Дэлхий нийтийн хүний эрхийн тунхаг бичгийг боловсруулан баталсны 50 жилийн ойг дэлхийн хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэх тухай сонсоод урам зориг минь машид сэргэлээ. Үүний зэрэгцээ эгэл ард, олон нийт өөрсдийн эрхээ мэддэг байх үүднээс НҮБ-ын Хүний Эрхийн Дээд Зөвлөлийн ажлын албанаас энэхүү тунхаг бичгийг дэлхий даяар үзэж судлах, түгээн дэлгэрүүлэх ажлыг дэмжин урамшуулж байгаад ихэд баяртай байна.
Хүний эрх бол бүх нийтийн эрх ашиг, сонирхол бөгөөд хүн төрөлхтний төрөлх мөн чанарт эрх чөлөө, эрх тэгш байдал, хайр хүндлэлийг хүртэх чин хүсэл оршдогийн зэрэгцээ үүнийг хүн бүр олж авах, бүтээх эрхтэй. Үүнийг хүссэн, хүсээгүй эсэхээс үл хамаараад бид бүгдээрээ энэ дэлхийд хүн төрөлхтөн гэдэг нэгэн гэр бүлд мэндэлсэн билээ. Баян ядуу, боловсролтой боловсролгүй, нэг эсвэл өөр үндэстэнд харьялагддаг, ялгаатай шашин соёлтой, эсвэл ялгаатай үзэл санааг дагадаг эсэхээс үл хамааран эцэстээ бид бүгдээр яг л адил хүн төрөлхийтөн. Хүн бүр жаргалыг хүсэж, зовлонг үл хүсдгээрээ ижил билээ.
Дэлхий нийтийн хүний эрхийн тунхаг бичигт тусгасан хүний эрхийн стандарт нь зөвхөн барууны орнуудад тохирсон, харин соёл, нийгэм, эдийн засгийн хөгжлийн ялгаануудаас шалтгаалаад Ази болоод гуравдагч хөрш оронд хэрэглэх боломжгүй гэж зарим улсын засгийн газар мэдэгдсэн байдаг. Би үүнтэй огтхон ч санал нийлэхгүй бас ихэнх эгэл ард үүнийг дэмжихгүй гэдэгт итгэлтэй байна. Дэлхий нийтийн хүний эрхийн тунхаг бичигт тусгасан зарчмууд нь бүх хүн, бүх улс, бүх засгийн газар дагах үүрэгтэй суурь, жам ёсны хуулиудыг тусгажээ.
Төвөд болоод өөр бусад оронд хүний эрх зөрчигдөж байгаад дэлхий нийтээр санаа тавьж, анхаарал хандуулж байгаад сэтгэл хангалуун байна. Дэлхий даяар хүмүүс хүний эрх хэчнээн чухал бас үнэ цэнтэй болохыг ойлгож мэдэх болжээ. Энэ нь хүн төрөлхтний өсөл дэвшлийг илтгэж байгаагаас гадна үүний ачаар зовж зүдэрсэн олон хүн тусламж авах боломж нээгдэнэ. Хүний эрхийн зөрчилд анхаарлаа хандуулан, хүний эрхийг хамгаалахад хүчин зүтгэл гаргаж байгаа нь энэ цаг үеийнхэн болоод ирээдүй үеийнхэнд машид их үр өгөөжийг өгнө гэдэг бодол өөрийн эрхгүй төрсөн билээ.
