Бидний амьдралын утга учир нь аз жаргалыг олоход оршино.
Бид энд байна. Бид оршиж, амьдарч байна. Бас бидэнд оршин амьдрах эрх нь байна. Амьд амьтанд тооцогдохгүй ургамал цэцэгс ч гэсэн оршин байх эрхтэй. Хэрэв тэдний оршихуйд заналхийлэх сөрөг хүчин зүйлс бий болбол цэцэгс химийн түвшинд өөрсдийгөө засаж тэтгэн, амьд үлддэг. Тэгвэл амьтай амьтад гэвэл хүн төрөлхийтэн дангаараа бус шавж хорхой, бүр амёб гэх мэт өчүүхэн биет ч амьд амьтанд тооцогдоно. Амьд амьтдад оршин тогтнох илүү олон арга зам, механизм бий.
Би шинжлэх ухааны эрдэмтэдтэй ярилцсаны дараа “амьд амьтан” гэдгийг шинжлэх ухаанд өөрийн эрмэлзэл, хүслийн эрхээр хөдөлж чаддаг аливаа зүйлсийг нэрлэдэг болохыг мэдсэн. “Амьд” гэдэг нь заавал сэрэл, ухамсартай байх эсвэл хүний ухамсрын түвшинд байхын нэр биш юм. Ер нь “сэрэл ухамсар” эсвэл “ухамсартай” байх гэдгийг тодорхойлох нь өөрөө хэцүү асуудал билээ. Ерөнхийдөө ухамсар гэдгээр сэтгэлийн хамгийн цэвэр, тунгалаг чанарыг хэлдэг боловч хагас сэрэл ухамсартай эсвэл бүр сэрэлгүй, ухаангүй байвал тэр үед ухамсар огт байхгүй юү гэсэн асуулт гарч ирж болно. Бас шавж хорхой мэтийн амьтдад ухамсар байдаг эсэхэд дараагийн асуулт байна. Энд магадгүй ухамсар гэхээс илүүтэй “танин мэдэх чадвар”-ын тухай ярих нь зөв байх.
Танин мэдэх чадвар гэдэг нь мэдрэмжийг авах, сэрэл мэдрэмжтэй байх, өвчин зовлон, таашаал дуршил эсвэл саармаг мэдрэхүйг хүртэх чадварыг хэлж байгаа юм. Үүн дотроо бид таашаал болоод өвдөлт, жаргалтай хийгээд зовлонтой байдлын ойлголтуудыг илүү гүнзгийрүүлэн шинжлэх шаардлагатай болно. Жишээ нь, амьд амьтан бүр амьдрах, орших суурь эрхтэй бөгөөд харин оршихын тулд аз жаргал, амгалан тав тухыг хүсэх, эрмэлзэх нь зүй ёсны хэрэг юм. Үүнийхээ эрхээр ч амьтад амьд үлдэхийг хичээдэг. Тиймээс бидний амьд оршихуй, амьдрахуй нь ямар нэг сайн сайхан зүйлсэд итгэн найдахад суурилдаг бөгөөд энэ сайн зүйлс гэдэг нь аз жаргал мөн. Энэ учир шалтгааны улмаас бидний амьдралын утга учир бол аз жаргалыг олоход оршино гэж дүгнэж болно. Итгэл найдвар хийгээд аз жаргалын мэдрэмжтэй байвал бидний бие махбод тавтай, амгалан байх тул энэ хоёр хүчин зүйл бидний эрүүл мэндэд эерэг нөлөөтэй байна. Өөрөөр хэлбэл эрүүл мэнд нь аз жаргалтай, амар амгалан сэтгэлээс хамаарна.
Нөгөө талдаа уур хилэн нь амгалан бус, аюулт мэдрэмжид суурилдаг учраас бидэнд айдас л авчирдаг. Бид ямар нэг сайн сайхан зүйлтэй учрахад бидэнд аюулгүй, найдвартай мэдрэмж төрдөг. Харин ямар нэг аюул заналхийлэл учрахад аюулгүй мэдрэмж үгүй болж, уур хилэнгийн сэтгэлийг төрүүлнэ. Уур нь бидний оршихуйд гэм хортой бүгдээс хамгаалах эрмэлзэлтэй холбоотой сэтгэлийн төлөв боловч бидэнд муу, таагүй мэдрэмжийг төрүүлдэг тул эцэстээ эрүүл мэндэд хортой байдаг.
