгалзан Обамагийн Цагаан ордон ерөнхийлөгчийн эрх мэдлийн төв болох Зууван оффис бус Газрын зургийн өрөөнд уулзалтыг зохион байгуулж, камер оруулахыг хориглосон юм.
Гэвч Цагаан ордон дараа нь мэдэгдэл гаргаж, Далай лам болон Төвөдүүдийн эрхийн төлөөх түүний хүчирхийлэлгүй тэмцлийг дэмжсэн мэдэгдэл гаргасан байна.
Обаматай уулзсанаар Далай лам 1991 онд Жорж Х.У. Бушаас хойш АНУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж буй бүх ерөнхийлөгчтэй уулзаж байгаа юм.
Далай лам Пүрэв гарагийн уулзалтаас нэгэн сонирхолтой хэсгийг дэлгэсэн нь Обама түүнд нилээд дээр үед АНУ-ын ерөнхийлөгчтэй харилцаж байсных нь дурсгал болгон Франклин Рузвельтийн 1942 онд түүнд илгээсэн захидлын хуулбарыг өгчээ.
Рузвельт тухайн үед долоон настай байсан Далай ламд захидал, алтан Ролекс цагийг Хималайн алслагдсан нутагтай харилцаа тогтоохыг эрэлхийлж байгаагийнхаа илрэл болгон илгээж байжээ.
"Тэр үед миний сонирхож байсан ганц юм нь захидал биш, харин бэлэгний цаг байлаа" гэж Далай лам инээд алдан хэлэв.
"Тэр захидал хаачсаныг би үнэндээ мэдэхгүй юм. Харин одоо 68 жилийн дараа, дөнгөж өчигдөр Ерөнхийлөгч Обама надад захидлын хуулбарыг өглөө."
Ламтан энэ цагны түүхийг байнга ярьж, түүнийг ухаж оролдсон нь насан туршдаа шинжлэх ухааныг сонирхоход нь түлхэц болсон хэмээдэг билээ.
2007 онд Жорж У. Буш түүнд Конгрессын Алтан Медалийг гардуулах үед тэрбээр алтан цагийг халаасандаа хийж явсан бөгөөд энэ нь АНУ-ын ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацаанд түүнтэй олон нийтийн өмнө гарсан цорын ганц тохиолдол байв.
Зохиогчийн эрх © 2010 AFP. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Орчуулсан Б.Одгэрэл