ХХI зуун хүртэлх богинохон энэ хугацаанд дэлхий минь хурдацтайгаар нэгэн гэр бүл болж байгааг бид харж байна. Шинжлэх ухаан, технологийн салбарын гайхамшигтай ололт амжилтуудын ачаар мэдээллийг агшин зуурт хуваалцах болсноор бид бие биетэйгээ урьд хожид байгаагүйгээр ойртжээ. Бас энэ гараг дээрх бидний оршихуйн уг үндэст шууд сөргөөр нөлөөлж буй хүн амын хэт өсөлт, байгалийн баялаг, эх үүсвэрийн хомсдол мөн хүрээлэн буй орчны хямрал зэрэг асуудлууд ч биднийг нэгтгэх боллоо. Хүний эрх, байгаль орчны хамгаалал, нийгэм, эдийн засгийн эрх тэгш байдал зэрэг нь хоорондоо уялдан, шүтэн барилджээ. Энэ бүх асуудлын угт бүх нийтийн хариуцлагыг ухамсарлах нь хүн төрөлхтний амьд үлдэх, цааш хөгжин дэвшихийн гол хүчин зүйл гэдэгт би гүнээ итгэдэг. Бас нийтийн хариуцлага нь дэлхийн энх тайван, хүний эрхийг хөхиүлэн дэмжих үйл хэрэг мөн хүмүүсийн зөрчилдөөнийг шийдвэрлэхэд хүч үл хэрэглэх, яриа хэлэлцээр асуудлыг шийддэг улс төрийн соёлыг хэвшүүлэхийн хамгийн шилдэг тулгуур үндэс мөн.
Төгсгөлд нь энэхүү боломжийг ашиглаад би дэлхийн өнцөг булан бүрийн хүний эрхийг хамгаалагчдын үйл хэрэгт гайхан биширдгээ илэрхийлээд, тэдэнд тусгайлан гүн хүндэтгэлээ өргөмөөр байна. Энэ хүмүүс хүний эрхийн зөрчлүүдийг баримтжуулан буулгаж, эдгээрийг арилгахын тулд хичээнгүйлэн ажиллах замаар хүмүүсийн сайн сайханд жинхэнэ ялгааг бий болгож, хувь нэмрээ оруулж байгаа билээ. Хүний эрхийг хамгаалах идэвхтэй үйл ажиллагааг би оюун санааны тодорхой дадуулга, бясалгал хэмээн хардаг. Үндэс угсаа, шашин соёл, язгуур, үзэл санааныхаа төлөө системтэйгээр ялгаварлан гадуурхагдаж, шийтгэгдсэн хүмүүсийг өмгөөлөн хамгаалснаар та бүгд хүн төрөлхтөн хэмээх нэгэн гэр бүлээ энх амгалан, шударга ёс, хайр хүндлэлд замчлан чиглүүлэхэд бодитой хувь нэмрээ оруулж байгаа юм шүү.
1998 оны 12 дугаар сарын 7
Дарамсала
2001 оны 9 дүгээр сарын 11-нд АНУ-д болсон террорист халдлагын дараа Дээрхийн гэгээн Далай ламын уялдаат зарим айлдвар
Хүч үл хэрэглэх нь хүмүүсийн зөрчилдөөнийг шийдэх хамгийн тохиромжтой бөгөөд үр дүнтэй арга билээ.
9 дүгээр сарын 11-нд болсон Дэлхийн худалдааны төв, Пентагон руу чиглэсэн халдлага нь сэтгэл сэрдхийлгэсэн тун харамсалтай явдал болсон билээ. Ийм аймшигт устган сөнөөх үйл нь үзэн ядах сэтгэлээс угтай бөгөөд энэ мэт хөнөөлт, хорт сэтгэлээс л хүчирхийлэл бий болдог аж. Хүн өөрийн оюун ухаанаа үзэн ядах сэтгэл гэх мэт ийм сөрөг сэтгэлд эзэмдүүлвэл үр дагавар нь ямархан аюул гамшигт байж болохыг энэ үйл явдал харуулж байна.
Хариу арга хэмжээ авах нь...