Хүсэл эрмэлзэл нь амьд оршихуйд чухал хэрэгцээт хүчин зүйл юм. Тиймээс ухамсрын орц үгүй ургамал цэцэгт хүртэл өөрсдийгөө хамгаалан, цааш урган цэцэглэхэд нь тусалдаг зарим төрлийн химийн орц, хүчин зүйлс байх жишээтэй. Бидний бие махбод ч цогцсынхоо түвшинд үүнтэй адил юм. Гэхдээ хүмүүс бидэнд хэн нэгэнд татагдах, хүсэх эсвэл аз жаргалаа хүсэн эрмэлзэх сэтгэл зүйн эерэг хүчин зүйлс бас бий. Нөгөө талаас уур хилэн гэм хор учруулах хүчин зүйлтэй учраас аз жаргал тэргүүтээс биднийг холдуулж, түлхэж байдаг. Физиологийн түвшинд аз жаргалын бий болгодог таашаалт мэдрэмж нь бидний бие махбодод сайнаар үйлчилдэг бол уур уцаар, аз жаргалгүй байдал нь биед хорт нөлөө учруулдаг. Тиймээс ахиад хэлэхэд амьд оршихуйн өнцгөөс авч үзвэл амьдралын утга учир нь аз жаргалтай амьдрахад оршиж байгаа юм.
Миний энэ хүртэл авч үзсэн бүгд нь хоёрдогч түвшин болох шашны түвшнээс тусдаа, зөвхөн хүний амьдралын суурь түвшинг хөндсөн болно. Мэдээж шашны түвшинд яривал амьдралын утга учрын тухай өөр, ялгаатай тайлбарууд гарч ирдэг. Тэгэхдээ хоёрдогч түвшний яриа нь нэлээд адармаатай учраас амьдралын тухай яриагаа хүний анхдагч, суурь түвшинд л авч үзсэн нь дээр болов уу.
Аз жаргал гэж юу вэ?
Бидний амьдралын зорилго, утга учир нь аз жаргал юм бол энэ нь өөрөө юу вэ? Жишээлбэл, зарим үед тамирчид маш хүнд дасгал, бэлтгэлийнхээ дараа физиологийн түвшинд гүнзгий, таатай мэдрэмж авдаг шиг бие махбодын зовлонгоор дамжин таашаал, ханамж мэдрэх боломжтой. Үүнд үндэслээд “аз жаргал” гэдэг нь ерөнхийдөө гүн гүнзгий таашаал, ханамжаар илэрхийлэгдэж болно. Өөрөөр хэлбэл амьдралын зорилго буюу бидний зорилго бол таашаал, ханамжийн мэдрэмж байх нь.
Аз жаргал, зовлон шаналал зэрэгт хоёр түвшин байдаг нь мэдрэхүй, сэтгэл зүйн түвшнүүд юм. Мэдрэхүйн түвшин нь хамгийн жижигхэн амьтад, шавж хорхойнд ч бий. Жишээлбэл, хүйтэн цаг агаартай үед нар гарахад ялаа илүү идэвхтэй нисэж, аз жаргалтай байгаа төлөвийг үзүүлдэг. Харин хүйтэн өрөөнд ялаа удаан, бээцгэр болж, түүнд гунигтай байдал илэрнэ. Тэгвэл тархины хувьд илүү нарийн, өндөр түвшний хөгжилтэй амьтдад хүчтэй, хурц мэдрэхүйн таашаалууд илэрдэг. Хүн бусад амьтантай харьцуулахад тархины хэмжээгээрээ магадгүй хамгийн томд орох байх. Түүнээс гадна бид оюун ухаантай төрсөн шүү дээ.
