Дээрхийн гэгээн Далай ламын илгээмж
Сүүлийн 60 гаруй жилийн турш би төр засгийн олон удирдагч мөн цөөнгүй компани, байгууллагын захирлуудтай уулзаж ярилцаж байсан бөгөөд бидний энэ нийгэм хэрхэн хөгжиж өөрчлөгдөн буйг ажигласаар ирлээ. Миний суралцаж мэдсэн зүйлс, туршлага бусдад хэрэгтэй, үр өгөөжтэй байх болов уу гэсэн бодлоор та бүхэндээ ажиглаж, таньж авсан зүйлээсээ хуваалцахдаа таатай байна.

Удирдагчид, манлайлагчид аль нэг салбараас үл хамааран хүмүүсийн амьдрал, дэлхийн өөрчлөлт хөгжилд хүчтэй нөлөө үзүүлдэг билээ. Бид энэ дэлхийд зочилж ирсэн төдий. Ихдээ л 90, магадгүй 100 жил л амьдрах болно. Тиймээс энэ богино хугацаандаа дэлхий ертөнцийг сайн сайхан болгон өөрчлөхийн тулд амьдарч, ажиллах ёстой.
Тэгвэл сайн сайхан дэлхий гэж юуг хэлэх вэ? Миний бодлоор үүний хариулт нь хялбархан. Хүмүүс баяр баясал, аз жаргалтай амьдардаг бол тэр нь сайн сайхан ертөнц мөн. Яагаад вэ? Учир нь хүн бүр аз жаргалтай, амар амгалан байхыг хүсдэг бөгөөд зовлон шаналал хүсдэг нэгээхэн ч үгүй билээ. Бид бүгд аз жаргалыг хүсдгээрээ адил билээ.
Гэвч эдүгээ цагийн дэлхий минь сэтгэл санааны гүн хямралд байгаа мэт санагдаж байна. Хүн төрөлхтний сэтгэлийн дарамт, шаналгаа аль ч цаг үед байгаагүй тийм өндөр хэмжээнд хүрч, баян ядуу бас удирдлага ажилтнуудын ялгаа түүхэн түвшинд гарчээ. Ашиг олохын тулд бид байгаль орчин, нийгэм, хүмүүсийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа орхигдуулжээ.
Бидний бие биенээ “бид”, “тэд” гэж ялган хуваадаг хандлага нь хүмүүн төрөлхтөн нийтээрээ харилцан хамаарч, шүтэлцэж оршдог болохыг ухаараагүйтэй холбоотой хэмээн боддог. Дэлхийн эдийн засгийн нийт оролцогчийн хувьд бид бие биеэсээ шууд хамааралтай бол дэлхийн цаг агаар, уур амьсгалын өөрчлөлт нь бид бүгдэд нэгэн адил нөлөөлдөг. Үүгээр ч зогсохгүй бид нэг төрөлхтний хувьд бие махбод, сэтгэл зүй, сэтгэл хөдлөлийнхээ хувьд ижил билээ.
Зөгий гэдэг жижигхэн шавжийг бүгд мэднэ. Тэдэнд хууль дүрэм, цэрэг цагдаа, бас ёс зүйн сургалт энэ тэр байхгүй ч тэд амьдрахын тулд, оршихын тулд бүлээрээ хамтран ажилладаг. Хэдийгээр зөгийнүүд заримдаа багахан тэмцэлдэх нь байх ч зөгийн үүр бүхэлдээ хамтын хүчээр оршин тогтнодог билээ. Харин хүмүүст хууль, нарийн төвөгтэй эрх зүйн систем, цэрэг цагдаа бүгд бүрэн байгаагаас гадна гайхамшигт оюун ухаан, хайрлан энэрэх агуу их чадвар ч заяажээ. Гэтэл бид гайхалтай ийм олон чанартай атал хамтаараа зохицон амьдарч чадахгүй л байгаа юм.
Хүмүүс байгууллагадаа өдөр бүр хамт ажилладаг боловч тэд ганцаардсан, сэтгэл зүйн хямралд өртсөн байх нь элбэг. Хэдийгээр бид нийгмийн амьтад боловч бидэнд бие биедээ сэтгэл гаргаж, хариуцлагатай хандах хандлага дутагдаж байна. Тиймээс энд юу буруу байгааг бид өөрсдөөсөө асуух хэрэгтэй.