Ийм халдлагад ямар хариу үйлдэл үзүүлэх вэ гэдэг нь маш хэцүү асуулт аж. Мэдээж энэ асуудлуудтай шууд тулж, шийдэж байгаа хүмүүс илүү сайн мэдэх байх. Гэхдээ тал талаас нь сайн авч үзэн, хүчирхийллийн ийм үйлдлийн эсрэг хүчирхийллийн бус зарчмыг баримтлан хэрэгжүүлэх нь хамгийн зөв зохимжтой гэж хувьдаа үздэг юм. Энэ бол маш чухал ойлголт. АНУ-д халдан довтолсон нь цочирдмоор хэрэг боловч хариу болгон дайн хийх нь урт хугацаандаа сайн шийдэл байж чадахгүй гэж бодож байна. Угтаа бол терроризмыг зөвхөн хүч үл хэрэглэх арга л тогтоон барьж чадна. Хүн төрөлхтний нийгмийн асуудлыг хүнлэг арга замаар шийдэх ёстой бөгөөд хүч үл хэрэглэх ёс нь үүнд тохирох хамгийн сайн арга билээ.
Би ийм зүйлийн мэргэжилтэн биш боловч асуудлыг тайван оюунаар хэлэлцэж, хүч үл хэрэглэх зарчмыг баримтлан, дэлхийн урт хугацааны аюулгүй байдлыг гол анхаарал болгон авч үзвэл олон ялгаатай шийдлийг олох боломжтой гэдэгт итгэж байна. Мэдээж тодорхой зарим нөхцөлд хүчилсэн, дарамт шахалт үзүүлэх хандлагыг баримтлах шаардлага гарах нь ойлгомжтой билээ.
Терроризмыг хүч хэрэглэн дарах боломжгүй бөгөөд энэ арга ч цаад гүнд нь байгаа нарийн төвөгт асуудлуудыг олж, шийдэж чадахгүй юм. Үнэнийг хэлэхэд хүч хэрэглэх нь асуудлыг шийдэж чадахгүйгээр үл барам харин ч бүр улам дэвэргэж, устгал сүйтгэл, зовлон шаналал л бий болгох талтай. Хүн хоорондын зөрчилдөөнийг энэрэл нигүүлслээр л шийдэх ёстой агаад хамгийн чухал нь хүч үл хэрэглэх нөхцөл юм.
АНУ хариу болгон цэрэг зэвсгийн хүчийг ашиглах нь зарим сэтгэл ханамжийг бас богино хугацааны үр дүнг өгч болох ч терроризмын суурь асуудлыг уг үндсээр нь тасалж үл чадна. Үүний оронд урт хугацааг бодолцсон арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай. АНУ терроризмыг төрүүлэн тэтгэж буй хүчин зүйлсийг шинжлэн тодорхойлох нь зүйтэй. Би ерөнхийлөгч Бушт захидал илгээн, 9 дүгээр сарын 11-ний халдлагын хариу болгон өшөө хонзонгийн харгис хатуу үйлдэл хийлгүй, өөрийгөө хянан хязгаарлахыг хүссэн юм. Эмгэнэлээ илэрхийлэхийн ялдамд хүчирхийллийн эсрэг илүү их хүчирхийлэл хэрэглэх нь шийдэл биш болохыг онцлон, бүх зүйл тайван, хэвийн байгаа үед хүч үл хэрэглэх тухай яриа нь тийм ч уялдаатай байж чадахгүйг сануулмаар байна. Харин нөхцөл байдал ихэд хүнд хэцүү болж, яаралтай, чухал алхам шаардагдах чухам тэр үед л бид хүч үл хэрэглэх тухай бодож, үйл хэргээ үүний дагуу чиглүүлэх ёстой.
