Тэгчин Чойлин, Дарамсала, Энэтхэг - Дээрхийн гэгээн Далай лам "Далай ламын залуу манлайлагчдын хөтөлбөр"-т хамрагдсан 14 залуу удирдагч, тэднийг дагалдан ирсэн зочидтой уулзав. Энэхүү нэг жилийн онцгой хөтөлбөр нь бясалгал, сэтгэл оюуныг боловсруулах сургалтаар дамжуулан нийгэмдээ эерэг өөрчлөлт авчрахыг эрмэлзэж буй залуу манлайлагчдыг бэлтгэдэг аж.
Колорадогийн Их Сургуулийн хүндэт тэргүүн Филип П.ДиСтефано нээлтийн үеэр “2016 онд Далай лам энэ сургуульд зочилж, 2021 онд цахим уулзалт хийж байсныг дурдаад, энэ удаад багш, оюутнуудтай энэрэнгүй сэтгэлийг амьдралд хэрхэн хэрэгжүүлэх тухай ярилцахаар дахин морилоод буйг дуулгав. Тэрээр "Колорадо, Стэнфорд, Виржиниагийн Их Сургуулийн хөтөлбөрт хамрагдсан залуучуудын хамт тантай уулзаж байгаадаа баяртай байна. Энэ бол ирээдүйн удирдагчдыг төлөвшүүлэх онцгой боломж юм" хэмээв.
Энэ удаагийн ярилцлагыг хөтлөн явуулах Сона Димиджиан, Далай ламын сургаал сэтгэл, мэдрэл судлалын ажлыг чиглүүлж, гэр бүлд нь ач тусаа өгсөөр ирснийг дурдаад, "Орчин үеийн залуус дэлхий нийтийг харъя гэтэл зөрчил тэмцэл, дайн, зовлон шаналал дүүрэн. Дотогшоо харъя гэхээр ганцаардал, гуниг зовлонтой байдаг. Иймд бид таны мэргэн зөвлөгөөг хүсэж байна. 2004 оноос эхлэн уг хөтөлбөрт нийт 50 орны 200 гаруй оролцогч хамрагдсан бөгөөд тэд гадаад, дотоод ертөнцдөө анхаарч, Далай ламын сургаалыг үйл хэрэг болгохыг хүсэж явдгийг илэрхийлсэн билээ. Тэдний зүрх сэтгэл нээлттэй байгаа" гэв.
Залуус өнөө өглөө хаалганы гадна зогсож байхдаа “Зүрх сэтгэлийг минь нээж, энэрэл хайраар дүүргээч” хэмээн дуулж байсныг Далай багшид хэллээ. Дараа нь тэрээр Далай ламаас үйл хэрэгтээ хэрхэн өрөвч, нинжин сэтгэлийг тусгах тухай цөөн үг хэлж өгөхийг хүслээ.
Харин Далай лам, "Энд та бүхэнтэй уулзаж байгаадаа маш их баяртай байна. Бид бүгд эхээс мэндэлж, асар их энэрэл хайрыг хүртсэн билээ. Энэ бол зөвхөн хүмүүст төдийгүй амьтдад ч хамаарах байгалийн жам ёсны хариу үйлдэл юм. Энэ бол бид бүгдийн нийтлэг мэдэрдэг зүйл. Тэгэхээр бид бүгд үндсэндээ ижил. Бид эхийнхээ нинжин сэтгэлийн ачаар л амьд үлдсэн. Үүнийг үргэлж санах нь нэн чухал.
Багадаа бид эхийнхээ хайрыг тодоор мэдрэгддэг ч өсөж томрох тусам энэ байдал багасдаг. Эхийнхээ нинжин сэтгэлийг насан туршдаа тэр хэвээр нь хадгалж чадвал хэчнээн сайхан байх сан билээ. Энэрэл нигүүлсэл, халуун дулаан сэтгэлийг ямагт тордож байх нь эхийнхээ хайрыг тээн хадгалж буй нэг арга юм. Би хаана ч хэнтэй ч уулзсан инээмсэглэж, халуун дотноор мэндэлдэг. Ингэснээр хүмүүс миний найз болдог. Бусдад халуун дулаанаар хандах нь нэн чухал. Халуун дулаан сэтгэлтэй байх нь бидний үндсэн мөн чанар болох юм. Ийм хүний сэтгэл амгалан, найз нөхөд олонтой байдаг. Эхийн минь бидэнд өгсөн хамгийн том бэлэг бол инээмсэглэл, халуун дулаан сэтгэл нь юм шүү дээ".
Сона Димиджиан Далай ламаас асуулт асуух залуу 7 удирдагчийг танилцууллаа. Тэдний дунд Вьетнамын Кханг Нгуен, Нигери/Руандагийн Дамилола Фасоранти, Кенийн Манси Котак, Их Британийн Сэрээн Сингх, Кени/АНУ-ын Бриттани Ричардсон, Энэтхэгийн Шрутика Силсвал, болон АНУ-ын Энтони Демауро нар байв.