Миний бодлоор бид материаллаг хөгжил, эд баялг хураан хуримтлуулахдаа хэт төвлөрсөн учраас хүний суурь хэрэгцээ болох сайхан сэтгэл, халамж, анхаарлыг гээхэд хүрчээ. Бидний нийгэм, нийгмийн бүтэц болсон байгууллага, компаниуд, тэнд ажиллаж буй хүмүүс урт хугацаандаа сайн сайхан оршин тогтнохын тулд хүн төрөлхтөн нэгдмэл нэг гэдэг чанарыг ойлгож, бие биедээ ахан дүүсийн ёсоор халуун дулаан сэтгэлээр халамжилдаг байх, ийм хандлагыг хүсэл зорилгоо болгох нь хамгийн чухал суурь нөхцөл мөн юм. Хүн бүр ийм нийгмийг байгуулахад үүрэг гүйцэтгэнэ.
Тэгвэл удирдагчид, манлайлагчид юу хийж, хэрэгжүүлж чадах вэ?
Өөрийгөө мэдэрч, сэтгэлээ хянаж чаддаг байгтун.
Өөрийн сэтгэлийг таньж, сэтгэлээ амар амгалан болгогтун. Бид хүн гэдэг амьтны хувьд юмсыг дүгнэн шинжилж, ирээдүйгээ төлөвлөх чадвар бүхий гайхамшигт оюунтай, ойлгосноо бусдад ойлгуулж, хүргэж чадах хэлтэй билээ. Уур хилэн, хүсэл шуналын хөнөөлт сэтгэл нь оюун ухаанаа бүрэн дүүрэн ашиглах чадварыг минь үгүй болгодог учраас бид ийм сэтгэлээс ангид байхыг хичээх нь нэн чухал.
Айдас хийгээд тогтворгүй, хямралт сэтгэл нь уур хилэн, хүчирхийлэлд тун амархан автдаг. Айдсын эсрэг тал итгэл нь халуун дулаан сэтгэлтэй уялддаг бөгөөд бидний өөртөө итгэх чадамжийг тэтгэж дэмждэг юм. Энэрэн нигүүлсэх сэтгэл нь бусдын сайн сайхан байдалд анхаардаг учраас айдсыг ч бас бууруулна. Мөнгө, эрх мэдэл бус харин энэ чанарууд нь жинхэнэ утгаараа найз нөхөрлөлийг татдаг. Бид уур хилэн, тачаалын эрхэнд байх үедээ нөхцөл байдлыг бүрэн зургаар харах чадваргүй болдог бол энэрэн хайрлах сэтгэлийг төрүүлснээр тайван амгалан болж, учир шалтгааныг таних чадвараа амьдралд, нөхцөл байдалд суурилсан бодитоор ашиглах боломжтой болдог.
Өөрөөсөө илүүтэй бусдад санаа тавьж, бусдыг чухалчилсан сэтгэлтэй байгтун.
Хувь хүнийхээ хувьд амьд үлдэх, амьдрах шаардлагатай уялдан бидэнд төрөлхийн өөрийгөө чухалчлах сэтгэл бий. Гэвч бид өгөөмөр хийгээд хамтрагч, бусдын эрх ашгийг харгалзан үздэг тийм ухаалаг өөрийгөө чухалчилсан сэтгэлтэй байх ёстой. Хамтарна гэдэг нь нөхөрлөлөөс, нөхөрлөл өөрөө итгэлцлээс, харин итгэлцэл нь халуун дулаан зүрх сэтгэлээс төрнө. Танд бусдыг бодсон, чухалчилсан, хуурмаггүй чин сэтгэл байвал залилан мэхлэх, дээрэлхэн доромжлох болоод өрөөлийг ашиглах сэтгэлд орон зай гарахгүй бөгөөд өөрийн үйлдлээ үнэнч шударга бас ил тод байлгаж чадна.
Энэрэн хайрлах, нигүүлсэх сэтгэлтэй байгтун.
Аз жаргалтай амьдралын эх үүсвэр бол халуун дулаан зүрх сэтгэл. Адгуусан амьтад ч энэрэн хайрлах сэтгэл гаргадаг билээ. Харин хүн төрөлхтний хувьд энэрэл хайрыг оюун ухаантайгаа хослуулах чадвартай байдаг. Учир шалтгаанд суурилаад, энэрэл хайрын сэтгэлийг энэ дэлхийн долоон тэрбум хүнд түгээх боломжтой юм. Хорт, хөнөөлт сэтгэл нь мунхгаас үүдэлтэй бол энэрэл нигүүлсэл нь оюун, билиг ухаанаас үүдэлт амар амгаланг төрүүлэгч сэтгэл билээ. Тийм учраас үүнийг зааж сургаж бас мэдэж ойлгох боломжтой юм.
