Энэтхэг, Химачал Прадеш муж, Дарамсала хот, Тэгчин Чойлин - Дээрхийн гэгээн Далай лам Химачал Прадеш мужийн ерөнхий сайд Сухвиндер Сингх Сухуд захидал илгээж, энэ жилийн борооны улирлын үеэр орсон хэт их борооны улмаас тус мужийн хэд хэдэн хэсэгт эрдэнэт хүний амь нас эрсдэж, урьд хожид байгаагүй их хохирол амсан, өмч хөрөнгө, дэд бүтэц сүйдсэн явдалд харамсаж буйгаа илэрхийлжээ.
Тэрбээр захидалдаа,
"Ойр дотны хүмүүсээ алдсан, байгалийн гамшигт нэрвэгдсэн бүх хүн болоод таны төлөө залбирч, эмгэнэл илэрхийлье.
Мужийн засгийн газар болон холбогдох байгууллагууд яаралтай тусламж үзүүлэх, сэргээн босгох ажилд оролцож байгааг би бээр мэдсэн билээ. Миний зүгээс тус мужийн ард түмэнтэй эв санааны нэгдлийн илэрхийлэл болгож, тусламж үзүүлэх, сэргээн босгох ажилд хувь нэмэр болгон Далай ламын сангаас хандив өргөхийг хүслээ.
Та бүхний мэдэж байгаачлан би бээр Дарамсала хотод 65 жил амьдарчээ. Энэ хот нэгэнт миний гэр минь билээ. Мужийн ерөнхий сайдыг би “Манай ерөнхий сайд” гэж ярьдаг юм. Энэ олон жил надад болоод манай төвөдүүдэд Химачал Прадеш мужийн нийгмийн бүхий л давхаргын хүмүүсийн зүгээс үзүүлж ирсэн нөхөрлөл, зочломтгой занд би гүнээ талархаж явдаг билээ" хэмээжээ.
Төгсгөлд нь Дээрхийн гэгээн залбирал, сайн сайхны ерөөлийг дэвшүүлсэн байлаа.