Бие физиологийн хувьд ямар нэг аюул үгүй, хөрөнгө чинээлэг, эрүүл чийрэг хүмүүсийг төсөөлөөд үз. Тэд аз жаргалтай, тавтай тухтай амьдарч, сайн найз нөхөд, өндөр цалин болон алдар хүндтэй байна. Гэвч ийм үед ч бидний анзаарч байгаагаар зарим саятнууд өөрсдийгөө нийгмийн нэг чухал хэсэг гэж үзэх ч хувь хүнийхээ хувьд аз жаргалгүй байх нь элбэг байдаг. Цөөнгүй удаа би баян, нэр нөлөө бүхий хүмүүстэй уулзаж байхад энэ хүмүүс сэтгэлийн хямралд гүн автсан, ганцаардмал нэгэн байсан нь ажиглагдаж байлаа. Тэгэхээр энэ хүмүүс сэтгэлийн түвшинд зовлон шаналалтай байгаа юм.
Бид гайхамшигт оюун ухаантай учраас бидний мэдрэмж, туршлагын сэтгэл зүйн түвшин нь бие махбодын түвшнээсээ давамгайлсан байна. Өөрөөр хэлбэл, биеийн өвчинг сэтгэлээрээ багасгах юм уу хянаж бууруулж болно. Жишээ дурдахад миний гэдэс нэг маш хүчтэй өвдөж билээ. Тэр үед би Энэтхэгийн хамгийн ядуу муж болох Бихарт байсан бөгөөд замдаа Бодьгаяа, Наландагаар дайрч явсан юм. Тэнд би ядуу тарчиг олон хүүхдийг харсан бөгөөд тэд аргал түүж байлаа. Амьдралын наад захын хэрэгцээгээр гажигдсан энэ хүүхдүүдэд сурах боловсрох боломж огтоос үгүй учир надад их гунигтай санагдаж билээ. Дараа нь Патнад ирэхэд өвчин минь улам нэмэгдсээр, хөлс чийхрав. Мөн тэнд биедээ машид бохир цагаан даавуу ороосон нас өндөр өвчтөнтэй таарсан юм. Түүнийг харж асарч байгаа хүн ч байсангүй. Их гунигтай, харамсалтай санагдаж байлаа. Орой нь миний өвчин ихэд хүндэрсэн байсан боловч би сэтгэлдээ өнөөх хүүхдүүдийг бас настныг бодсоор байв. Санаа зовсон энэ сэтгэл өвчнийг минь багасгаж байлаа.
Олимпын тэмцээнд оролцохоор бэлтгэл хийж буй хүмүүсээр бас жишээ татаж болно. Тамирчид маш хүнд хэцүү бэлтгэл дасгалыг хийдэг учраас бие махбодын хувьд өвдөлт, зовлон шаналлыг машид ихээр эдлэх боловч сэтгэлийн түвшиндээ аз жаргалын мэдрэмжтэй байж чаддаг. Тиймээс сэтгэл зүйн түвшин нь бие махбодын түвшнээс илүү чухал байна. Энэ бүгдийг нэгтгээд хэлбэл бидний амьдралд хамгийн чухал нь сэтгэлийн аз жаргал, сэтгэл зүйн таашаал ханамж байх нь.
Аз жаргалын уг шалтгаанууд
Одоо аз жаргалын уг шалтгаан болдог зүйлсийг авч үзье. Бидний бие цогцос тайван амгалант сэтгэлтэй нийцтэй учраас амгалан сэтгэл нь хамгийн гол хүчин зүйл болох юм. Өөрөөр хэлбэл бидний бие физиологийн нөхцөл байдлаас үл шалтгаалан сэтгэлийн амар тайван байдал хамгийн чухал байна. Тэгвэл ийм сэтгэлийг яаж бий болгох вэ?
Асуудал, бэрхшээл бүгдийг шийдэж, бүгдээс нь ангижрах боломжгүй бөгөөд нөгөө талаас сэтгэлээ булингартуулж, хурц сэргэг бус болж, бүх асуудлаа мартана гэдэг бас л утгагүй. Бид асуудлуудаа тодорхой харж шийдэх хэрэгтэй бөгөөд бас энэ үедээ сэтгэлийн хувьд амгалан байж, бодит нөхцөл байдлыг таньсан байх ёстой. Ингэж байж хүндрэл бэрхшээлүүдээ зөв, сайн, ултай шийдэж чадах юм.
