Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • Messages
  • ↝
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл

Хойд дүр тодруулах ёс

Түгээх

(Төвөд эхийн орчуулга)

Удиртгал

Төвөд нутагтаа амьдарч буй болон гадаад орнуудад дүрвэн гарсан төвөд ахан дүүс минь мөн Төвөдийн бурхны шашныг дагагсад хийгээд Төвөд орон, Төвөдийн ард түмэнтэй холбоотой бүх хүмүүстээ хандан хэлэх нь... Эртний хаад, сайд, эрдэмтэн мэргэдийн минь алсын хараатай үйл хэргийн ачаар бурхны шашны бүрэн сургаал, үүнд Гурван хөлгөн, Дөрвөн үндсэн дандар, судрын болон практик дадуулга бүтээлийн номлолууд хийгээд тэдгээртэй холбогдох бусад сэдвүүд, сахил санваарын ёс зэрэг нь Цастын оронд өргөн дэлгэр түгсэн юм. Төвөд нь дэлхийд бурхны шашин, түүнтэй холбогдох соёл уламжлалуудыг түгээх үндсэн эх сурвалж болж ирсэн билээ. Ялангуяа, Хятад, Төвөд, Монгол зэрэг орнуудыг оруулаад Азийн тоолшгүй олон хүн зоны амар амгалан амьдрахад чухал хувь нэмэр оруулсан юм.

Төвөд дэх бурхны шашны уламжлалыг тэтгэн дэмжих явцдаа бид эрдэмт дээдэс лам нарын хойд дүрүүдийг тодруулах өвөрмөц төвөд уламжлалыг хөгжүүлсэн бөгөөд энэ нь бурхны ном ба зургаан зүйл хамаг амьтан, тэр дотроо хуврагийн чуулганд асар их ашиг тусыг өгсөн билээ.

His Holiness sitting on the throne during his official enthronement ceremony in Lhasa, Tibet on February 22, 1940. (Photo/OHHDL)
Зураг 1. Дээрхийн гэгээн 1940 оны 2 дугаар сарын 22-нд Төвөдийн Лхас хотод албан ёсоор Далай ламаар өргөмжлөгдөх ёслолын үеэр сэнтийдээ заларч буй нь... (Зураг /Дээрхийн гэгээн Далай ламын ажлын алба)

Бүхнийг айлдагч Гэндэнжамц XV зуунд Гэндэндүвийн хойд дүрээр тодорч, Гандан Повраң Лавран (Далай ламын институци) байгуулагдсанаар хойд дүрүүдийг ээлж дараалан тодруулж иржээ. Уг уламжлалын гурав дахь дүр Сонамжамцаас эхлэн Далай лам хэмээх цолыг өргөмжилсөн бол V Далай лам Агваанлувсанжамц нь 1642 онд Гандан Поврангийн засаглалын тогтолцоог байгуулснаар Төвөдийн шашин, төрийг хослон барих болсон юм. Гэндэндүвээс хойших 600 гаруй жилийн туршид Далай ламын хойд дүрүүдийг эндүүрэл үгүйгээр тодруулж ирсэн ажээ.

Далай лам нар 1642 оноос хойш 369 жилийн туршид Төвөдийн улс төр, шашныг хослон барьсан удирдагчдын үүргийг гүйцэтгэж ирсэн байна. Би одоо энэ тогтолцоог өөрийн сайн дураар дуусгавар болгож байгаа бөгөөд дэлхийн бусад оронд цэцэглэн хөгжиж буй ардчилсан засаглалын тогтолцоог нэвтрүүлэн хэрэгжүүлэх болсондоо бахархалтай, сэтгэл хангалуун байна. Үүнтэй уялдаатайгаар би бүр 1969 онд Далай ламын хойд дүрийг үргэлжлүүлэн тодруулах эсэхийг холбогдох хүмүүс шийдэх ёстой гэдгээ илэрхийлж байсан. Гэвч олон нийт Далай ламыг цаашид үргэлжлүүлэн тодруулахыг хүчтэй хүсэж байгаа нөхцөлд үүнийг хэрэгжүүлэх тодорхой заавар удирдамж үгүй бол улс төрийн хувийн ашиг сонирхол бүхий этгээдүүд хойд дүрийн системийг өөрсдийн улс төрийн зорилгодоо ашиглах илэрхий эрсдэлтэй байгаа учраас би одоогоор сэтгэл ухамсар, бие махбодын хувьд эрүүл саруул байгаа энэ үедээ болзошгүй эргэлзээ төрүүлэх болон хууран мэхлэх үйлдлүүдэд зай үлдээхгүйн үүднээс дараагийн Далай ламыг тодруулах тодорхой удирдамжийг боловсруулах нь чухал гэж үзсэн юм. Энэхүү удирдамжийг бүрэн ойлгохын тулд брүл-гү буюу хувилгаан лагшинг тодруулах систем, түүний суурь зарчмуудыг мэдэх нь зайлшгүй чухал. Энэ шалтгаанаар би дараах товч тайлбарыг өгье.

