Энэтхэг улс, Химачал Прадеш муж, Дарамсала хот. Энэ өглөө Дээрхийн гэгээн Далай лам Төвөдийг дэмжих зорилготой, Энэтхэг даяар үйл ажиллагаа явуулдаг Бхарат-Тиббат Сахёг Манч (ЭТХАФ) байгууллага үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан арга хэмжээнд оролцохоор Зүглэгхан дуганд морилон ирэв. Түүнийг өргөөнийх нь үүдэнд тус байгууллагын ерөнхий ивээн тэтгэгч, доктор Индреш Кумар угтан авлаа. Дараа нь тэрбээр байгууллагын гишүүдтэй зургаа татуулав.

Энэтхэг үндэстний уламжлалт ёслолын дагуу Дээрхийн гэгээнд цэцэг, зул өргөн барьж, магнайд нь тилак буюу өлзий дэмбэрлийн тэмдэг тавьжээ. Үүний дараа “Чэма Чанпу” хэмээх төвөд заншлын дагуу угтан авлаа. Түүнийг морилоход үндэсний хувцсаараа гоёсон төвөдүүд цагаан торгон хадаг дэлгэн барьсан байлаа. Дээрхийн гэгээн түр саатан, Төвөдийн урлагийн хүрээлэнгийн “Даш Шолпа” бүжигчдийн тоглолтыг таалан болгоов. Сэнтийдээ залрахаасаа өмнө тэрбээр Янжинлхам бурхны өмнө зул өргөх ёслолд оролцож, арга хэмжээг нээлээ.
Дээрхийн гэгээн сүсэгтэн олонтой хамт байгаа нь асар их ерөөл, адис жанлавтай буйг хөтлөгч цугласан олонд хэлэв. Хүндэт зочдыг албан ёсоор угтах үеэр хүн бүр Химачалын үндэсний малгайг өмсжээ. Мөн асар том шар мандарваа цэцгийн хэлхээ авчирч, арга хэмжээнд оролцогчдыг тойруулан байрлуулсан байна.
ЭТХАФ байгууллагын үндэсний ерөнхий нарийн бичгийн дарга Панкаж Гоял “Энэтхэг мандтугай. Төвөд мандтугай” хэмээн уухайлав. Тэрээр хүндэт зочид, үзэгчидтэй мэндчилэн, ЭТХАФ 25 жилийн хугацаандаа Энэтхэг даяар салбаруудаа байгуулан өргөжиж чадсаныг дурдав. Мөн Дээрхийн гэгээний дэмжлэгийг хүртэж байгаадаа машид бахархдаг бөгөөд Төвөдийг үргэлжлүүлэн дэмжихийн төлөө тууштай зорьж буйгаа онцолжээ.

ЭТХАФ байгууллага олон төрлийн үйл ажиллагааныхаа хүрээнд хүмүүсийг Хималайн уул руу мөргөлд дагуулан явдаг ажээ. Гоял нэгэн өдөр Төвөд дахин эрх чөлөөтэй болж, энэтхэг, төвөдүүд Кайлаш ууланд хамтдаа баяраа тэмдэглэнэ гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв. Харин байгууллагын одоогийн зорилтуудын нэг нь залуусыг эгнээндээ гишүүнээр элсүүлэх явдал юм. Үүний дараа тус байгууллагын ерөнхий ивээн тэтгэгч Индреш Кумар үг хэлж, Энэтхэг, Төвөдийн түүхэн харилцааг дурдав. Тэрбээр Дээрхийн гэгээнийг магтан, Бурхан багшийн гэгээрэлд хүрсэн өлзийт энэ өдөр энэхүү байгууллын ой давхцаж буйд баярлан, Бурхан багшийн сургаал өнөөдөр ч бидний дунд оршсоор буйд баяртай байгаагаа илэрхийлжээ. Сайн хийгээд муугийн тэмцлийн тухай эртний уламжлалт үлгэр домгийг эргэн дурсахдаа тэрээр эцсийн дүндээ хүчирхийлэл үл хэрэглэх замаар сайн сайхан нь ялдаг хэмээв. ЭТХАФ байгууллага үйл ажиллагаандаа хүчирхийлэл үл хэрэглэх зарчмыг баримталдгийг батлан хэлээд, хүчирхийлэлд автах нь хүн төрөлхтөнд зөвхөн хор хөнөөл учруулна гэжээ. Тэрбээр Төвөд болон төвөдүүдтэй харьцаж ирсэн асуудлаар Хятадад хариуцлага тооцох нь чухал хэмээн тэрээр мэдэгдэв. Төвөдийг эзлэн түрэмгийлсний улмаас зовж зүдэрсэн бүх төвөд хүнийг санан дурсаж, хятадын үйлдлийн төлөө хариуцлага хүлээлгэхийн төлөө ЭТХАФ ажилласаар байх болно хэмээн амлаад, “Ум мани падмэ хум” тарнийг уншив.