Сэтгэлийг өдөөдөг, сэргээдэг эсвэл бүр мансууруулдаг зүйлс хэрэглэдэг хүмүүсийн тухайд бол надад тийм туршлага үгүй учраас хэлж мэдэхгүй байна. Ийм зүйлс хэрэглэсний дараа хүмүүсийн оюун ухаан илүү хурц сэргэг, эсвэл мохоо болдог эсэхийг тэднээс асуух хэрэгтэй юм. Жишээ татахад 1959 онд намайг Муссорид байхад ээж минь билүү эсвэл өөр хүн байсан ч байж магадгүй. Сэтгэл нь машид хямарсан тул унтаж чадахгүйд хүрчээ. Эмч үзээд, унтуулах үйлчилгээ үзүүлэх эм өгч болох ч энэ нь оюун ухааныг удаашруулж, тэнэгдүү болгодог гэж тайлбарлав. Тэр үед надад “Энэ ч тусгүй юм байна” гэж санагдаж билээ. Нэг талаас сэтгэл санаа тайвшрах боловч нөгөө талаас ухааныг бүдгэрүүлдэг бол огт сайн биш. Мэдээж би өөр хувилбар хүсэх байсан. Миний хувьд оюун ухаан хурц сэргэг, бүрэн ажиллагаатай байхын зэрэгцээ бас хямраагүй, тайван байх нь хүсүүштэй. Ямар нэг хямрал үгүй, тайван амгалан оюун сэтгэл хамгийн сайн нь байх сан.
Тэгвэл сэтгэлийг амгалан байлгахад энэрэл хайр дүүрэн хандлага, халамж, санаа тавих сэтгэл хамгийн чухал аж. Бидний сэтгэл энэрэл нигүүлсэл дүүрэн байх тусам тархи илүү сайн, найдвартай ажиллах болно. Хэрэв сэтгэлд айдас, уур хилэн дүүрвэл тархи тэр хэмжээгээр доройтох юм. Би нэг удаа 80 нас гарсан эрдэмтэнтэй уулзаж билээ. Тэр эрхэм надад өөрийн “Уур хилэнд олзлогдогсод” хэмээх номоо бэлэглэсэн юм. Тэрбээр бид ямар нэгэн зүйлд чиглэн уурлахад тухайн зүйл маш сөрөг харагддаг бөгөөд энэ сөрөг байдлын 90% нь зөвхөн бидний сэтгэлийн тусгал төдий туршлагадаа үндэслэн дүгнэж, тайлбарлан хэлж өгсөн юм.
Бурхны шашны сургаал үүнтэй тун ижил. Сөрөг сэтгэл хөдлөл ихсэх үед бид бодит байдлыг харж чадахаа больдог. Шийдвэр гаргах шаардлагатай үед бидний сэтгэл уур хилэнд автсан байвал буруу шийдвэр гаргах нь бараг тодорхой. Мэдээж хэн ч буруу шийдвэр гаргахыг хүсэхгүй ч тухайн мөчид зөв бурууг ялгадаг бидний тархины хэсгийн ажиллагаа бараг л зогсонги байдалд орчихсон байдаг. Шилдэг удирдагчид ч ийм нөхцөл байдалд орж болно.
Нөгөө талаас энэрэл нигүүлсэл, халуун дулаан сэтгэл, дотносол нь бидний тархийг сааталгүй, илүү сайн ажиллахад тусалдаг. Үүгээр ч зогсохгүй энэрлийн сэтгэл нь бидэнд дотоод хүч чадлыг өгнө. Өөрөөр хэлбэл энэ нь бидэнд өөртөө итгэх итгэлийг өгдөг учраас айдсыг бууруулж, үр дүнд нь бидний сэтгэлийг тайван амгалан болгоно. Үүнээс харахад энэрэл нигүүлсэлд хоёр үүрэгтэй функц байгаа юм. Нэг нь тархины үйл ажиллагааг сайжруулна. Нөгөө нь дотоод эрч хүчийг авчирна. Тэгвэл эдгээр нь миний ойлгож мэдсэнээр аз жаргалын уг шалтгаанууд мөн билээ.