Урьдын ба хойдын төрлүүд

Хувилгаан лагшин буюу хойд дүрийн ойлголтыг хүлээн зөвшөөрөхийн тулд бид урьдын ба хойдын төрлүүдийг хүлээн зөвшөөрөх шаардлагатай болно. Зургаан зүйл хамаг амьтан бүгд энэ төрөлдөө урьдын төрлөөсөө ирж, үхлийн дараа дахин төрөл авдаг учиртай. Ийм тасралтгүй дахин дахин төрөл авах ёсыг материаллаг үзэлд суурилсан урсгал болох Чарвакагаас бусад эртний Энэтхэгийн бүх шашны уламжлал, гүн ухааны сургуулиуд хүлээн зөвшөөрдөг юм. Орчин үеийн зарим сэтгэгчид урьдын болон хойдын амьдралуудыг харах боломжгүй гэсэн үндэслэлээр үгүйсгэдэг бол бусад нь ийм үндэслэлд суурилан, шууд дүгнэлт хийдэггүй билээ.

Олон шашны уламжлал дахин төрөл авахыг хүлээн зөвшөөрдөг боловч юу дахин төрдөг, хэрхэн дахин төрдөг мөн хоёр амьдралын хоорондох шилжилтийн үеийг хэрхэн туулдаг гэх мэт үзэл баримтлалууд дээрээ ялгаатай байна. Зарим уламжлал ирээдүйн амьдралыг хүлээн зөвшөөрөх боловч өмнөх амьдралын тухай ойлголтыг үгүйсгэх жишээтэй.

Ерөнхийдөө бурхны шашинтнууд төрөлд эхлэл үгүй мөн бид өөрсдийн үйлийн үр, муу нисванист сэтгэлүүдээ давж, сансрын хүрднээс чөлөөлөгдсөнөөр эдгээр нөхцөлүүдийн үр дагаварт дахин дахин төрөх үйлээс бүрэн ангижирдаг хэмээн үздэг юм. Тиймээс бурхны шашинд үйл нисванисын эрхээр дахин дахин төрөх нь төгсгөлтэй гэдэгт итгэдэг хэдий ч ихэнх бурхны шашны гүн ухааны сургуулиуд ухамсрын урсгалд төгсгөл байдаг гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй. Урьдын ба хойдын төрлүүдийг үгүйсгэх нь сахилга баттай, сургаж дадуулсан, эсвэл ийм сахил, дадуулга үгүй ухамсарт суурилж тайлбарладаг бурхны шашны суурь, зам мөр, үр дагаврын ойлголтуудтай зөрчилдөх юм. Хэрэв бид урьд, хойд төрлүүдийг үгүйсгэж буй үзлүүдийг хүлээн зөвшөөрвөл логикийн хувьд бид дэлхий болон түүн дээр амьдрагч амьтад шалтгаан үр дагавар үгүйгээр үүсэн бий болсон гэдэг нөхцөлийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болно. Тиймээс та бурхны шашныг дагадаг л бол урьд, хойд төрлүүдийн ойлголтыг хүлээн зөвшөөрөх нь гарцаагүй зүйл юм.

Өмнөх төрлөө санадаг хүмүүсийн хувьд дахин төрөл авсан гэдэг нь ойлгомжтой санагддаг. Гэвч ихэнх эгэл хүмүүс үхэл ба зуурдын төрлийг туулж, шинэ төрлийг авах явцдаа өмнөх төрлөө мартдаг. Тиймээс эдгээр хүмүүст урьдын ба хойдын төрлийн тухай ойлголт нь тодорхой бус байдаг тул бид тэдэнд дахин төрөл авах ёсыг батлахын тулд баримт нотолгоонд суурилсан логикийг ашиглах хэрэгтэй болно.

Бурхан багшийн сургаалиуд болон түүнээс хойших үеийн тайлбаруудад урьдын ба хойдын төрлүүд байдгийг нотлох олон янзын логик аргументуудыг өгсөн байдаг. Эдгээрийг хураангуйлан дөрвөн үндсэн зүйлд хувааж болно. Ижил төрлийн юмсаас ижил төрлүүд гарах логик, бодитой учир шалтгаанаар юмс гарах, төрөх логик, ухамсар урьдын төрлүүдийн юмсад авьяас, зуршлыг үүсгэдэг логик, эцэст нь урьдын төрлүүдийн юмсаас авьяас туршлагуудыг авдаг логик зэрэг юм.

Бүхэлд нь авч үзвэл эдгээр бүх нотлохуйн аргууд нь ухамсар, түүний мөн чанар, түүний тод тунгалаг бөгөөд танин мэдэх чадвар гарахын бодит уг шалтгаан нь энэхүү тод тунгалаг, танин мэдэх чадвар өөрөө байх ёстой гэсэн санаанд суурилж байгаа юм. Өөрөөр хэлбэл ухамсар нь амьгүй юм уу эд зүйлсээс шалтгаалан төрөх учиргүй. Ухамсрын мөн чанар нь өөрөө үүний баталгаа болно.