Зарим нөхцөлд дэлхий дээрх тодорхой зөрчил мөргөлдөөнийг шийдэхэд бие хүн эсвэл төрийн бус байгууллагуудыг ашиглах нь үр дүнтэй байж болох юм. Саяхан хийсэн айлчлалынхаа үеэрээ Европын парламентын зарим гишүүнтэй уулзахдаа дэлхийн энх тайвны асуудалд санаа тавьсан зарим нөлөө бүхий хүн, холбогдох төрийн бус байгууллагуудыг оролцуулан терроризмын асуудлыг хэрхэн шийдэж, зогсоох тухай хэлэлцүүлгийг Европын парламентын ивээл дор зохион байгуулах санал тавьсан юм. Яагаад терроризмын арга замыг сонгосон эсвэл хөхиүлэн дэмжиж байгаа шалтгаануудыг нь сайтар мэдэх үүднээс бид энэ уулзалтдаа террорист эсвэл үүнийг дэмждэг хэмээгддэг хүмүүсийг оролцуулбал илүү үр дүнтэй болох байх. Магадгүй тэдний зарим нэг гомдол санал хүчинтэй, зөвтгөх талтай байж болох юм. Хэрэв тийм бол бид мэдээж эдгээрийг шийдэж өгөх талаас нь авч үзнэ. Харин учир шалтгаан, үндэслэл үгүй нөхцөлийн хувьд үл ойлголцол, уг үндэсгүй хардлага сэрдлэг төрүүлж буй хүчин зүйлсийг арилгах үүднээс тухайн нөхцөлүүдийг машид тодорхой болгож ярилцах хэрэгтэй юм.
Хүмүүс хоорондын зөрчилдөөн гэнэт өөрөө гарч ирэхгүй билээ. Энэ нь өөрийн уг учир шалтгаан, нөхцөлтэй бөгөөд дийлэнхийг нь оролцогч талууд хянах, зохицуулах боломжтой байдаг. Энд л удирдагч, манлайлагчийн үүрэг чухал. Арга хэмжээг хэзээ хэрэгжүүлж, өөрсдийгөө хэзээ хянаж хязгаарлах нь удирдагчдын шийдвэр, хариуцлага юм. Зөрчил тэмцлийн үед нөхцөл байдал хяналтаас гарахаас өмнө өөрсдийгөө хязгаарлаж, хорьж сурах нь машид чухал. Хүнд, ноцтой хүчирхийлэл бүхий мөргөлдөөнд хүргэх шалтгаан нөхцөлүүд нэгэнтээ бүрдсэн тохиолдолд эргэн энх тайвныг тогтоох нь машид хэцүү болно. Хүчирхийллээс хүчирхийлэл л төрөх жамтай. Хэрэв бид зөнгөөрөө бидний зүг үйлдсэн хүчирхийллийн эсрэг хүчирхийллээр хариу үзүүлбэл эсрэг тэмцэж буй нөгөө тал өөрсдийн хүчирхийллийг улам зөвтгөж, цаашид үргэлжлүүлэхээс өөр ямар үр дагавар хүлээх вэ? Ингэж л хүч хэрэглэн сүйтгэн сөнөөх үйл улам дэвэрдэг. Сэргийлэн зогсоох, хянан хязгаарлах арга хэмжээг аль болох эртлэн авч хэрэгжүүлэх шаардлагатай тул удирдагчид нь сонор соргог, алсыг харсан бас шийдмэг байх ёстой билээ.
Хүн бүр амар амгалан амьдрахыг хүсдэг ч үүнийг яаж, хэрхэн бий болгох талаар дийлэнхдээ машид төөрөлдсөн үзэл бодолтой байдаг. Махатма Ганди хүчирхийллээс зөвхөн хүчирхийлэл гардаг учраас бид үнэхээр л энх тайвныг тогтоохыг хүсэж байгаа бол тайван амгалан, хүч үл хэрэглэх арга замаар үүнд хүрэхийг эрэлхийлэх ёстой гэж хэлсэн байдаг. Хүч хэрэглэх нь машид шийдмэг хариу мэт харагддаг учраас бид ийм үйлдэл хийхийг хүсдэг. Тэгэхдээ ийм арга хэмжээ нь хамгийн сүүлийн шийдэл байх ёстой. Нэмээд хэлэхэд хүч хэрэглэх нь таамаглах боломжгүй үр дагавруудад хүргэнэ. Эхлээд тодорхой, хязгаарлагдмал хэмжээнд хүч хэрэглэхийг хүссэн байж болох ч дараа дараагийн үр дагавар нь тооцоолоогүй нөхцөл байдлыг бий болгодог. Ерөнхийлөөд хэлбэл өнөө цагт хүч хэрэглэх нь машид буруу арга. Хүмүүн төрөлхтөн бид илүү алсыг харсан, илүү цогц, уялдаатай арга замыг хэрэглэдэг байсан бол тулгарч буй олон асуудлыг харьцангуй түргэн шийдэж чадах байлаа.