Тэрээр Төвөдийн талаарх олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлэх ЭТХАФ байгууллагын төлөвлөгөөг дурдан, төвөдүүдийн эрх ашгийн төлөө үргэлжлүүлэн ажиллахаа амлав. Төгсгөлд нь Төвөд урьд нь эрх чөлөөтэй улс байсан бөгөөд хятадын нэгэн хэсэг байгаагүй хэмээн мэдэгдэв. Тэрээр “Энэтхэг мандтугай. Төвөд мандтугай” хэмээн уухайлснаар үгээ өндөрлүүлжээ.
Дээрхийн гэгээн үг хэлсэн бөгөөд дүрвэж ирснийх нь дараа Энэтхэгийн ерөнхий сайд асан Пандит Жавахарлал Неру түүнийг Дарамсалад амьдрах нөхцөлөөр хангаж өгсөн тухай дурдав.
“Энэтхэг бол эрх чөлөөт орон. Бид энд шашин шүтэх эрх чөлөөг олсон билээ. Дэлхийн бүх шашин энд төлөөлөлтэй боловч буддын шашин энэ оронд үүссэн юм. Тийм ч учраас Ганжуур, Данжуурын эмхэтгэлд багтсан бүх номын эхэнд “Энэхүү зохиолын нэр энэтхэг хэлээр...” хэмээн эхэлсэн байдаг. Энэтхэг, Төвөдийн хооронд эртнээс онцгой харилцаа холбоо байсаар ирсэн. Бидний хадгалж буй гүн гүнзгий сургаал, уламжлал эндээс эхтэй билээ. VII зуунд Төвөдийн хаан Соронзон Гомбо хятадын гүнжтэй гэрлэсэн нь Төвөд, Хятадын хооронд түүхэн харилцаа байсныг харуулдаг. Гэвч төвөд бичгийн хэлбэрийг шинэчлэн боловсруулахдаа хаан эгшиг, гийгүүлэгч бүхий энэтхэгийн Дэванагари цагаан толгойд тулгуурлахаар сонгосон юм. Соронзон Гомбын үеэс эхлэн хятадын лам нар Төвөдөд байжээ. Харин хожмын хаан Тэсрон Дэцэн хятад, энэтхэгийн буддын шашны бясалгал, номлолын өөр өөр барилыг харьцуулан үнэлэхийг хүссэн юм. Тэрбээр энэтхэгийн их багш Камалашила гэгээн болоод хятадын лам нарын хооронд мэтгэлцээн зохион байгуулжээ. Камалашила “Дээд гурван сургаал”-ын талаар дэлгэрэнгүй тайлбарласан бол хятадын лам нар хэлэх зүйл багатай байв. Хаан судлах, эргэцүүлэн тунгаах, бясалгахын ач холбогдлыг онцолдог Камалашила гэгээний арга барилыг зөвхөн бясалгалд төвлөрдөг хятадын аргаас илүүтэй төвөдүүдэд тохиромжтой гэж үзсэн юм. Тиймээс хятадын лам нарыг Төвөдөөс буцахыг хүсжээ”.