Логикт суурилан шинжлэхэд тод тунгалаг бөгөөд танин мэдэх ухамсарт чанарын шинэ урсгал огт уг шалтгаангүйгээр, эсвэл хамааралгүй, уялдаагүй уг шалтгаануудаас үүсэх боломжгүйг ойлгоно. Тиймээс ухамсрыг лабораторид бий болгох боломжгүйг нотлохоос гадна цаашлаад тод тунгалаг бөгөөд танин мэдэх ухамсрын урсгалын тасралтгүй үргэлжлэлт чанарыг юу ч зогсоож чадахгүй болохыг нотлон буулгах юм.

Миний мэдэж байгаагаар одоогоор ухамсрыг матераас эсвэл уг шалтгаангүйгээр бий болохыг ажигласан эсвэл таамаг, онол дэвшүүлсэн орчин цагийн ямар ч сэтгэл судлаачид, физикчид ба мэдрэл, тархи судлаач эрдэмтэд үгүй байгаа билээ.

Өөрсдийнхөө яг өмнөх амьдралыг, тэр ч байтугай урьдын олон амьдралаа санаж, тэр амьдралынхаа газар орон, хамаатан саднаа таньдаг хүмүүс бий. Энэ нь зүгээр нэг өнгөрсөнд тохиолдсон зүйлс биш ээ. Өнөөдөр ч Дорнын хийгээд Өрнийн орнуудад урьдын амьдралынхаа үйл явдал, мэдэрсэн мэдрэмж, туршлагаа эргэн санаж чаддаг олон хүн байна. Ийм нөхцөл байдлыг үгүйсгэх нь судалгааг үнэн зөв, хараат бусаар хийж буй биш болно. Учир нь үр дүн нь эдгээр нотолгоо баримтуудтай зөрчилдөх юм. Хувилгаан дүрийг тодруулах төвөдийн систем нь хүмүүсийн урьдын амьдралаа эргэн санасан дурсамжид суурилсан, мөрдөн шинжих хуурмаггүй арга билээ.

Төрлийг хэрхэн дахин авдаг вэ?

Нас барсны дараа төрлийг дахин авах хоёр арга зам байдаг нь нэгд үйлийн үр, нисванист сэтгэлүүдийн эрхээр дахин төрөл авах, хоёрт бодь сэтгэл, ерөөл зориулгын хүчээр дахин төрлийг авах гэсэн хоёр зам байна. Эхний төрөл авахын тухайд мунхгийн эрхээр эерэг, сөрөг үйлийн үрүүдийг хурааснаар тэдгээрийн ул мөрс ухамсарт хадгалагдан, улмаар хүсэл шунал, элдэв тачаал, зууралдлагын эрхээр дахин идэвхжиж, биднийг дараагийн төрөл рүү шиддэг. Ингээд бид өөрийн эрх үгүйгээр дээд эсвэл доод төрлүүдэд төрнө. Энэ бол эгэл бодгалиуд орчлонд хүрдний адилаар эргэлдэн, эцэс төгсгөлгүй төрөл авах ёсон юм. Ийм нөхцөл байдалд ч эгэл хүмүүс эерэг хүсэл тэмүүлэлтэйгээр өдөр тутмын амьдралдаа буяны үйлүүдийг хичээнгүйлэн үйлдэх боломжтой. Тэд үхлийн мөчид дахин идэвхжиж, илүү өндөр, сайн төрлүүдэд төрөх боломжийг олгох буяны үйлүүдийг таньж, мэдэж авна.

Нөгөө талаас үзэхүйн мөрийг олсон өндөр газрын Бодьсадва нар үйлийн үр, нисванист сэтгэлүүдийн эрхээр бус харин хамаг амьтан бүгдийг энэрэн нигүүссэн бодь сэтгэл ба бусдын тусыг бүтээх чин хүсэл зориулгынхаа хүчээр дахин төрдөг учиртай. Тэд төрөх газар, цаг хугацаа мөн ирээдүйн эцэг эхээ сонгох чадвартай байна. Зөвхөн бусдын тусыг бүтээхийн тулд л дахин төрөл авах ийм ёс нь бодь сэтгэл ба зориулга ерөөлийн хүчээр л бүтдэг юм.