Аз жаргалтай амьдралын эх үүсвэр бидний сэтгэлд бий. Дэлхийн энд тэнд элдэв бусармаг үйлдэл өдөөсөн хүмүүсийг харахад тэд дийлэнхдээ сайн боловсрол эзэмшсэн байх нь элбэг тул бидэнд зөвхөн боловсрол хангалттай гэж үзэж болохгүй юм. Бид дотоод үнэт зүйлсдээ анхаарал хандуулдаг байх ёстой.
Хүчирхийлэх, үл хүчирхийлэхийн ялгаа нь гаргасан үйлдэлдээ гэхээсээ илүүтэй тухайн үйлийн цаана буй санаа сэдэлд оршдог. Уур хилэн, хүсэл шуналаар өдөөгдсөн үйлүүд нь хүчирхийлэл байх хандлагатай байдаг бол энэрэл нигүүлсэл, бусдыг гэсэн сэтгэлд суурилсан үйлүүд нь ерөнхийдөө тайван амгалан шинжтэй байна. Бид дэлхий даяар энх тайвныг зөвхөн мөргөл залбирлаар бий болгож чадахгүй бөгөөд энх амгаланг эвдэгч хүчирхийлэл, эрх мэдэлд суурилсан элдэв гэмт үйлүүдийг таслан зогсоох ёстой юм. Үйлдэл, арга хэмжээ авч хэрэгжүүлэхгүйгээр өөрчлөлт өөрөө ирэхгүй шүү дээ.
Энх тайван гэдэг нь бас амар амгаланг эвдээгүй, аюулаас ангид чөлөөтэй гэсэн үг билээ. Энэ нь бидний сэтгэл санааны байдалтай холбоотой, бидэнд амгалан сэтгэл байгаа эсэхтэй уялдана. Тиймээс бид юуг хамгийн түрүүнд ухаарах ёстой вэ гэвэл эцсийн эцэст сэтгэлийн амар амгалан гэдэг нь бидний дотор буй бөгөөд үүнийгээ олохын тулд бид халуун дулаан зүрх сэтгэлийг төрүүлэх, харин түүний тулд оюун ухаанаа ашиглаж сурах ёстой юм. Халуун дулаан сэтгэл, энэрэл хайр нь бидний амьд үлдэх, амьд оршихуйн гол суурь хүчин зүйлс гэдгийг хүмүүс дийлэнхдээ ойлгодоггүй.
Бурхны шашны уламжлалд энэрэл нигүүлсэлд суурилсан манлайллын гурван арга барилыг дүрсэлсэн байдаг нь “Их тэрэгтэн буюу зам мөрийг гаргагчид, өөрөөр хэлбэл манлайд явж, эрсдэлийг үүрэн, үлгэр дуурайллыг бий болгогчид, завьчид буюу өөрийн дагалдагчдыг асран халамжилж, голыг гэтлэхэд урсгалын их багыг мэдрэн туулагчид мөн малчид буюу өөрөөсөө илүүгээр сүргийнхээ аюулгүй байдлыг анхаарагчид” юм. Ялгаатай гурван арга барил, гурван хандлага, гэхдээ нийтлэг нэг шинж чанар нь манлайлан дагуулж буй тэр хүмүүсийнхээ сайн сайхан байдалд тавьсан бүх талын анхаарал халамж юм.
Далай лам Төвөдийн шашны тэргүүн бөгөөд тэрээр Нобелийн шагналыг 1989 онд, АНУ-ын Конгрессын алтан медалийг 2007 онд хүртжээ. Расмус Хугаард нь дэлхий нийтийн манлайлал, байгууллагын хөгжлийн компани болох Потенчэл Прожектыг үндэслэн байгуулагч мөн гүйцэтгэх захирал бөгөөд “Манлайлагчийн сэтгэлгээ: Хэрхэн өөрийгөө, өөрийн хүмүүс, өөрийн байгууллагаа манлайлж, онцгой үр дүнд хүрэх вэ?” нэртэй шинэ номыг хамтран зохиогч юм. Тэрбээр танд сэтгэлийн амгалан, бусдыг чухалчилсан бас энэрэн хайрлах сэтгэлийг төрүүлэхэд тусалж дэмжлэг болох программ бүтээжээ.
Далай лам, Расмус Хугаардын хамт...
Харвард Бизнес Ривьюд хэвлэгдсэн нийтлэл










