Энэтхэг, Мадхья Прадеш муж, Бопал хот, 2010 оны 3 дугаар сарын 17 (Хиндустан Таймс) - Төвөдийн оюун санааны удирдагч Далай лам хүний бүтээлч чадварыг бүхэлд нь хөгжүүлэхийн тулд хувь хүний эрх чөлөө чухал болохыг онцоллоо.
"Эрх чөлөөгүйгээр хүний бүтээлч чадвар цэцэглэж чадахгүй. Эрх чөлөө чөлөөтэй байх эрх нь аливаа нийгмийн хөгжил дэвшилд чухал ач холбогдолтой. Үүний тулд бүх нийтийн хариуцлага, хамаг амьд амьтантай өөрийгөө адилтгаж үзэх нэгдмэл мэдрэмж байх хэрэгтэй."
Тэрбээр Лхагва гарагт болсон Мадхья Прадеш мужийн Хүний эрхийн комисс (МПХЭК)-ын зохион байгуулсан хөтөлбөрийн хүрээнд эндхийн чуулганы хурлын танхимд "Бүх нийтийн хариуцлагаар дамжуулан хүний эрх" сэдвээр илтгэл тавьсан юм.
Зураг. Лхагва гарагт Бопал мужийн чуулганы танхимд зохион байгуулагдсан Хүний эрхийн комиссийн үйл ажиллагааны дараа Төвдийн удирдагч Далай лам, мужийн ерөнхий сайд Шивраж Сингх Чоухан (зүүн талд), амбан захирагч Рамешвар Такур (баруун талд) нарын хамт. (Зураг/ДЛО/Тэнзин Чойжор)
Тэрбээр аюулгүй, аз жаргалтай орчин бүрдүүлэх хэрэгцээг онцлоод, орчин үед мөнгө маш чухал болж байгаа талаар ярив. "Хөгжин дэвшихийн тулд хүчирхэг эдийн засгийг бий болгох нь зайлшгүй чухал боловч өөрсдийн дотоодод хүн төрөлхтний үнэт зүйлсийн үрийг соёолуулах нь адилхан чухал юм. Мөнгө танд бүх төрлийн материаллаг зүйлсийг өгч, тансаг амьдралыг авчирч чадах хэдий ч сэтгэлийн амар амгаланг өгч чадах уу? Тиймээс бид үнэт зүйлсдээ илүү их анхаарах хэрэгтэй."
Энэрэн нигүүлсэл нь аз жаргалтай хувь хүн, аз жаргалтай нийгмийг бий болгох урьдач нөхцөл юм гэж тэрбээр хэллээ.
Энэтхэг улс энэрэн нигүүлсэхүйд суурилсан ахимса буюу үл хүчирхийллийн зарчмыг хэрэгжүүлж, шашны мэдлэгийг сурталчилж уламжлалтай гээд, "Энэ бол миний түгээдэг бас нэг мессеж бөгөөд тиймээс намайг Энэтхэг улсын элч гэж нэрлэж болно" хэмээн нэмж хэлэв.
Ёс суртахууны доройтлын талаар харамсан хэлэхдээ "Энэ уналт нь зөвхөн өргөн хүрээний шашны итгэл үнэмшлээр хязгаарлагдахгүй, харин гүн рүүгээ хүн төрөлхтний үнэт зүйлсэд хамаатай. Тиймээс энэрэн нигүүлсэл, өршөөл уучлалыг сурталчлахын төлөө хүчин чармайлт гаргах хэрэгтэй" хэмээсэн байна.
Амьтай бүхнийг оруулаад бүхий л бодгаль зовлонгоос ангижрах эрхтэй. Бид бүгд адилхан л хүмүүс бөгөөд аливаа хоёр хүний хооронд хэлний бэрхшээл болон бусад ялгаа байж болох ч харилцаа холбоог ямар ч хэлбэрээр, тэр ч байтугай энгийн нэг инээмсэглэлээр хялбархан тогтоож болно.
"Би амьдралынхаа ихэнх хэсгийг Энэтхэгт өнгөрөөсөн. Сүүлийн хэдэн арван жилийн турш миний энэ бие Энэтхэгийн даал, ротигоор тэжээгдэж байна. Энэ утгаараа би Энэтхэг хүн."