Бүрэлбаа буюу хувилгаан (лагшин)-ны утга учир

Төвөд ёс заншилд хувилгаанаар тодруулсан хүмүүст хэрэглэх “Бүрэлбаа” (Бурхны хувилгаан лагшин) хэмээх цолыг анхлан шавь нар нь хүндэтгэлийн үүднээс хэрэглэж эхэлсэн боловч цаг хугацаа өнгөрөхөд нийтлэг хэллэг болж хэвшсэн байна. Ерөнхийдөө "бүрэлбаа" гэдэг нэр томьёогоор Хөлгөн сударт (Sutra Vehicle) тайлбарласан бурхны гурав, дөрвөн лагшны нэгийг илэрхийлдэг. Бурхны эдгээр лагшны тайлбаруудын дагуу авч үзвэл нисванист сэтгэлүүд ба үйлийн үрүүдэд бүрэн хүлэгдсэн ямар ч хүн уг үндэстээ Номын лагшин (Дхармакаяа)-г бүтээх чадвартай байдаг бөгөөд энэ нь Билиг билгүүний номын лагшин, мөн чанарын номын лагшин гэсэн хоёр хэсэгт хуваагдана. Үүнээс эхнийх нь юмс үзэгдэл бүгдийг байгаагаар нь, шууд, бүрэн гүйцэт бөгөөд нэг агшинд хардаг бурхны гэгээрсэн оюун ухаан, ухамсрыг илэрхийлж буй юм. Ийм лагшинг маш урт хугацааны туршид буян, билиг билгүүний чуулганыг хураасны үр дүнд бүх нисванист сэтгэлүүд болон тэдгээрийн ул мөрөөс ангижирснаар олно. Харин мөн чанарын номын лагшин нь тэрхүү бүхнийг мэдэгч гэгээрсэн оюун ухааны хоосон чанарт оршихуйг илэрхийлж байгаа болно. Энэ хоёр лагшин хамтдаа бурхны өөрийн лагшин, оршихуй мөн юм. Гэхдээ ийм лагшинг бусад бурхад үзэхээс бус өөр бодгалиуд үзэх, учрах боломжгүй учраас бурхад хамаг амьтдын тусын тулд тэдэнд хүртээмжтэй дүрст лагшинг бүтээх зайлшгүй шаардлагатай болно. Иймээс бурхны хамгийн дээд дүрст лагшин нь зөвхөн өндөр газарт хүрсэн Бодьсадва нар л үзэх боломжтой Төгс жаргалангийн лагшин (Самбхогакаяа) бөгөөд Агниста тэнгэрийн оронд орших зэрэг таван тодорхой чанаруудыг агуулсан байна. Мөн бурхад Төгс жаргалангийн лагшингаасаа тоолшгүй олон Хувилгаан лагшин буюу бүрэлбааг (Нирманакаяа) цацруулах чадвартай бөгөөд эдгээр нь бурхан эсвэл хүн хэлбэрээр илэрч, эгэл жирийн хүмүүст ч үзэгдэнэ. Бурхны энэ хоёр лагшинг хамтад нь бусдын тусад зориулагдсан Дүрст лагшин гэж нэрлэдэг билээ.

Хувилгаан лагшин нь гурван янз байна.

  • Шагжамүни Бурхан зэрэг түүхэн бурхад шиг сонгосон газартаа төрөх гэх мэт бурхны арван хоёр үйлс зохионгуйг үзүүлсэн дээд Хувилгаан лагшин;

  • Гар урчууд, зураачид, жүжигчид гэх мэтээр илрэн бусдад үйлчилдэг Урлахуйн Хувилгаан лагшин;

  • Бурхад нь амьтдад туслахын тулд хүн, тэнгэр, гол мөрөн, гүүр, эмийн ургамал, мод зэрэг олон төрлийн дүр хэлбэрээр илэрдэг Дахин төрөл таалсан хувилгаан лагшин гэж байна.

Эдгээр гурван төрлийн Хувилгаан лагшингаас Төвөдөд "Бүрэлбаа" хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн их багш нарын хувилгаад нь гурав дахь ангилалд багтах юм. Тодорсон хувилгаадын дунд Хувилгаан лагшингийн жинхэнэ чанаруудыг үзүүлсэн дүрүүд олон байж болох ч бүгдэд нь хамаарах албагүй. Төвөдийн бүрэлбаа нарын дотор дээд газарт хүрсэн Бодьсадва нар, чуулганы ба найруулгын мөрд орсон Бодьсадва нар мөн эдгээр зам мөрд хараахан ороогүй байгаа ихэс дээдсүүд ч байж болно. Иймээс Бүрэлбаа гэдэг цолыг хувилгаан лам нарт ижил төстэй гэгээрсэн бодгалиуд дээр нь суурилж, эсвэл гэгээрсэн бодгалиудын тодорхой шинж чанаруудтай нь уялдуулж хүртээдэг билээ.

Жамьян Хенце Ванбогийн хэлснээр, “Дахин төрөл авна гэдэг нь өмнөх төрөл нь таалал төгссөний дараа ахиж төрөхийг хэлж буй бол хувилгаан гэдэг нь өмнөх төрөл нь амьд байгаа цагт илэрч буй дүр болно” хэмээжээ.

Дахин төрөл авсныг тодруулах нь...

Шагжамүни бурхныг амьд сэрүүн байх үед ч хэн нь хэн болохыг өмнөх төрлөөр нь тодорхойлох зан үйл байсан билээ. Винаяа Питакын дөрвөн Агамын хэсэг (Agama sections of Vinaya Pitaka), Жатакын түүхүүд, Мэргэн ба Мунхгийн судар, Зуун үйлийн үрийн судар болон бусад олон сударт Ялж Төгс Нөгчсөн бурхан үйлийн үр хэрхэн ажилладгийг тодруулж, өнгөрсөн амьдралд үйлдсэн тодорхой үйлийн үр нөлөөг хүн одоогийн амьдралдаа хэрхэн амсдаг тухай тоолшгүй олон түүхийг өгүүлсэн байдаг. Мөн Бурхан багшаас хойш амьдарч байсан Энэтхэгийн олон их багшийн намтарт тэдний өмнөх амьдралдаа төрж байсан газруудыг өгүүлсэн байдаг билээ. Ийм түүхүүд олон боловч тэдний хойдын төрлүүдийг тодруулж, дэс дараалан дурдах ёс Энэтхэгт байгаагүй юм.