Мэдээж аз жаргалд сайнаар нөлөөлдөг бусад хүчин зүйл бий. Жишээлбэл хүн бүр мөнгөнд дуртай. Мөнгөтэй бол илүү сайн сайхан зүйлсийг эдэлж хэрэглэж чадна. Дийлэнхдээ бид үүнийг хамгийн чухал зүйл гэж үздэг боловч миний бодлоор тийм биш ээ. Материаллаг тав тух нь бие физиологийн хичээл зүтгэлээр бий болдог бол сэтгэлийн тав тухыг сэтгэлээрээ гаргах хичээл зүтгэлээс олно. Хэрэв бид дэлгүүрт очоод, мөнгөө үзүүлэн, “Сэтгэлийн амар амгаланг худалдаж авъя” гэвэл худалдагч “Манайд тийм бараа байхгүй” л гэж хэлнэ. Тэр ч байтугай чамайг галзуу гэж бодож, шоолох байсан биз. Зарим нэг эм тариагаар түрхэн зуурын аз жаргал, сэтгэлийн амгаланг бий болгож болох ч бүрэн биш юм. Сэтгэл зүйчид өвчтөнтэй уулздагийн адилаар сэтгэлийн асуудлуудыг бид учир шалтгаанд суурилж, ярилцаж шийдэх ёстой. Өөрөөр хэлбэл сэтгэлд хандсан сэтгэл зүйн аргыг ашиглана. Орчин үед хүмүүс гадаад хөгжил дэвшилд хэт анхаардаг болсныг би яриа болгондоо дурддаг. Гадаад түвшинд анхаарах нь хангалттай бус. Учир нь жинхэнэ аз жаргал сэтгэлийн таашаал ханамжаас л бий болдог.
Аз жаргал бүрдэхийн гол орц нь энэрэл нигүүлсэл, хүний халуун дулаан сэтгэл бөгөөд эдгээр нь биологиос эх үндэстэй юм. Нялх хүүхдэд амьд үлдэж, амьдрахын гол уг үндэс нь халуун дулаан сэтгэл байдаг. Хэрэв ийм сэтгэл байвал хүүхэд аюулгүй гэдгийг мэдэрнэ. Энэ нь үгүй бол хүүхэд хямрах бөгөөд эхээс нь хүүхдийг салгахад уйлдаг билээ. Эх нь тэвэрч байвал хүүхэд ээжийнхээ халуун дулааныг мэдэрч, аз жаргалтай, тайван болдог. Хүүхдийн энэ зан үйлдэл биологийн үндэстэй юм. Хүүхэд төрсний дараа эхийн үрдээ хүрэлцэх нь түүний тархи томрох болон хөгжихөд маш чухал үүрэгтэй байдаг гэж миний багш, биологийн эрдэмтэн надад хэлж билээ. Хүүхэд хүрэлцэхүйгээр дамжин аюулгүй байдал, тав тухыг мэдэрснээр тархи болон биеийн ерөнхий өсөлт нь зөв, сайн явагддаг ажээ.
Дүгнээд хэлэхэд энэрэл нигүүлсэл, халуун дулаан хайр халамжийн үр нь шашнаас гаралтай бус харин биологийн эх үүсвэртэй гэдгийг мэдэгтүн. Бид бүгдээр эхийн хэвлийгээс мэндэлсэн, ээжийнхээ хайр энэрэл, халамжийн тусламжтайгаар хүн болж, өсөн торнисон билээ. Энэтхэгийн уламжлалд бодгаль ариун дагшин оронд лянхуа цэцгээс төрдөг гэж үздэг. Сайхан сонсогдож байж магадгүй л дээ. Тэгэхдээ ингэж төрдөг учраас тэр орны хүмүүс хүнд бус харин лянхуад илүү хайр халамжтай ханддаг байж таарах учраас эхийн хэвлийгээс мэндлэх нь илүү дээр гэж би хэлнэ. Яагаад гэвэл бид ингэж төрснөөр хайр халамжийн үрийг өөртөө тээж төрөх юм. Яг л ийм шалтгаанаар аз жаргалын уг үндэс, шалтгаан нь энэрэл хайр гэдгийг дахин онцлон хэлмээр байна.
Дээрхийн гэгээн XIV Далай лам
Эх сурвалж: Studybuddhism.com