Бид ирээдүйн гай гамшгийг хүчирхийллийн бус аргаар шийдэхийн тулд илүү өргөн цар хүрээнд харж, рациональ, учир шалтгаанд суурилан бодож, сэтгэн ажиллах шаардлагатай байна. Энэ асуудлууд нь зөвхөн нэг улсад бус бүх хүн төрөлхийтөнд хамаатай билээ. Бид хүч үл хэрэглэх зарчмыг бүхий л төрөл хэлбэрийн терроризмыг хянах урт хугацааны шийдэл болгон ашиглах арга замыг эрэлхийлэх ёстой. Үүний тулд бидэнд сайн бодож боловсруулсан, уялдаа холбоо бүхий урт хугацааны стратеги хэрэгтэй болно. Хоорондын ялгаа, зөрчлөө яриа хэлэлцээр, харилцан буулт хийж тохиролцох, харилцан ойлголцол, хүндлэлээр шийдэх нь хамгийн зөв арга зам мөн. Жинхэнэ энх тайван бие биенээ ойлгож, хүндэлж, итгэх замаар л бий болдгийг ойлгох ёстой юм. Дээр хэлсэнчлэн хоорондын зөрчилдөөнийг хүмүүнлэг аргаар шийдэх ёстой бөгөөд хүч үл хэрэглэх зарчим нь хүмүүнлэг арга болох билээ.
Энэ сэдвийн хүрээнд хэлэхэд олдохгүй байгаа дайсны төлөө бүтэн улсыг шийтгэнэ гэдэг үр дүнгүй оролдлого юм. Бидэнтэй учраад байгаа энэ олон асуудлыг шийдэхэд илүү өргөн цар хүрээгээр харах шаардлагатай болно. Нэг талаас бид цөөн хүнийг олж тогтоогоод, зөвхөн тэдэнд л бүх бурууг тохох нь тохиромжгүй бол нөгөө талаас нэг улсыг бүхэлд нь онилох нь ч буруу. Учир нь АНУ-д 9 дүгээр сарын 11-ний өдөр гэм зэмгүй олон мянган хүн хохиорсонтой адилаар эгэл олон хохирох үр дагаварт хүргэх билээ.
Халдлага зохион байгуулсан хүмүүсийн тухайд...
9 дүгээр сарын 11-ний хүчирхийллийг үйлдсэн хүмүүс ч хүн төрөлхийтөн бидний нэг хэсэг мөн. Энэ хүмүүсийн гэр бүл, найз нөхдөд ийм зүйл тохиолдсон бол тэд ч бас зовж шаналах байсан нь тодорхой. Хүн гэдэг утгаараа тэд ийм зовлон гаслангаас ангид байхыг хүсэх байсан нь гарцаагүй билээ. Тиймээс ийм аймшигтай үйлдэл дахин давтагдахаас сэргийлэхийн тулд яагаад энэ хүмүүс терроризм үйлдэхэд хүрснийг ойлгож мэдэх шаардлагатай болно. Халдлагыг зохион байгуулсан хүмүүсийн зорилго юу байснаас үл хамаараад ийм халдлагын суурьт байсан уур хилэн, үзэн ядах хөнөөлт сэтгэл тэргүүт нь хүссэн үр дүнгээс нь чанх эсрэг үйлчилсэн гэдэгт итгэлтэй байна.