Хойд төрөл тодруулах Төвөдийн ёс

Бурхны шашин дэлгэрэхээс өмнө Төвөдийн уугуул Бон уламжлалд урьдын болон хойдын төрлүүдийг байдаг гэж үздэг байжээ. Харин бурхны шашин Төвөдөд тархсанаас хойш бараг бүх төвөд хүн урьд, хойд төрлүүдэд итгэх болсон юм. Бурхны шашны олон багш, лам нарын хойдын дүрийг тодруулах эрэл хайгуулыг явуулах мөн тэдэнд чин сүсгээр залбирах заншил Төвөд даяар түгэн хэвшив. Олон эх судар мөн Төвөд судрууд болох “Мани Гавум”, “Таван зүйл Гаадангийн сургаал”, “Гаадангийн шавь нарын гарын авлага” мөн II зууны Төвөдөд хосгүй гайхамшигт Энэтхэгийн их багш Дивангара Атишагийн тайлбарлан номлосон “Эрдэнийн эрхис: Эргэлзээг тайлсан судар” (Jewel Garland: Responses to Queries) зэрэгт нигүүлсэхүйн их Бодьсадва хутагт Жанрайсигийн хойд дүрүүдийн тухай олонтоо өгүүлсэн байдаг. Гэхдээ их багш нарын хойд дүрийг албан ёсоор тодруулах одоогийн уламжлал нь XIII зууны эхэн үед Гармава Дүсүм Чэнвогийн зөгнөсний дагуу шавь нар нь Гармава багшийг түүний хойд дүрээр тодруулснаар анх эхэлсэн юм. Тэр цагаас хойш 900 гаруй жилийн хугацаанд Гармавын 17 хойд дүр тодорсон байна. Үүнтэй нэгэн адил XV зуунд Хандо Чойжи Донмэгийн хойд дүрээр Гунга Санмог тодруулснаас хойш Самдан Дорж Пагмогийн 10 гаруй дүр тодорчээ. Иймээс Төвөдөд хүлээн зөвшөөрөгдсөн хувилгаадын дотор лам хувраг, хар хүний дүрээр тантрыг дадуулагчид мөн эрэгтэй, эмэгтэй олон янзын хүн байна. Ийнхүү хойд дүрийг тодруулах систем нь Төвөдийн бусад бурхны шашны уламжлалуудад болон Бон урсгалд аажмаар түгэн тархжээ. Өнөөдөр Сажава, Гэлүгва, Гаржүдва, Ньянмава зэрэг Төвөдийн бурхны шашны бүх уламжлал хийгээд Жонан, Бодонд албан ёсоор тодорч, бурхны ном сургаалыг үзэж, судалж, айлдаж буй хутагт хувилгаад бий. Бас эдгээр хойд дүрийн дунд олонд шившиг болсон хүмүүс ч мэр сэр байдаг нь үнэн юм.

Жэ Зонхавын гарын шавь, бүхнийг айлдагч Гэндэндүв Зан мужид Дашилхүнбэ хийдийг байгуулж, тэндээ шавь нараа суурьшуулан, ном сургаалаа айлдаж байв. Тэрээр 1474 онд 84 насандаа таалал төгссөн юм. Хэдийгээр эхэндээ түүний хойд дүрийг тодруулах оролдлого хийгээгүй ч Зан нутгийн Данагт (1476) мэндэлсэн Санжэ Чойпэл хэмээх хүү өөрийн урьдын төрлийн машид гайхалтай дурсамжуудыг алдаа эндэгдэлгүй хэлж байсан учраас хүмүүс түүнийг хойд дүрээр нь хүлээн зөвшөөрөхөөс аргагүй болсон байна. Тэр цагаас хойш Далай ламын хойд дүрүүдийг Гандан Повран Лавран, хожим нь Гандан Поврангийн ажлын албанаас эрэн хайж, тодруулах уламжлал эхэлсэн билээ.

Хойд дүрүүдийг тодруулах арга хэлбэрүүд

Хойд дүрийг тодруулах систем бий болсны дараа үүнийг хэрэгжүүлэх янз бүрийн арга хэлбэр бий болж, хөгжиж ирсэн байна. Эдгээрээс хамгийн чухал нь өмнөх дүрээс зөгнөж үлдээсэн захидал, тэмдэглэл мөн үлдээсэн заавар, илэрч болох шинж тэмдгүүд; хойд дүр нь өмнөх амьдралаа эндүүрэлгүйгээр дурсах, тэр тухайгаа ярих; өмнөх дүрд хамаарах эд зүйлсийг болон ойр дотно байсан хүмүүсийг нь таних зэрэг орно.

