Швейцар, Цюрих хот, 2010 оны 4 дүгээр сарын 11 - Өнөөдөр Дээрхийн гэгээн Далай ламтай хамтарсан "Эдийн засгийн систем дэх өглөгч, энэрэнгүй сэтгэл" сэдэвт Оюун ухаан ба амьдрал XX бага хурлын гурав дахь буюу сүүлчийн өдөр байлаа. Өнөөдрийн үйл явдлын хураангуйг Оюун ухаан ба амьдрал хүрээлэнгийн (www.mindandlife.org) зөвшөөрөлтэйгээр хүргэж байна.
Тавдугаар хэсэг
Оюун ухаан ба амьдрал XX бага хурлын сүүлчийн чуулган Роши Жоан Халифаксын хэдэн жилийн өмнө Дээрхийн гэгээний хэлсэн үгийг эш татсанаар эхлэв. “Энэрэн нигүүлсэл бол тансаглал биш, харин хүн төрөлхтний оршин тогтноход зайлшгүй шаардлагатай зүйл юм.” Үүний дараа өнөөдрийн чуулганы цорын ганц албан ёсны илтгэлийг тавьсан Харвардын Бизнесийн сургуулийн Виллям Жорж энэрэнгүй, жинхэнэ манлайллын талаар ярилаа. Түүний үзэж буйгаар энэ нь эрүүл нийгэмд зайлшгүй шаардлагатай зүйл аж. Тэрбээр дэлхийн санхүүгийн эмх замбараагүй байдлыг эдийн засгийн гэхээсээ илүү оюун санааны бүтэлгүйтэл бөгөөд хүмүүсийн материалист үзлээс үүдэлтэй улам бүр илүү сэтгэл ханамж авах гэсэн хүсэл нь шунал, сүйрлийн зам рүү хөтөлсөн хэмээн үзэж байгаа аж. Өнөөдөр бид удирдагчиддаа итгэх итгэлээ алдаад байгаа. Манлайллын бүтэлгүйтэл нь эцсийн эцэст өөрийн ашиг сонирхлыг бусдынхаас дээгүүр тавьж, тэгснээр ихээхэн хэмжээний хор хохирол учруулдаг удирдагчдаас үүдэлтэй юм.
Зураг. Оюун ухаан ба амьдрал XX бага хурлын илтгэгчид. (Зургийг Мануэль Бауэр)
Гэсэн хэдий ч сайн талаас нь харвал манлайллын шинэ хэлбэр бий болж байгааг бид харж байна. Энэ нь “дээрээс доош” чиглэлтэй менежментэд суурилах бус бүгдэд эрх мэдэл олгоход суурилах бөгөөд удирдагчийн ажил бол хүч хэрэглэн дарангуйлах биш, харин бусдад үйлчлэх явдал юм. Байгууллагуудын эрхэм зорилго нь хувьцаа эзэмшигчдэд үйлчлэх биш, харин нийгэмд үйлчлэх явдал байх хэрэгтэй хэмээн Виллям Жорж ярив. Урт хугацаандаа энэ нь гүйцэтгэлийг тогтвортой байлгадаг байна.
Удирдагч нар тийм чигээрээ төрөх буюу үйлдвэрлэггүй, харин удирдагч болж бойждог. Билл Далай ламаас “Бид хэрхэн илүү олон удирдагчийг бойжуулах боломжтой вэ?” хэмээн асуухад Дээрхийн гэгээн “Миний бодлоор энэ нь дотоод үнэт зүйлсийн төлөвшлөөс үүдэлтэй. Та бүхний олонх нь үүнийг аль хэдийн мэддэг байж болох ч бүрэн итгэлтэй биш байж магадгүй. Хөгжил дэвшилд боловсрол голчлон тусална гэж би боддог. Сайтар бодож төлөвлөснөөр бид боловсрол болон бусад салбарыг илүү нигүүлсэнгүй хүмүүсийг төлөвшүүлдэг болгож чадна. Хитлер хүртэл төрөлхөөсөө хорон муу хүн байгаагүй. Харин түүний төлөвшил, амьдралын нөхцөл байдал түүнийг тийм болоход хүргэсэн. Гэхдээ намайг анх ингэж ярихад Иерусалим дахь хэвлэл мэдээллийнхэн түүнийг "эерэг хүн" гэж хэлсэн юм шиг сонгогдохоор болгож орхисон шүү” хэмээн хариулав.
Дээрхийн гэгээн үргэлжлүүлэн “Та бүхэн энэ төрлийн манлайллын талаарх эдгээр санааг яриагаараа болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан түгээж, олонд таниулах хэрэгтэй. Ийм удирдагчид байх шинж чанаруудын жагсаалтыг 'А, Б, В, ...' гэх мэтээр гарга. Ингэснээр хүмүүс сонгуульд саналаа өгөхдөө энэ жагсаалт дээр үндэслэн удирдагчаа үнэлж болно!” хэмээлээ.