Өнөөдрийн дэлхий ертөнц урьдын цаг үеэс илтэд өөрчлөгдөж, илүү нарийн төвөнтэй болсон нь ойлгомжтой. Амьдралын олон үйл явдал нарийн сүлжилдсэн, уялдаа холбоотой болж ирсэн тул бид үүнийг ойлгоод, асуудлыг уг үндсээр нь бүрэн шийдэхийн тулд бодит байдалтай уялдсан арга хэмжээг хэрэгжүүлэх ёстой. Жишээ нь, дэлхийн эдийн засаг өсөн дэвжих тусам улс үндэстэн бүр их бага хэмжээгээр бие биеэсээ хамааралтай шүтэлцэн орших боллоо. Орчин үеийн эдийн засаг байгаль, хүрээлэн буй орчны адилаар ямар нэг хил хязгаарт баригдахаа больжээ. Дайсагнан оршдог улс орнууд ч нөөц баялгаа ашиглахдаа хамтран ажиллах шаардлагатай болж. Тухайлбал ийм хөрш орнууд нь нэг гол мөрнөөр дамжин харилцан хамаардаг байх жишээтэй. Тиймээс бидний эдийн засгийн харилцан хамаарал өсөн нэмэгдэх тусам улс төрийн харилцан хамаарал ч өсөн нэмэгдэх нь гарцаагүй юм.
Бид хүн төрөлхтний нэг томоохон хэсгийг үгүйсгэснээр харилцан хамааралт энэ шинжийг үгүйсгээд зогсохгүй бодит нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөхгүйд хүрнэ. Орчин үеийн ертөнцөд аль нэг нийгмийн бүлгийн ашиг сонирхлыг өөрсдийнх нь хил хязгаарын хүрээнд тусад нь авч үзэх нөхцөл үгүй болжээ. Энэ бодит нөхцөл байдлыг би явсан газар бүрдээ ярьж ойлгуулахыг хүсдэг. 9 дүгээр сарын 11-ний гамшигт явдал нь дэлхийн өнцөг булан бүрд хүмүүс зорилгоос нь үл хамааран терроризмыг жигшин зэвүүцэхэд хүргэсэн учраас террористуудын хүссэн тэр үр дүн бүтэлгүйтсэн гэдгийг баттай хэлж болно.
Энэ эмгэнэлт үйл явдлаас бид юу сурч авах вэ?
Энэ гамшигт явдал бидэнд шинэ боломжийг харууллаа. Дэлхий нийтээрээ терроризмыг эсэргүүцэх, хорих хүсэл эрмэлзэл бий боллоо. Бид энэ нэгдмэл байр сууриа ашиглан урт хугацааны сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх боломжтой байна. Энэ нь аажимдаа уур хилэн, бусад хөнөөлт сэтгэлүүдэд суурилан, түргэн бөгөөд түрэмгийлэн хүч хэрэглэсэн алхмуудыг авч хэрэгжүүлснээс хамаагүй илүү үр дүнтэй байх болно. Хүчирхийллээр хариу барихыг хүсэх нь ойлгомжтой боловч болгоомжтой, анхааралтай алхам нь илүү үр өгөөжтэй байх юм.
Хүчирхийлэл бий болох уг эх үүсвэр
Олон үеийн турш үргэлжилсэн зовлон, хорсол гомдол ийм хүчирхийллийг өдөөжээ. Бурхны шашинтны хувьд үйл явдал бүрийн ард уг шалтгаан, үр дагавар буй гэдэгт би бээр ихэд итгэдэг. Энэ шалтгаануудын зарим нь шинэ байж болох ч олон арван жил, бүр зууны настай учир шалтгаанууд ч бий. Эдгээрт колончлол, өндөр хөгжилтэй улс орнуудын зүгээс байгалийн эх үүсвэр, нөөц баялгийг нь завшсан, ялгаварлан гадуурхсан бас элдэв хардлага сэрдлэг, баян ядуугийн ялгаа өсөн нэмэгдсэн зэрэг олон хүчин зүйлс багтаж болно. Бас олон зуун жилийн туршид үргэлжилсэн ядуурал, шударга бус хүчирхийлэл, дарангуйллыг үл тоомсорлосон нь терроризм төрж, өсөн нэмэгдэхийн гол хүчин зүйл болсон нь тодорхой. Энэ бүгдээс харахад АНУ-д болсон энэ цочирдом, аймшигт террорист халдлага олон хүчин зүйлийн үр дагавар гэдэг нь ойлгомжтой билээ.