“Камалашилагийн багш, Энэтхэгийн Наландагийн Их Сургуулийн их эрдэмтэн Шантаракшита гэгээн өмнө нь Төвөдөд уригдан ирсэн билээ. Тэр бол Цастын оронд учир шалтгаан, логик сэтгэлгээнд тулгуурласан Наландагийн уламжлалыг үндэслэн тогтоосон нэгэн билээ. Тэрбээр төвөдүүд өөрийн бичгийн хэлтэй тул судар ном уншихдаа санскрит, хятад хэлнээс хамааралгүй байж болохыг хэлээд, судар номыг төвөд хэлээр орчуулахыг зөвлөжээ. Ийнхүү Бурхан багшийн орчуулсан сургаал болох Ганжуур, хожмын их багш нарын орчуулсан тайлбар, шастирын эмхэтгэл болох Данжуур бий болсон билээ. Тиймээс өнөөдөр ч төвөдүүд Бурхан багшийн сургаалыг Наландагийн уламжлалын дагуу тайлбарлан номлодог. Өнөө үед буддын шашинтай олон орны сүсэгтэн олон, оюутнууд бидэн дээр ирж байна. Учир нь бид Бурхан багшийн сургаалыг бүрэн бүтнээр нь хадгалан уламжилж ирсэн юм. Түүнчлэн бид зөвхөн судалж суралцаад зогсохгүй, амьдралдаа хэрэгжүүлдэг. Тогтоон барих болон шинжлэн бясалгах бясалгалыг хослуулж, судар ном, шастир зохиолыг учир шалтгаан, логикт тулгуурлан уншиж судалдаг билээ. Бид мэтгэлцэхдээ, ялангуяа шалгалтын үеэр, мэтгэлцэгч тал өөрийн батлах гэсэн санааг судрын эшлэлээр нотлохыг оролдвол хариулагч тал нь хэлсэн нотолгоог тунгаан бодох хугацаанд хүндэтгэлийн тэмдэг болгон малгайгаа авдаг. Харин эшлэл нь тухайн санааг нотолж чадахгүй гэж үзвэл малгайгаа буцаан өмсөөд, учир шалтгааныг нь тайлбарладаг. Миний хувьд бага насандаа Судрын хураангуйг судалж эхэлсэн юм. Дараа нь сонгодог судруудыг үзэж, тэдгээрийн заримыг цээжлэв. Би багш нараасаа хичээл заалгаж, ойлгож мэдсэн зүйлээ мэтгэлцээний туслах багийнхантайгаа хэлэлцэн мэтгэлцдэг байлаа. Эргэн санахад, буддын шашны эрдэм номын төвүүдээс төрөн гарсан ийм их мэдлэгтэй эрдэмтэн мэргэдтэй учирсандаа өөрийгөө машид азтайд тооцдог. Өнөө үед би аливааг шинжлэн судлах өнцгөөс авч үзэхэд ихэд дассан учраас шашны бусад эрдэмтэнтэй, орчин үеийн эрдэмтэн судлаачидтай уулзахдаа өөрийн байр сууриа итгэлтэй илэрхийлж чаддаг болсон. Аливааг нягтлан шинжлэх чадвар маш эрхэм нандин билээ. Бид бусдын хэлсэн бүхнийг сохроор хүлээн зөвшөөрдөггүй, харин аливаа зүйлийн учир шалтгааныг логик үндэслэлээр нягтлан судалдаг юм”.

“Би Лхас хотноо гэвшийн шалгалт өгөхдөө Гандан, Сэра, Бэрээвэн хэмээх гурван том хийдэд дагсал хаялцах шалгалт өгсөн байлаа. Би хамгийн сайхан хувцсаа өмссөн байсан ч машид сандран, хувцасны цаанаас зүрх минь хүчтэй цохилж байв. Шалгалтаа өгсний дараа тогтоон барих, шинжлэн бясалгах бясалгалыг хослуулан хийх боломжтой болов. Энэ нь миний оюун санааг өөрчлөн төлөвшүүлэхэд тусалсан юм. Төвөдөд Далай лам өндөр сэнтийд залран суудаг байсан бол энд дүрвэгсэд бид ийм ёслол хүндэтгэлийн дэг жаяг баримталдаггүй. Богд Зонховын “Бодь мөрийн зэрэг” бүтээлийн төгсгөлд буй дараах шүлгээс урам зориг авдаг билээ.