Ричард Дэвидсон тайзан дээр дахин гарч ирээд энэхүү хорь дахь удаагийн Оюун ухаан ба амьдрал бага хурлыг явуулах боломж олгосонд нь Дээрхийн гэгээнд талархал илэрхийлэв. "Үүнийг өөр хэнтэй ч хийж чадахгүй байлаа. Өөр ямар ч дэлхийн удирдагч эрдэмтэдтэй харилцан ярилцахад ийм их цаг зарцуулж байгаагүй” гэж тэрбээр нижигнэсэн алга ташилтан дунд хэллээ. “За даа, надад удирдах улс орон байхгүй шүү дээ. Би нэлээд завтай байсан юм” гэж Дээрхийн гэгээн хошигнов. Түвдэн Жинба үүн дэр нэмэн, “Тэр зарим талаараа цаг нөгцөөхийн тулд үүнийг хийдэг юм!” хэмээлээ. Эхний хэсэгт яригдсан шинжлэх ухааны ололтуудыг нэгтгэн дүгнэснийхээ дараа тэрбээр “Энэ бага хурлын хэлэлцүүлгүүдээс бид практик төдийгүй суурь судалгаан дээр бусдад туслах өгөөмөр сэтгэл болон энэрэн нигүүлсэхүйн тухайд жендерийн тодорхой ялгаа байдаг болохыг харлаа. Энэ яагаад ийм байна гэж та бодож байна?” гэж асуув.
Зураг. Оюун ухаан ба амьдрал XX бага хурлын оролцогчид. (Зургийг Мануэль Бауэр)
"Миний бодлоор мэдрэлийн эсүүд нь адилхан, эрхтнүүд нь адилхан" хэмээн Дээрхийн гэгээн хэсэгхэн зуур бодолхийлсний эцэст хэллээ. "Бурхан багш эрэгтэй, эмэгтэй хүмүүст тэгш боломж олгохыг хүсэх байсан болов уу. Ялгаварлан гадуурхах нь эрх тэгш байдалд саад болдог. Эр хүний шинж чанарууд нь хүч чадалтай холбоотой байдаг бол эмэгтэй хүнийхийг мэргэн ухаантай холбодог. Бид хайр энэрлийн эх туйлын эх булаг болох эх төвтэй оршихуй руу хөгжих хэрэгтэй. Эмэгтэйчүүд биологийн хувьд үүнд илүү мэдрэмжтэй болохыг энэ уулзалтын дүнд бид мэдэж авлаа. Хувьслын явцад бүлгүүд илүү нарийн төвөгтэй болж хувирсны дүнд манлайлал гэдэг ойлголт тун саяхан гарч ирсэн байдаг. Хүч чадал энэ орон зайд орж ирэн, тогтвортой байдлыг хангах болсноор боловсрол, энэрэн нигүүлсэхүй зэрэг нь илүү хоёрдогч үүрэгтэй болж шахагдсан байна.”
“Би Энэтхэгт амьдрах болсноор эрх чөлөө, ардчилал гэх мэт олон зүйлийг сурсан. Миний бодол санаа, үзэл баримтлалын ихэнх нь Энэтхэгт байх хугацаанд үүсч хөгжсөн учраас би одоо өөрийгөө Энэтхэгийн хүү гэж үздэг. Энэ нь Хятад дахь дарга нарыг маань үргэлж бухимдуулдаг!” хэмээн тэрбээр үргэлжлүүлэв. Тэрбээр мөн зөвхөн оюун ухаан дангаараа хангалтгүй. Бидэнд илүү их энэрэн нигүүлсэл хэрэгтэй гэлээ. Боловсрол эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн эрх тэгш байдлыг хангахад тусална. Эмэгтэйчүүд илүү идэвхтэй манлайлах үүргийг хүлээх хэрэгтэй. “Гэсэн хэдий ч зарим эмэгтэйчүүд тийм ч нигүүлсэнгүй биш шүү!” хэмээн хошигнолоо.
Эрнст Фэр ирээдүйн зарим сорилтын талаар бодож үзээд, “Буддын шашны ямар ойлголтыг энэ хурлын хүрээнд оруулж ирэх боломжтой вэ?” гэж Дээрхийн гэгээнээс асуув.
Дээрхийн гэгээн "Бидэнд өөр өөр шашин хэрэгтэй нь ойлгомжтой. Тэд өөр өөр үзэл бодолтой боловч ижил төстэй үр дүнг бий болгодог. Лалын шашинтай нэгэн найз минь надад жинхэнэ шашинтан бүх амьд амьтныг хайрлах ёстой гэж хэлж байсан. Бид эдийн засгийн тогтолцоон дахь асуудлуудын үндсэн шалтгааныг шийдвэрлэх хэрэгтэй. Бид шашнаас ангид иргэний ёс зүйг хүлээн зөвшөөрөх ёстой. Буддизмд буддын шинжлэх ухаан, буддын гүн ухаан, буддын шашин гэж бий. Шашныг нь орхиод буддын шинжлэх ухааныг хараад үзээрэй. Буддизм нийгмийн шинжлэх ухаанд энэрэн нигүүлсэхүй зайлшгүй шаардлатай болохыг баталдаг. Таны аз жаргал бусдын аз жаргалтай холбоотой. Бүх зүйл хоорондоо уялдаатай. Буддын шинжлэх ухаан нь сэтгэл хөдлөлийн талаар илүү сайн мэдлэг олгодог" гээд үргэлжлүүлэн "Гэсэн хэдий ч бид бүх шашныг хүндлэх хэрэгтэй. Хүмүүсийн шашин шүтлэгийг өөрчлөхийг оролдох хэрэггүй. Хүндэл. Буддын шашин нийгэм дэх эдийн засагт ашигтай юу? Үгүй. Гэхдээ шашин шүтлэгтэй хүний үнэт зүйл, үзэл бодлыг нь авч ашигла." хэмээн ярилаа.
Орчуулсан Б.Одгэрэл