Эдгээр террористууд нь хэн бэ?
Исламын террористууд гэдэг нэр хаяг өгөх нь буруу юм. Терроризмыг дэмжин сайшаадаг шашин байхгүй гэдэгт би итгэдэг. Бүх гол шашны урсгалуудын шим үндэст энэрэл нигүүлсэл, уучлал өршөөл, хувийн сахилга дэг журам, ахан дүүсийн барилдлага ба өглөг тусламж гэх мэт ойлголтууд багтана. Шашин бүрд хүний үнэт зүйлсийг бэхжүүлж, нийтийн эв зохицол, амар амгаланг бий болгон хөгжүүлэх боломж бий. Гэхдээ зарим хувь хүн өөрийн хэрэгцээндээ тохируулан шашны итгэл үнэмшлийг гуйвуулдаг нь үнэн юм. Шашны нэрийг барин өөрсдийн явцуу эрх ашгийг бүтээх гэж оролддог хүмүүс байгаа учраас үүнд тодорхой шашныг бүхэлд нь буруутгах нь алдаа болно. Сүүлийн үед шашны хуваагдал, талцал нь ихээхэн аюултай болж ирж байгаа хэдий ч орчин үеийн нийгмийн нэг онцлог шинж нь хүн бүр өөрийн итгэл үнэмшлийн дагуу эрх чөлөө гэдгийг санах ёстой. Бурханы шашин надад сайн сайхан байж болно, гэхдээ энэ шашин танд болон өөр бусад хүмүүст зохимжтой гэж би тулгаж чадахгүй.
Америкийн ард түмэнд хандах нь
Америк бол ардчилсан улс бөгөөд үнэхээр энх амгалантай, нээлттэй нийгэм учраас хувь хүмүүс өөрсдийн санаа санаачилга, боломжоо хөгжүүлэх хамгийн өргөн боломжоор хангагддаг. Энэ маш хэцүү үйл явдлын дараа Америкчууд, тэр дотроо Нью-Йорк хотын оршин суугчид бие биедээ туслан хамтаараа хүнд хэцүүг давахад бэлэн байгааг бид харлаа. Ийм хүчтэй сэтгэлийн тэнхээ, Америк хүний урам зориг, тэмүүллээ хадгалж байх нь амин чухал юм. Хүмүүс сэтгэлээ өөдрөг байлгаж, өргөн зургаар нь нөхцөл байдлыг харж, хэрхэн хариу үйлдэл үзүүлэхээ тайван тогтуун бодож тунгаана гэдэгт би найдаж байна.
Миний хувьдаа хүсэж залбирч буй зүйл бол хүн бүр сэтгэлээ тайван, тогтвортой байлгаасай гэсэн хүсэл юм. Энэ гамшигт үйлдэл нь үзэн ядах сэтгэл, явцуу үзэл, атаархал болон мөн зарим нөхцөлд олон жилийн туршид оюун сэтгэлийг мунхруулсны үр дүн билээ. Бүхэл бүтэн онгоцыг зорчигчдынх нь хамт барьцаалаад ийм аймшигтай, хөнөөлтэй үйлийг хийсэн хүмүүсийг би хувьдаа үнэхээр ойлгож чадахгүй байна. Энэ нь үнэхээр төсөөлөн бодоход ч хэцүү зүйл юм. Ямартаа ч энэ үйлдэл нь ямар нэг гэнэтийн сөрөг сэтгэл хөдлөлийн үр дүн бишээ. Үүнийг үйлдэхийн тулд удаан хугацаанд нарийн төлөвлөсөн байж таарах тул тэр тусмаа илүү аймшигтай байгаа юм. Энэ нь бидний гүнзгий оюун ухаан, бас үүгээр бүтээсэн нарийн технологиудын хамтаар хэрхэн маш аюултай үр дагавруудад хүргэж болохын бас нэг жишээ мөн. Миний суурь итгэл үнэмшил бол аз жаргал, амар амгаланг эвдсэн үйл явдлуудыг таригчид нь нисваанист хорт сэтгэлүүд юм. Эцсийн эцэст бид үнэхээр илүү амар тайван дэлхий ертөнцийг бүтээж чадах эсэхийн хариулт нь бидний сэдэл, мөн бид өөрсдөдөө ямар төрлийн сэтгэл хөдлөл ба хандлагыг дадуулан хөгжүүлж байгаа эсэхэд оршино.
