Тэгчин Чойлин, Дарамсала, Химачел Прадеш, Энэтхэг – Дээрхийн гэгээнтэн Далай лам өчигдөр Шинэ Зеландын Ерөнхий сайдаар сонгогдсон Крис Луксонд захидал илгээж, саяхан болж өндөрлөсөн Үндэсний сонгуульд түүний нам ялалт байгуулсанд баяр хүргэжээ.
Тэрбээр захидалдаа “Өнөөдөр дэлхий ертөнц хүндхэн сорилттой тулгараад байна. Гэсэн ч хүн төрөлхтний харилцан хамаарал, нэгдмэл байдлын ухамсар, мэдрэмж нь улам бүр өсөн нэмэгдэж буй нь итгэл найдвар төрүүлсээр. Тийм ч учраас хамтын хүчин чармайлтын үр дүнд урт хугацаандаа нөхцөл байдал сайжирна гэж би өөдрөгөөр боддог” гэж тэмдэглэжээ.
“Дэлхий дахины аюулгүй байдал, энхтайвныг бэхжүүлэхэд танай улс чухал үүрэг гүйцэтгэх боломжтой. Тухайлбал, цөмийн зэвсгээс ангид байх бодлогод тууштай хандаж буй Шинэ Зеландын үзэл баримтлал нь бусад улс орнуудын хувьд сонсож, дуурайх ёстой үлгэр жишээ болж байна. Цөмийн зэвсгээс ангижрах нь эцсийн дүндээ дэлхий ертөнцийг тайван, сайхан болгох цорын ганц зам мөн” гэж дурдлаа.
Дээрхийн гэгээнтэн үргэлжлүүлэн “Танай сайхан оронд зочлох завшаан хэд хэдэн удаа тохиосонд баяртай байдаг. Эдгээр айлчлалын үеэр нийгмийн бүхий л давхаргын хүмүүс миний сурталчилдаг энэрэл, хүлцэл, уучлал, сэтгэл ханамж, сахилга бат зэрэг хүний суурь үнэт зүйлсийн тухай болон шашин хоорондын эв найрамдлыг төлөвшүүлэхэд чиглэсэн хүчин чармайлтыг маань ихээхэн сонирхож, дэмжиж байсан нь надад маш их урам зориг өгсөн” хэмээв.
Төгсгөлд нь Дээрхийн гэгээнтэн шинээр сонгогдсон Ерөнхий сайдад Шинэ Зеландын ард иргэдийн хэрэгцээ, хүсэл эрмэлзлийг биелүүлэх их үйлсэд нь тулгарч болзошгүй сорилтуудыг амжилттай даван туулахыг ерөөж, амжилт хүсэв.