Үүнээс гадна нэмэлт аргууд нь гэвэл хуурмаггүй дээдэс багш нарын мэргэ төлгийг шинжих, транст орсон дамжуулагчийн тусламжтайгаар номын сахиуснуудын буултыг тайлан тайлбарлах мөн Лхасын өмнөд хэсэгт оршдог Лхамой Лацо нуур зэрэг ариун дагшин газруудын савдгуудын үзүүлэх тэмдэг үзэгдлүүдийг ажиглах зэрэг байна.

Хэрэв хойд дүрээр нэгээс дээш хүн тодорч, шийдвэр гаргахад хүндрэл учирвал үнэний хүчийг дуудан, ариун шүтээний өмнө зуурсан гурилан бөмбөгийг (зэн даг) ашиглан мэргэ татаж, эцсийн шийдвэр гаргах заншил бас бий.

Өмнөх дүр таалал барихаас өмнө тодрох хувилгаан дүр (масад брүлгү)

Ерөнхийдөө хойд дүр тодорно гэдэг нь өмнөх дүр нь нас нөгчсөнөөр хүний төрлийг дахин олж төрөхийг хэлж байгаа юм. Эгэл жирийн амьтад нас барахаасаа өмнө хувилгаан дүрийг (масад брүлгү) түгээнэ гэж үгүй боловч олон зуу, мянган лагшингаар нэгэн зэрэг хувилж чаддаг дээд газрын Бодьсадва нар таалал нөгчөөгүй үедээ ч хувилгаан дүрийг түгээх чадвартай байна. Хойд төрлүүдийг тодруулах Төвөдийн системд өмнөх дүртэйгээ ижил ухамсрын үргэлжлэл болж тодорсон хувилгаад, үйлийн үр, залбирал ерөөлийн хүчээр бусадтай холбогдож тодорсон хувилгаад мөн адислалын дагуу үүрэг хүлээж тодорсон хувилгаад ч бий.

Хойд дүрийг тодруулахын гол зорилго нь өмнөх төрлийнхөө дээдийн номын болон амьтдад туслах дуусаагүй үйл хэргийг үргэлжлүүлэх явдал юм. Аль нэг хойд дүрийн ухамсрын үргэлжлэл болж тодорч байгаагүй эгэл жирийн тодорхой нэг ламын хувьд тэр ламтай цэвэр ариун үйлийн үр, ерөөл залбирлаар холбогдсон хэн нэгэн түүний хувилгаан дүрээр тодорч болно. Эсвэл тухайн лам өөрөө шавь нараасаа эсвэл залуу хэн нэгнийг өөрийн хувилгаанаар сонгох боломжтой. Эгэл жирийн хүмүүсийн хувьд ийм сонголтууд байгаа учраас ухамсрын ижил үргэлжлэлийн бус хувилгаан дүр өмнөх дүр таалал төгсөхөөс өмнө тодрох мэдээж боломжтой. Мөн зарим тохиолдолд нэг том лам лагшин, зарлиг, таалал тус тусын хойд дүрүүдтэй ч байх нь бий. Саяхан гэхэд өмнөх дүрүүд нь таалал нөгчихөөс өмнө тодорсон Дүйжом Жигврал Ишэ Дорж, Чойжад Тичэн Агваан Чинрав зэрэг алдартай хувилгаад гарсан билээ.

Алтан бумба ашиглах нь...

Цөвүүн цаг улам түгж, том лам нарын хойд дүрийг улам олноор тодруулах болсон цаг үед зохисгүй бөгөөд эргэлзээтэй арга замаар, зарим нэгийг нь бүр улс төрийн зорилготойгоор тодруулах нь ихэссэнээр бурхны шашинд маш ноцтой хор хохирол учруулсан билээ.

Төвөд, Гүркийн хаант улсын хоорондын мөргөлдөөний үеэр (1791-1793) Төвөдийн Засгийн Газар Манж гүрний цэргийн дэмжлэгийг авах шаардлагатай болсон юм. Үүний үр дүнд Гүркийн цэргүүдийг Төвөдөөс түрэн гаргасан боловч дараа нь Манжийн түшмэд Төвөдийн Засгийн газрын үйл ажиллагааг илүү үр дүнтэй болгох нэрийн дор 29 зүйл бүхий саналыг хүргүүлжээ. Энэхүү саналд Далай лам, Банчин лам мөн том лам нарт олгодог Монгол цол болох хутагтуудын хойд дүрийг тодруулахдаа Алтан бумбаас сугалдаг байх журмыг багтаасан бөгөөд улмаар үүнийг зарим Далай лам, Банчин лам болон бусад томоохон лам нарын хойд дүрийг тодруулахад дагаж мөрдсөн ба зан үйлүүдийг нь VIII Далай лам Жамбалжамц бичсэн байдаг. Гэхдээ ийм тогтолцоо нэвтрүүлсний дараа ч IX, XIII болон миний бие XIV Далай ламыг сонгоход уг журмыг огт хэрэглээгүй юм.

Бүр X Далай ламын хувьд ч жинхэнэ хойд дүрийг нь аль эрт тодруулсан байсан учраас энэ журмыг үнэн хэрэгтээ дагаж мөрдөөгүй ч манжийн түшмэдийн сэтгэлийг тайвшруулах үүднээс журмыг баримталсан мэтээр зарласан түүхтэй.