Бурхны сургаал дэлгэрээгүй газар бүхэнд
Бурхан номын дэлгэрэн буурсан газар бүхэнд
Бүгдэд тустай амгалангийн эрдэнэ энэхүү номыг
Буянт их нигүүлслийн сэтгэлээр хөтлөгдөн
Би тодруулан дэлгэрүүлэх болтугай”.
Дээрхийн гэгээн өглөө сэрмэгцээ Бурхан багшийн сургаалын мөн чанар болох бодь сэтгэл, хоосон чанарын үзлийн талаар бясалгадгаа тайлбарлав. Энэтхэгт дахин байгуулагдсан хийдийн эрдэм номын төвүүдэд хэдэн мянган лам, хувраг судалж, эргэцүүлэн тунгааж, бясалгал үйлдэж буйг дурдан, тэдний хийж буй ажилд гүнээ талархаж байгаагаа илэрхийлжээ. Учир нь сургаалыг ийнхүү хадгалан уламжилдаг бөгөөд үүнд судалгаа, дадлага хоёрыг хослуулах шаардлагатай юм. Тэрээр цаашид ч энэ үйлсээ үргэлжлүүлэхийг уриалав. Мөн өөрийн санаачлан хэрэгжүүлсэн нэгэн шинэчлэл бол гэлэнмаа нар суралцан, гэвшмаа цол хүртэх боломжийг дэмжсэн явдал хэмээн онцолжээ. Төвөдийн сургуулиудад ч шашны хичээлээс гүн ухааны боловсрол руу чиглэсэн өөрчлөлт хийхийг дэмжсэн байна. Өмнө нь шашны зөвлөгч багш нар ажиллаж байсан бол одоо гүн ухааны багш нар ажиллаж байгаа аж.
“Бид бээр дүрвэн ирснээсээ хойш зөвхөн өөрсдийн тусын төлөө ажиллаагүй. Ганжуур, Данжуурыг хадгалан хамгаалж, тэнд багтсан номуудыг судалснаар бид бодит байдлын тухай үзэл, сэтгэлийг судлах мэдлэг ухааныг уламжлан авч үлджээ. Энэ нь шашны бус, ерөнхий боловсролын хүрээнд ч олон хүнд ашиг тусаа өгч чадна. Энэтхэгийн төв болон орон нутгийн засаг захиргааны байгууллагуудын өгөөмөр дэмжлэг, урам зоригийн ачаар бид үүнийг хэрэгжүүлж чадсан юм. Манай сургуулиудын хүүхдүүд орчин үеийн боловсрол эзэмшихийн зэрэгцээ өөрсдийн үнэт зүйл, уламжлалаа хадгалан авч үлдэх боломжтой болсон юм”.

“Энэ боломжийг ашиглан Энэтхэгийн төв Засгийн газар болон орон нутгийн эрх бүхий байгууллагуудад бидэнд үзүүлсэн их нинжин сэтгэл, тус дэмжлэгийн төлөө талархал илэрхийлье” хэмээлээ.
Үзэгчид нижигнэтэл алга ташив.
“ЭТХАФ байгууллага 25 жилийн ойгоо тэмдэглэж байна. Тус байгууллагын үйл ажиллагааны хүрээнд энэтхэгийн өнцөг булан бүрээс олон хүн Төвөдийг дэмжиж ирсэн билээ. Бид соёлоо хадгалан хамгаалахад олон хүний тус дэмжлэгийг хүртсэн бөгөөд бидэнд тусалсан хүн бүхэнд талархал илэрхийлье”.
Дээрхийн гэгээн өргөө рүүгээ мордохынхоо өмнө Төвөдийн урлагийн хүрээлэнгийн уран бүтээлчид Конгпо нутгийн дуу, бүжгийг толилуулж буй баяртайгаар таалан соёрхлоо. Эрэгтэй бүжигчид нум эргүүлэн бүжиж, эмэгтэйчүүд сумны саадаг барьжээ. Дээрхийн гэгээн нэгэн саадгийг авч, өлзий дэмбэрлийн бэлгэдэл болгон агаарт өргөн даллав.