Тэд Далай ламаас хүн төрөлхтний түгээмэл, нийтлэг үнэт зүйлсийг хэрхэн түгээн дэлгэрүүлэх талаар зөвлөгөө хүсэв. Мөн хэрхэн бусдын тусад хичээж амьдрах урам зоригийг төрүүлэх талаар асууж байлаа. Түүнчлэн уурлаж бухимдсан ч хэрхэн энэрэнгүй байх, шударга бус явдалтай тэмцэхдээ ч дайснаа энэрэх талаар асуусан юм.
Далай лам бээр “Анх ээжээсээ мэдэрсэн тэр л асрал хайрыг мартахгүй байвал бид бүгд хэнтэй ч үл маргалдан, үл тэмцэлдэнэ. Гэвч бид ижил төстэй талуудаа бус, ялгаатай талуудаа л дөвийлгөдөг. Би хаа ч явсан өөрийгөө эгэл нэгэн хүн гэж бодож, бусадтай инээмсэглэн харьцдаг. Өөрийгөө Далай лам хэмээн санаж, бусдаас хэт ялгаатай гэж боддоггүй. Анх танилцаж байгаа хүнээ би миний л нэгэн адил хүн гэж хүлээн авдаг юм. Бидний төрх байдал, арьс, үсний өнгө өөр байж болох ч энэ нь зөвхөн хоёр дахь ялгаа.
Би бусдыг өөрийнхөө ахан дүүс хэмээн үзэж, ялгаатай талаа бус юугаараа ижил вэ гэдгийг боддог юм. Багадаа би хөршийнхөө хүүхдүүдтэй тоглодог байсан ч тэднийг мусульман, өөрийгөө буддын шашинтай айлын хүүхэд гэдгийг бүр сүүлд л мэдэж байсан юм.
Бид уг мөн чанартаа адилхан гэдгийг ямагт бодож байх нь чухал. Нэг нэгнээ өрөөсгөлөөр ялгаварлан гадуурхдагийн улмаас бид өгөөмөр, нинжин сэтгэлээ гээж орхидог. Бидний шашин, соёл, үндэс угсаа ямар ч байсан уг мөн чанартаа бид бүгд ижил. Хэрэв би өөрийгөө "Далай лам" гэж дөвийлгөвөл бусдаас холдоно. Тиймээс би хүн төрөлхтөн нэг мөн чанартай гэдгийг үргэлж бодож анхаарч явдаг.
Бага насны хүүхдийн сэтгэл үргэлж нээлттэй, эелдэг, гэгээлэг байдаг. Тэд өөрсдийгөө бусдаас ялгадаггүй. Томрох үедээ л бидний ялгааг ухамсарлаж, зөрчилдөөнд хүргэчих гээд байдаг гэмтэй. Үүнийг тэнцвэржүүлэх арга бол бид бүгд уг мөн чанартаа ижилхэн гэдгээ мөнхөд санах явдал юм. Бид хүн төрөлхтний нэгдмэл байдлыг хүлээн зөвшөөрөх ёстой. Учир нь бид бүгд ижил.
Арьсны өнгө, үндэс угсаанаас үл хамааран бид бүгд үр хүүхэд төрүүлж өсгөнө. Би төвөд хүн, лам. “Далай лам” хэмээх чимэгтэй ч хамгийн чухал нь би хүн юм. Бид нийгмийн амьтан учраас хоорондоо харилцдаг. Хүн төрөлхтөн бүхэлдээ ижилхэн гэж бодохын төдийд бидний сэтгэл амгалан болдог билээ”.
Сона Димиджиан Далай ламд талархал илэрхийлээд, Вижай Хатрийг хаалтын үг хэлэхийг урив. Вижай Хатри, "Энэ долоо хоног өөрчлөлтөөр дүүрэн байлаа. Оюун ухаан бол зөвхөн дүүргэх ёстой сав биш, харин асаах гал ажээ гэсэн үг байдаг. Бид танаас өрөвч, нинжин сэтгэлийн тухай суралцлаа, энэ сайхан бэлэгт талархлаа" хэмээв.
Далай лам, "Бид багадаа хэн нэгнээ үл ялган тоглодог байсан шүү дээ. Ийм цоож цуургагүй, нээлттэй сэтгэлээ бид хадгалах ёстой. Бид бие биенээ “бид” эсвэл “тэд” гэж ялгаад байвал зөрчилдөөн үл тасарна. Иймд бид хүн төрөлхтний язгуур мөн чанарыг, “тэд” ч бас бидний нэгэн адил хүн гэдгийг санаж байх нь чухал" хэмээн хэлэв.
Сона Димиджиан Далай ламд сайн сайхныг хүсээд, эхний өдрийн уулзалтаа өндөрлөв.
Англи хэлнээс орчуулсан Б.Ганчимэг