Хүчирхийллийг зогсоох ёстой гэдэгтэй хүн бүр санал нийлнэ гэдэгт би итгэлтэй байна. Гэхдээ үүнийг бүрэн арилгахын тулд бид эхлээд хүчирхийлэл гэдэг зүйл нь бидэнд ямар нэг үнэ цэнтэй эсэхийг шинжлэн дүгнэх шаардлагатай. Хэрэв бид үүнийг цэвэр практик өнцгөөс нь авч үзвэл хүч хэрэглэх нь зарим нөхцөлүүдэд үнэхээр хэрэгтэй мэт санагдана. Заримдаа хүчирхийллээр асуудлыг машид түргэн шийдэх боломжтой байдаг. Гэхдээ дийлэнх тохиолдолд ийм амжилт нь бусдын эрх болон сайн сайхан байдлын золиосоор бүтэх жишээтэй байна. Эцэстээ үр дүнд нь нэг асуудлыг шийдэх боловч дараагийн асуудлын үрийг тарьдаг.
Нөгөө талдаа хэрэв хэн нэгний үзэл, үйл үйлдэл нь зөв учир шалтгаан дээр суурилсан бол заавал хүчирхийллийг хэрэглэх шаардлага байхгүй. Өөрсдийн хувиа хичээсэн зорилгоос өөр сэдэл үгүй, бас учир шалтгаан логик дээр үндэслэн зорилгоо бүтээж чадахгүй байгаа тэр хүмүүс л хүч хэрэглэхэд тулгуурладаг. Гэр бүл найз нөхдийн дунд ч маргаан гарахад логик учир утгад суурилсан хүн нь өөрийн шалтгааныг дэс дараалан тодорхой гаргаж тавьж байхад рациональ шалтгаан сулхан талууд нь уур уцаарт шилждэг билээ. Тиймээс ч уур хилэн бол хүчтэйн бус, харин сул доройн шинж юм.
Эцэстээ ер нь бол бид өөрсдийн болон маргаж буй нөгөө талын санаа сэдлийг шинжиж үзэх нь хамгийн чухал байна. Олон төрөл хэлбэрийн хүчирхийлэл, бас хүчирхийллийн бус нөхцөлүүд байдаг тул эдгээрийг зөвхөн гадаад хүчин зүйлс дээр нь суурилж ялган салгах боломжгүй юм. Хэрэв хэн нэгний сэдэл сөрөг, буруу бол үйл үйлдэл нь харагдах байдалдаа төвөггүй, зөөлөн мэт байж болох ч цаад гүн чанартаа хүчирхийлэл л байх болно. Эсрэгээрээ, хэн нэгний цаад сэдэл нь чин сэтгэлийн бөгөөд эерэг боловч орчин нөхцөл байдал нь хатуу ширүүн зан төлөв шаардаж байгаа бол уг үндэстээ тухайн хүн хүчирхийллийн бус арга замыг хэрэгжүүлж байгаа юм. Ямар ч нөхцөл, тохиолдол байсан, өөрийн төлөө бус харин зөвхөн бусдын сайн сайхны төлөө санаа тавьсан сэтгэлийн эрхээр л хүч хэрэглэхийг зөвтгөж болно гэдэгт би итгэдэг.
Орчуулсан Г.Лутаа