Бүх л шашин эрүүл саруул хувь хүнийг төлөвшүүлэх чадамжтай бөгөөд ямар нэгэн шашныг хамгийн шилдэг нь гэж онцолж болохгүй гэж тэрбээр ярилаа.
Бопал орчимд буддын шашны их сургууль байгуулах санаачилга гаргасан мужийн засгийн газрыг магтан сайшааж, "Буддын судлал нь буддын шинжлэх ухаан, буддын гүн ухаан, буддын шашин гэсэн гурван үндсэн бүрэлдэхүүн хэсэгтэй. Эхний хоёрыг боловсролын шинэ тогтолцоогоор дамжуулан түгээх боломжтой" гэжээ.
Тэрбээр цааш нь Энэтхэгийн шашин, нийгмийн бүлэглэлүүд хоорондын эв нэгдлийг магтан, "Бусад улс орнуудад янз бүрийн шашин, нийгмийн давхаргууд хоорондын зөрчилдөөнийг харсны дараа Энэтхэг улс энэ тал дээр хамаагүй дээр юм гэж бодож байна" гэсэн байна.
Эцэст нь тэрбээр эмэгтэйчүүд нийгэмд идэвхтэй үүрэг гүйцэтгэх хэрэгцээтэй болохыг дэмжиж, биологийн хувьд эмэгтэйчүүд илүү энэрэн нигүүлсэх чин хандлагатай байдаг гээд, "Миний хувьд ч гэсэн энэрэнгүй сэтгэлийн үрийг ээж минь суулгаж өгсөн. Буддын шашин түүнийг улам нэмэгдүүлсэн" хэмээн ярьжээ.
Илтгэлийн дараа Төвөдийн оюун санааны удирдагч үзэгчидтэй товчхон харилцан ярилцлаа. Гэсэн хэдий ч тэрбээр Хятад болон улс төрийн талаарх асуултуудад хариулахаас зайлсхийсэн юм. Нэгэн асуултад хариулахдаа тэрбээр ёс суртахуунд суурилсан боловсролын системийг нэвтрүүлэх шаардлагатай болохыг онцолж, "Бидэнд боловсролын системд ёс суртахууны үнэт зүйлсийг хэрхэн нэвтрүүлэх талаар судалгаа хийх эрдэмтэд хэрэгтэй байна" хэмээлээ.
Амбан захирагч Рамешвар Такур, мужийн ерөнхий сайд Шивраж Сингх нар хөтөлбөрийг удирдан явуулсан бөгөөд Мадхья Прадеш мужийн Хүний эрхийн комиссын дарга, шүүгч Д.М. Дхармадхикари мэндчилгээ дэвшүүлж үг хэлжээ.
Уг арга хэмжээний үеэр шүүгч Дхармадхикаригийн бичсэн "Хүнлэг үнэт зүйлс ба хүний эрх" ном болон Хүний эрхийн комиссын сэтгүүлийн нээлтийг хийсэн байна.
Амбан захирагч Рамешвар Такур Лхагва гарагт Төвөдийн оюун санааны удирдагч Далай ламыг Раж Бхаванд халуун дотноор хүлээн авч, дурсгалын зүйл, алчуур бэлэглэлээ.
Далай ламын зориулсан хүндэтгэлийн үдийн зоогийг мөн Раж Бхаванд зохион байгуулсан бөгөөд үүнд мужийн ерөнхий сайд Шивраж Сингх Чоуханаас гадна сөрөг хүчний удирдагч Жамуна Дэви, Мужийн конгрессын хорооны ерөнхийлөгч Суреш Пачаури, парламентын гишүүн Кайлаш Жоши, кабинетын сайд Бабулал Гаур, хотын дарга Кришна Гаур нар байлцсан байна.
Мужийн ерөнхий сайд Шивраж Сингх Чоухан Нобелийн энх тайвны шагналтан Далай ламд Нур-ис-Саба зочид буудалд бараалхжээ. Ерөнхий сайд түүнд алчуур, наргил модны самар өргөн барьсан байна.
Англи хэлнээс орчуулсан Б.Одгэрэл