Алтан бумбын системийг XI, XII Далай лам нарын тохиолдолд л ашигласан ба XII Далай лам журмыг хэрэглэж эхлэхээс өмнө аль хэдийн тодорчихсон байсан учраас Далай ламыг дээрх аргаар ганцхан удаа л сонгосон байна. Үүний адилаар VIII, IX дүрүүдээс бусад Банчин ламын хойд дүрүүдийг тодруулахад журмыг хэрэглээгүй ажээ. Манж нарын тулгасан энэхүү системд шашны агуулга чанар үгүй байсан тул Төвөдийн ард иргэдийн итгэлийг хүлээгээгүй юм. Гэхдээ хэрэв энэ аргыг зохистойгоор ашиглана гэж үзвэл бид зуурсан гурилан бөмбөлгөөр (зэн даг) мэргэлэх аргатай төстэйгөөр хэрэглэх боломжтой.

1880 онд XIII Далай ламыг XII Далай ламын хойд дүрээр тодруулах үед Төвөд, Манж гүрний хоорондох Шашны тэргүүн, Ивээгч эзэн ноёны харилцааны ул мөр хэвээр байсан хэдий ч VIII Банчин лам, Найчүн болон Самъяа сахиуснуудын таамаг мөн Лхамой Лхацо нууранд үзэгдсэн үзэгдлүүд дээр суурилж эргэлзээгүй хойд дүр нь мөн болохыг хүлээн зөвшөөрсөн тул Алтан бумбын журмыг дагаагүй байна. Үүнийг ХIII Далай ламын Усан бич жилийн (1933) сүүлийн гэрээслэлээс тодорхой харж болно. Тэрээр,

“Та бүхэн мэдэж байгаачлан намайг алтан бумбын аргаар тодруулаагүй бөгөөд урьдаас зөгнөсний дагуу мөн дээд шинж тэмдгүүдийн тусламжтайгаар сонгосон билээ. Эдгээр шинж тэмдгүүд хийгээд урьдач зөн билгүүдийн дагуу намайг хойд дүрээр хүлээн зөвшөөрч, Далай ламын ширээнд залсан билээ” хэмээн айлджээ.

1939 онд намайг ХIV Далай ламын хойд дүрээр тодруулах үед Төвөд, Хятадын хоорондох Шашны тэргүүн, Ивээгч эзэн ноёны харилцаа аль хэдийн дуусгавар болсон байв. Иймээс хойд дүрийг Алтан бумбын журмаар батлах шаардлага огт байгаагүй болно. Тухайн үеийн Төвөдийн захирагч Төвөдийн Үндэсний чуулгантай хамтран, дээд лам нарын зөгнөл, сахиуснуудын буулт, Лхамой Лхацо нуурын үзэгдлүүдийг харгалзан, хойд дүрийг тодруулсан ба хятадууд үүнд огт оролцоогүй юм. Гэсэн ч Гоминданы зарим түшмэд сүүлд алтан бумба хэрэглэхгүй байхыг зөвшөөрч, намайг ширээнд залах ёслолыг Ву Чун Цин тэргүүлэн оролцсон гэдэг худал мэдээг сонин хэвлэлээр зориудаар тараасан байдаг. Энэ түүхийн худал гэдгийг БНХАУ-аас хамгийн нээлттэй, дэвшилттэй хүн гэж үздэг байсан Бүх Ардын Түмний Үндэсний Хурлын Байнгын Хорооны дэд дарга Агбо Агваан Жигмэд Төвөдийн Автономит Бүсийн V Ардын Их Хурлын II Чуулган (1989 оны 7 дугаар сарын 31) дээр илчлэн ил гаргасан билээ. Тэрээр үйл явдлыг нарийвчлан тайлбарлаж, баримт бичгийн нотолгоог үзүүлсний дараа үгийнхээ төгсгөлийг “Коммунист нам Гоминданы худал хуурмагийг үргэлжлүүлэн дагах ямар учир шалтгаан байна вэ?” гэсэн шаардлагаар дуусгасан байдаг.

Хууран мэхлэх стратеги ба хуурамч итгэл найдвар

Саяхныг хүртэл хөрөнгө чинээтэй зарим лам нарын удирдлага доорх хариуцлагагүй албан тушаалтнуудаас зохисгүй арга замаар хойд дүрүүдийг тодруулсан тохиолдлууд гарсан нь бурхны шашин, хуврагын чуулган ба бидний нийгэмд ноцтой хор хохирол учруулсан үйлдлүүд байлаа. Түүнчлэн Манжийн үеэс хойш Хятадын улс төрийн эрх баригчид Төвөд, Монголын хэрэгт хутгалдан, өөрсдийн улс төрийн зорилгоо биелүүлэхийн тулд бурхны шашин, ихэс дээдэс багш нар, хувилгаан дүрүүдийг ашиглах замаар дахин дахин хууран мэхлэх үйлдлүүдийг гаргаж ирсэн юм. Өнөөдөр шашныг үгүйсгэгч Коммунист үзлийг дагадаг БНХАУ-ын авторитар дэглэмийн удирдагчид шашны хэрэгт оролцсоор, улмаар “Дахин сурган хүмүүжүүлэх” компанит ажил өрнүүлэхийн зэрэгцээ хойд дүрүүдийг тодруулах ба хянах зорилготой "Тавдугаар тушаал" хэмээгч зүйлийг тулгаж, 2007 оны 9 дүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн нь жигшүүртэй бөгөөд ичгүүр сонжуургүй явдал мөн. Бидний төвөдийн өвөрмөц соёл уламжлалыг устгах зорилгоор хойд дүрийг тодруулах олон төрлийн зохисгүй аргуудыг хүчээр тулгаж байгаа нь эргээд засаж залруулахад хэцүү хор хохирлыг учруулж байна.

