Дэлхий нийтийн хүний эрхийн тунхаг бичгийг боловсруулан баталсны 50 жилийн ойг дэлхийн хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэх тухай сонсоод урам зориг минь машид сэргэлээ. Үүний зэрэгцээ эгэл ард, олон нийт өөрсдийн эрхээ мэддэг байх үүднээс НҮБ-ын Хүний Эрхийн Дээд Зөвлөлийн ажлын албанаас энэхүү тунхаг бичгийг дэлхий даяар үзэж судлах, түгээн дэлгэрүүлэх ажлыг дэмжин урамшуулж байгаад ихэд баяртай байна.
Хүний эрх бол бүх нийтийн эрх ашиг, сонирхол бөгөөд хүн төрөлхтний төрөлх мөн чанарт эрх чөлөө, эрх тэгш байдал, хайр хүндлэлийг хүртэх чин хүсэл оршдогийн зэрэгцээ үүнийг хүн бүр олж авах, бүтээх эрхтэй. Үүнийг хүссэн, хүсээгүй эсэхээс үл хамаараад бид бүгдээрээ энэ дэлхийд хүн төрөлхтөн гэдэг нэгэн гэр бүлд мэндэлсэн билээ. Баян ядуу, боловсролтой боловсролгүй, нэг эсвэл өөр үндэстэнд харьялагддаг, ялгаатай шашин соёлтой, эсвэл ялгаатай үзэл санааг дагадаг эсэхээс үл хамааран эцэстээ бид бүгдээр яг л адил хүн төрөлхийтөн. Хүн бүр жаргалыг хүсэж, зовлонг үл хүсдгээрээ ижил билээ.
Дэлхий нийтийн хүний эрхийн тунхаг бичигт тусгасан хүний эрхийн стандарт нь зөвхөн барууны орнуудад тохирсон, харин соёл, нийгэм, эдийн засгийн хөгжлийн ялгаануудаас шалтгаалаад Ази болоод гуравдагч хөрш оронд хэрэглэх боломжгүй гэж зарим улсын засгийн газар мэдэгдсэн байдаг. Би үүнтэй огтхон ч санал нийлэхгүй бас ихэнх эгэл ард үүнийг дэмжихгүй гэдэгт итгэлтэй байна. Дэлхий нийтийн хүний эрхийн тунхаг бичигт тусгасан зарчмууд нь бүх хүн, бүх улс, бүх засгийн газар дагах үүрэгтэй суурь, жам ёсны хуулиудыг тусгажээ.
Төвөд болоод өөр бусад оронд хүний эрх зөрчигдөж байгаад дэлхий нийтээр санаа тавьж, анхаарал хандуулж байгаад сэтгэл хангалуун байна. Дэлхий даяар хүмүүс хүний эрх хэчнээн чухал бас үнэ цэнтэй болохыг ойлгож мэдэх болжээ. Энэ нь хүн төрөлхтний өсөл дэвшлийг илтгэж байгаагаас гадна үүний ачаар зовж зүдэрсэн олон хүн тусламж авах боломж нээгдэнэ. Хүний эрхийн зөрчилд анхаарлаа хандуулан, хүний эрхийг хамгаалахад хүчин зүтгэл гаргаж байгаа нь энэ цаг үеийнхэн болоод ирээдүй үеийнхэнд машид их үр өгөөжийг өгнө гэдэг бодол өөрийн эрхгүй төрсөн билээ.
ХХI зуун хүртэлх богинохон энэ хугацаанд дэлхий минь хурдацтайгаар нэгэн гэр бүл болж байгааг бид харж байна. Шинжлэх ухаан, технологийн салбарын гайхамшигтай ололт амжилтуудын ачаар мэдээллийг агшин зуурт хуваалцах болсноор бид бие биетэйгээ урьд хожид байгаагүйгээр ойртжээ. Бас энэ гараг дээрх бидний оршихуйн уг үндэст шууд сөргөөр нөлөөлж буй хүн амын хэт өсөлт, байгалийн баялаг, эх үүсвэрийн хомсдол мөн хүрээлэн буй орчны хямрал зэрэг асуудлууд ч биднийг нэгтгэх боллоо. Хүний эрх, байгаль орчны хамгаалал, нийгэм, эдийн засгийн эрх тэгш байдал зэрэг нь хоорондоо уялдан, шүтэн барилджээ. Энэ бүх асуудлын угт бүх нийтийн хариуцлагыг ухамсарлах нь хүн төрөлхтний амьд үлдэх, цааш хөгжин дэвшихийн гол хүчин зүйл гэдэгт би гүнээ итгэдэг. Бас нийтийн хариуцлага нь дэлхийн энх тайван, хүний эрхийг хөхиүлэн дэмжих үйл хэрэг мөн хүмүүсийн зөрчилдөөнийг шийдвэрлэхэд хүч үл хэрэглэх, яриа хэлэлцээр асуудлыг шийддэг улс төрийн соёлыг хэвшүүлэхийн хамгийн шилдэг тулгуур үндэс мөн.
Төгсгөлд нь энэхүү боломжийг ашиглаад би дэлхийн өнцөг булан бүрийн хүний эрхийг хамгаалагчдын үйл хэрэгт гайхан биширдгээ илэрхийлээд, тэдэнд тусгайлан гүн хүндэтгэлээ өргөмөөр байна. Энэ хүмүүс хүний эрхийн зөрчлүүдийг баримтжуулан буулгаж, эдгээрийг арилгахын тулд хичээнгүйлэн ажиллах замаар хүмүүсийн сайн сайханд жинхэнэ ялгааг бий болгож, хувь нэмрээ оруулж байгаа билээ. Хүний эрхийг хамгаалах идэвхтэй үйл ажиллагааг би оюун санааны тодорхой дадуулга, бясалгал хэмээн хардаг. Үндэс угсаа, шашин соёл, язгуур, үзэл санааныхаа төлөө системтэйгээр ялгаварлан гадуурхагдаж, шийтгэгдсэн хүмүүсийг өмгөөлөн хамгаалснаар та бүгд хүн төрөлхтөн хэмээх нэгэн гэр бүлээ энх амгалан, шударга ёс, хайр хүндлэлд замчлан чиглүүлэхэд бодитой хувь нэмрээ оруулж байгаа юм шүү.
1998 оны 12 дугаар сарын 7
Дарамсала