Үүгээр ч зогсохгүй тэд миний үхлийг хүлээж, өөрсдийн сонгосон ХV Далай ламыг тодруулах зорилготой байгаа. Эдгээр эрх баригчдын гаргасан сүүлийн үеийн дүрэм журам болон ар араас нь хийсэн мэдэгдлүүдээс харахад тэд Төвөдийн ард түмэн, Төвөдийн бурхны шашныг дагадаг сүсэгтэн олон, дэлхий нийтийг хууран мэхлэх нарийн стратеги боловсруулсан нь тодорхой харагдаж байна. Иймд би бурхны шашин хийгээд хамаг амьтдын тусын тулд мөн ийм хор хөнөөлтэй хуйвалдааныг зогсоох үүрэг хариуцлагатайн хувьд дараах мэдэгдлийг хийж байна.

Далай ламын дараагийн хойд дүр

Өмнө дурдсанчлан хойд дүр тодрох үзэгдэл нь тухайн хамаатай хүний сайн дурын сонголтоор эсвэл наад зах нь түүний үйлийн үр, буян, залбирал ерөөлийн хүчээр тохиох ёстой. Тиймээс хойд дүрээ тодруулах тэр хүн л зөвхөн хаана, хэрхэн дахин төрөл авах мөн тэрхүү төрлийг хэрхэн хүлээн зөвшөөрөх тухай шийдэх цорын ганц хууль ёсны эрх мэдэлтэй байна. Өөр хэн ч тухайн хүнийг албадах эсвэл түүнд нөлөөлөх боломжгүй нь бодит үнэн юм. Ялангуяа урьд, хойд төрлүүдийг үгүйсгэдэг, тэр тусмаа хойд төрлийг авсан хувилгаадын тухай үзэл онолыг огтоос хүлээн зөвшөөрдөггүй хятадын коммунистууд хойд дүр тодруулах систем, түүн дотроо ялангуяа Далай лам, Банчин ламын хойд дүрүүдийг тодруулах үйл явцад хөндлөнгөөс оролцох нь машид зохисгүй билээ. Ийм эрээ цээргүй, цагаандаа гарсан оролцоо нь тэдний өөрсдийн улс төрийн үзэл сурталтай зөрчилдөж, хэрхэн давхар стандарт баримталдгийг илчлэх болно. Хэрэв ийм нөхцөл байдал ирээдүйд үргэлжилбэл Төвөдийн ард түмэн, Төвөдийн бурхны шашны уламжлалыг дагагчид үүнийг зүгээр хараад суух, хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Би ерэн нас хүрэх үедээ цаашид Далай ламын институцийг үргэлжлүүлэх эсэх асуудлыг Төвөдийн бурхны шашны тэргүүн лам нар, Төвөдийн ард иргэд, Төвөдийн бурхны шашныг дагагч бусад холбогдох хүмүүстэй зөвлөлдөж, дахин үнэлсний үндсэн дээр шийдвэрлэх болно. Хэрэв Далай ламын хувилгаан дүрийг цааш үргэлжлүүлж, ХV Далай ламыг тодруулах шаардлагатай гэж шийдвэл үүнийг хэрэгжүүлэх гол үүрэг хариуцлагыг Далай ламын Гандан Повран сангийн холбогдох ажилтнуудад хүлээнэ. Тэд Төвөдийн бурхны шашны бусад уламжлалын тэргүүд ба Далай ламын залгамжлагчидтай салшгүй холбоотой, тангаргаар барилдсан шашныг хамгаалагч сахиуснуудтай зөвшиж, тэдний өгсөн зөвлөмж, чиглэлийн дагуу хайх, тодруулах үйл явцыг өмнөх уламжлалыг баримтлан гүйцэтгэх ёстой юм. Би энэ талаар тодорхой бичгэн зааварчилгаа үлдээх болно. Ийм хууль ёсны аргаар тодруулсан хойд дүрээс өөр аливаа талуудын улс төрийн зорилгоор сонгосон нэр дэвшигчид, тэр тусмаа БНХАУ-ын оролцоотой сонголтыг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг сайтар ойлгогтун.

Далай лам

Дарамсала, 2011 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр


Орчуулсан Г.Лутаа 

Энэ хэсэгт

  • Хойд дүр тодруулах ёс
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар /2011 оны 03 дугаар сарын 19/
  • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн илгээлт
  • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт